АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай эхлүүлсэн худалдааны дайныг дахин сэргээж буй нь тодорхой болов.
Энэ онд нийт 18 тэрбум ам.долларын татвар урд хөршөөс авахаар болж байгаа бөгөөд үүнд Хятадын цахилгаан автомашины татварыг дөрөв дахин нэмэгдүүлж буюу 102.5 хувь болгож, цахилгаан автомашины батерей болон түүхий эд, хагас дамжуулагч, ган, хөнгөн цагаан, боомтын кран, эмнэлгийн маск гэх мэт урд хөршийн импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт өндөр татвар ногдуулсан байна. Харин Хятад улс хариу үйлдэл үзүүлнэ гэж сүрдүүлсэн ч Цагаан ордон болон бусад эдийн засгийн шинжээчид аль аль тал энэ удаа худалдааны дайн даамжрахаас зайлсхийх болно гэж найдаж байна.
АНУ энэхүү шийдвэрээ Хятад улс өөрийн экспортын үйлдвэрлэгчиддээ улсаас татаас өгч давуу байдал бий болгож, Коммунист намын эдийн засагтаа хөндлөнгөөс оролцдогоос шалтгаалж үнэ доогуур байгаа Хятадын бараа бүтээгдэхүүний урсгалыг хязгаарлах явдал гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лаел Брайнард “Хятад улс хуучин хэв маягаараа ажиллаж үйлдвэрлэлдээ нөхөн төлбөр хийж, дэлхийн зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгон хэт доогуур үнэ бий болгож байна. Хятадууд Америкийн оюуны өмч, ноу-хауг хулгайлсаар байна “ гэж шүүмжлэв.