Дуучин, дуу хөгжмийн багш МУСТА Н.Баярнямтай ярилцлаа. Тэрбээр удахгүй анхны бие даасан тоглолтоо төрсөн нутагтаа хийх гэж буй юм.
-Таны мэргэжил дуу хөгжмийн багш. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Би Төв аймгийн Баянцогт суманд төрж, өссөн. Өмнө нь багш болно гэж бодож байгаагүй. Дуучин л болно гэж багаасаа мөрөөдөж ирсэн. Дуу хөгжмийн багшийн мэргэжлийг эзэмшихэд ээжийн том эгч нөлөө үзүүлсэн. Миний дүү багш болоод түмний олон хүүхдийг дуу хөгжмөөр хөглөж явах нь илүү утга учиртай юм шүү гэж зөвлөснөөр ээжтэйгээ хамт очиж, СУИС-д шалгалт өгсөн. Тэгээд СУИС-ийг дуу хөгжмийн багш мэргэжлээр 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш би мэргэжлээрээ тасралтгүй ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ хийгээд явж байна.
-Та багаасаа л дуулдаг хүүхэд байв уу?
-Тийм. Урлагийн хүн болох хүсэл сонирхол ихтэй. Сургуулийнхаа урлагийн үзлэг гэлтгүй сумынхаа бүхий л арга хэмжээнд оролцож, дуулдаг хүүхэд байлаа.
-Таны удамд урлагийн хүн байв уу. Дуу хөгжимд сонирхолтой болоход юу нөлөөлсөн бэ?
-Миний аав урлагийн хүн биш ч бүх хөгжмийг тоглодог, урлагийн мэдрэмж өндөртэй, урлагт элэгтэй хүн байсан. Ялангуяа баянхуур хөгжмийг сайн тоглоно. Аав минь ХХАА-н тэргүүний ажилтан, насаараа газар тариалангийн салбарт ажилласан тариаланч хүн л дээ. Өвөлдөө сумынхаа ЗДТГ-т ажиллана. Ер нь сумынхаа урлаг соёлыг авч явдаг гол хүмүүсийн нэг нь миний аав байлаа. Намайг бага байхад орой бүр банзан гитар дээр аав, ээж минь дуулаад л суудаг байсныг санадаг. Энэ нь надад дуу хөгжимтэй ойрхон явж ирэхэд их нөлөөлсөн.
-Та дуу хөгжмийн багшаараа тасралтгүй ажиллаж иржээ. Энэ талаараа дурдвал?
-СУИС-ийнхаа төгсөлтийн баяраас хоёр хоногийн дараагаас шууд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт хоёр сар ажилласан. Дараа нь Хятадад аялан тоглолтод хэд хоног оролцоод ирсэн л дээ. Дараа нь намар ч болсон, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульдаа түүхт 50 жилийн ойгоор нь багшаар орж байлаа. Улсын хэмжээнд ганцхан байдаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль л даа. Энэ жил би тус сургуульдаа 10 дахь жилдээ ажиллаж байна.
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад багшаас ихээхэн хичээл зүтгэл шаарддаг болов уу. Ялангуяа дуу хөгжмийн хичээл заана гэдэг амаргүй байх.
-Багшаас ур чадвар, маш их сэтгэл, тэвчээр шаарддаг. Хүүхдүүдтэйгээ эхлээд ойлголцоход хэцүү байсан ч аяндаа орчинд нь дохионы хэлийг сурсан. Мөн ажилдаа ороод удаагүй байхад манай сургуулийн ойн тоглолт болсон. Тэр тоглолт дээр хүүхдүүдээ дохионы хэлээр дуулахыг нь хараад нулимс урсчих гээд байсан. Би энд л энэ хүүхдүүдтэй ажиллах нь зөв юм байна гэдэг шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсандаа одоо ч баярладаг. Би дуу хөгжмийн багш мэргэжилдээ хайртай, дуртай. Энэ хүүхдүүдийнхээ буянаар МУСТА цол тэмдгийг 2021 онд авч байсан. Энэ цол тэмдгийг авснаар ажиллах урам зориг нэмэгдэж, уран бүтээлээ ч эрчимтэй хийхийг хүсэх болсон.
-Та багшийн ажлаа хийж байхдаа шантарч байв уу?
-Өөр, өөр ажлын саналууд ирж байсан ч би хүлээж аваагүй. Гэр жаахан хол, гэр бүлдээ бага цаг зарцуулах зэрэг асуудлууд байж л байдаг. Заримдаа ажил дээр элдэв асуудал үүснэ. Нулимс гармаар шантрах үе байна л даа. Энэ ажил, хүүхдүүддээ хайртай учраас тэгсхийгээд л өнгөрөөчихдөг. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ давхар хийе гэсэн бодолтой явна.
