Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав”-ын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орж, дэлбэрэлт болсон.
Өнөөдөр тус дэлбэрэлтэд өртөж байр нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид жагсаал хийлээ.
Иргэн Ж “2017 оноос хойш энэ байранд амьдарсан. Анх энд орж байхдаа өөрийнхөө тав тух, тавилга хэрэгсэл байр, байшин гээд бүгдийг сонгоод орж байсан. Энэ бүхэн оргүй хоосон болоод ашиглахааргүй болж байгаа нь харамсалтай байна. Одоо байгаа байр маань түрээсийн байр тавилгатай хэдий ч өмнөх байрны тав тухыг яаж гүйцэх билээ.
Шатсанаас хойш байрласан зочид буудал болон түрээсийг төрөөс даасан. Гэхдээ бид түрээсийн байранд байхад зайлшгүй авах ёстой зүйл гарч ирсээр байгаа.
Дөрөвдүгээр сарын нэгэнд галын болон эд хөрөнгийн үнэлгээг гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй.
Үүний тулд л энд бид шаардлага тавиад зогсож байна. Хэрвээ энэ бичиг ирвэл ордны эндээс явна гэсэн байр суурьтай байна” хэмээн ярилаа.
Харин иргэн Н “Энэ байрыг 2 жилийн өмнөөс түрээсэлж эхэлсэн. Байранд байх эд хогшил бүгд миний мөнгөөр авсан зүйлс байсан. Мөн энэ дэлбэрэлтэд машин маань шатсан. Худалдаж авсан байраа ашиглалтад орохыг хүлээж энэ байранд байсан. Тиймдээ ч шинэ байранд орох зүйлсээ хүртэл авчихсан байсан юм.
Яахав одоо түрээсэлж байгаа байрандаа ямар ч эд хогшилгүйгээр нүүж орсон. Сайхан ахан дүүсийн буянд болгоод өдийг хүрлээ.
Улсаас түрээслэгч гээд ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүй.
Дэлбэрэлтэд өртөх үед тэр зочид буудалд манай байрны эзэн очиж эмчилгээ хийлгэсэн. Мөн би одоо өөрийнхөө мөнгөөр байр түрээсэлж амьдарч байна. Ядаж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирлоо барагдуулах гээд л хүлээж сууж байна” гэв.
Э.АНХЧИМЭГ
П.ТЭРГЭЛСАРАН