-Та лимбээс гадна ямар, ямар хөгжим тоглодог вэ?
-Дуу хөгжмийн багшаар төгсөхөд мэргэжлийн ардын хөгжим сонгон сурсан байх ёстой л доо. Би лимбийг сонгон суралцсан. Ятга, төгөлдөр хуур зэргийг тоглодог.
-Залуу хүний хувьд амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Би өөрийгөө цагийг маш сайн баримталдаг гэж боддог. Хариуцлагатай байхыг хичээдэг. Заримдаа алдаа гаргах ч үе байна л даа. Би хүний итгэлийг алдахаас л маш их айдаг. Нэг зүйл рүү чиглэсэн бол түүндээ тууштай байх ёстой л гэж боддог.
-Гэр бүлээ танилцуулж болох уу?
-Миний хувьд амьдралын эхлэл 29 дүгээр сургуультай салшгүй холбоотой. Ажилдаа ороод жил болоогүй байхдаа ажлын шугамаар эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань Нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан үе нь л дээ. Эхнэрийг маань Н.Батчимэг гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх. Манайх ам бүл дөрвүүлээ. Бид охин, хүү хоёртой.
-Залуу хүн алдах эрхтэй гэдэг л дээ. Та ямар нэгэн зүйлд харамсаж явдаг уу?
-Би аавыгаа амьд байхад нь хайрлаж чадаагүйдээ маш их харамсдаг. Аав минь хүнийг их хайрладаг хүн байсан. Аавынхаа дайнд хүрэхгүй ч аав шигээ бусдыг хайрладаг хүн болох сон гэж хичээдэг. Найзынхаа буянаар аавдаа сайхан дуун суварга босгож, аавынхаа ачийг бага ч гэсэн хариулж, өөрийгөө тайтгаруулж чадсандаа баярлаж явдаг.
-Та анхныхаа уран бүтээлийг хэдэн онд гаргаж байсан бэ?
-Анх би СУИС-иа төгсдөг жилээ МУСТА, хөгжмийн зохиолч Э.Батцэнгэлийн аялгуу, яруу найрагч О.Баттүшигийн шүлэг “Оюутан нас” дууг бүх оюутан залуусдаа зориулан дуулж байсан. Анхны уран бүтээл гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл. Мөн “Хайруудаа” гэдэг дуунд анх ая зохиож байлаа. Энэ дуунд ая хийх саналыг хамт ажилладаг хөдөлмөрийн багш маань надад тавьсан. Багш ахын минь аав том яруу найрагч хүн байв.Тухайн үед “Аавын минь бие жаахан тааруу байна. Амьд сэрүүнд нь аавдаа зориулж, шүлгээр нь нэг сайхан дуу хиймээр байна“ гээд надад хэлснээр энэ дуу бүтсэн түүхтэй. 2016 оноос эхлэн ая зохиохын зэрэгцээ уран бүтээлээ түлхүү хийж эхэлсэн. Аяыг нь зохиосон, өөрөө дуулсан гээд одоогоор 10 гаруй уран бүтээлтэй болоод байна. Дүрсжүүлж амжаагүй хэд хэдэн дуу бий. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийж байна. Тиймээс уран бүтээлүүд маань хүлээгдээд байгаа. Яг дуучин гэдэг мэргэжлээр төгсөөгүй ч дуунаасаа би ерөөсөө салаагүй л дээ. Өөрийн гэсэн уран бүтээлүүдтэй болох зорилгоо биелүүлээд явж байна.
– Аавдаа зориулсан “Амьдралын түшигтэй аав минь” дууныхаа бүтсэн түүхээс хуваалцаач?
-Энэ дуу маань 2021 онд гарсан. Аав минь хараахан сонсож чадаагүй л дээ. Тухайн үед хөгжмийн зохиолч найзын минь хүсэлтээр яруу найрагч О.Баттүшиг маань надтай холбогдож аавын маань намтар түүхийг сонсоод шүлгийг нь бичсэн. Хөгжмийн зохиолч МУСТА Э.Батцэнгэл найз минь “Аавд чинь зориулж дуу хийлээ” гээд надад бэлэглэж, би өөрөө дуулсан.Энэ сайхан дуугаа дүрсжүүлэхдээ аавынхаа тариа тарьж байсан газар нь зорьж очин, зургаа авсан. Мөн 2020 онд ковид гардаг жил Ж.Отгонбат, Б.Базаррагчаа хоёр найзтайгаа “Аав нутаг хоёр” нэртэй хамтарсан тоглолтоо нутагтаа хийсэн. Яг ковид гарахын урьд өдөр бидний тоглолт амжилттай болсон. Тэр үеэр Ж.Отгонбат найз маань Б.Цэвээн-Очирын үг, ая “Хатан буурал ээж” дууг надад бэлэглэсэн. Энэхүү дуугаа өөрийнхөө ээж болон бүх сайхан ээжүүддээ зориулан дуулсан.
-“My voice”-т орж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Би гэнэт л орсон. Манай нэг найз “UBS” телевизээс “My voice” гээд дууны тэмцээн зохион байгуулах гэж байна. Чи оролцооч гэхээр нь бодож үзээд маргааш нь бүртгүүлчихсэн. Эхний шатанд тэнцэж байсан. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж хоёрдугаар шатандаа хасагдаж байлаа. Тэр тэмцээн надад олон зүйлийг ойлгуулсан. Маш их зүйл сурсан. Би одоо ч суралцаад явж байна.
-Дууг дуулахдаа та ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Хүмүүст зориулж дууг дуулна гэдэг миний хувьд маш том аз жаргал. Дууг минь сонссон хүмүүсийн сэтгэгдэл эргээд надад ирэхэд итгэл найдвар, урам зоригийг авдаг. Би найзтайгаа хамтран Төв аймгийн Баянчандмань суманд тоглолт хийсэн. Үзэгчид нь Соёлын төвдөө багтахгүй, тасалбараа бариад гадаа зогсож байхыг нь хараад би яагаад төрсөн нутагтаа тоглож болохгүй хэмээн бодогдсон. Тэгээд л төрсөн нутагтаа анхны бие даасан тоглолтоо хийхээр шийдсэн.
-Анхны бие даасан тоглолтынхоо талаар тодруулахгүй юу?
-Би 2010 онд нутгаасаа гарсан. Нутгаа санаж байна. 2019 онд аав минь өнгөрч, ээж минь хотод ирснээс хойш нутагтаа очих минь бүр багассан л даа. Нутгийн ах Ч.Мөнхчулууны үг, аялгуу “Нутгаа дуурсгах аялгуу” дуугаа 2019 онд сумынхаа 90 жилийн ойдоо зориулан дуулсан. Нутгийнхаа олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр уг дуугаа дүрсжүүлж байсан. Тиймдээ ч анхны бие даасан тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн. Нутгийнхантайгаа өөрийнхөө анхны бие даасан тоглолтоороо учран золгох гэж буйдаа туйлын их баяртай байна. Хүүхэд насны дурсамжаа сэдрээж, дахин нэг сайхан дурсамжийг бий болгох зорилготой. Малчид маань хүнд үеэ давсан, нуруу нь тэнийсэн энэ сайхан үед нь давхар дуу хуураараа сэтгэлийн дэм өгөхийг хүссэн.Тоглолт маань энэ сарын 24-ний 19 цагт Төв аймгийн Баянцогт сумын Соёлын төвд ганцхан удаа болно. Тоглолтод урилгаар хөтлөгч, дуучин МУСТА Ц.Зинамэдра, хөгжмийн зохиолч, МУСТА Э.Батцэнгэл тэргүүтэй бусад уран бүтээлчид оролцоно. Дараа нь Төв сайхан нутгийнхаа аймгийн төвдөө төдийгүй бусад сумдууддаа үргэлжлүүлэн аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Миний уран бүтээлийг дэмждэг, сонсдог бүх сайхан хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хайртай гэр бүл, нутгийн зон олон, нэгэн үеийн уран бүтээлч найзууд, ажлын хамт олон, эрхэм шавь нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
4 replies on “Н.Баярням: Би хүний итгэлийг алдахаас л их айдаг DNN.mn”
Ухаалаг сайхан ярилцлага болжээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ
мундаг дуучин дүүгийнхээ дууг сонсох дуртай болсон улаан фэн нь байнаа. тоглолтонд нь амжилт хүсье. нутгийн соёлын төв нь багтах л байгаадаа олон хүнтэй гоё тоглолт болох байхдаа
Uran bvteeliin undur amjilt hvsie goe toglolt bolohnee amjilt hvsie
амжилт хүсье, илүү их хичээгээрэй, уртаас урт сайхан замыг чи өөрөө л гэрэл татуулан гэгээ цацруулах учиртай шүү