Categories
гадаад мэдээ

Путиныг сонгох сонгуульд Владимир Путин ялагдав DNN.mn

ОХУ-д ерөнхийлөгчийн гэх Путиныг дахин сонгох “сонгууль” болж өндөрлөв. Сонгуулийн төв хороо “Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 87 гаруй хувийн саналаар ялалт байгууллаа” гэж мэдээлэв. Энэ санал хураалт саналын хуудсыг шатаасан, гэмтээсэн хэргүүдийн тоогоор урьд өмнө нь гарч байгаагүй дээд амжилт тогтоов. Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Воронеж, Ростов муж, Краснодар муж болон бусад бүс нутгуудад ийм үйл ажиллагаа явагджээ.

Оросын Аюулгүй байдлын албаныхан Эрүүгийн хуулийн 141 дүгээр зүйл буюу “Сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг олноор нь үүсгэв. Энэ зүйл ангийн дээд хэмжээ нь таван жилийн хорих ял юм. Зарим тохиолдолд зөвхөн 141 дүгээр зүйлээр бус танхайн гэмт хэрэг үйлдсэн гэх нэмэлт зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Сонгуулийн хэсгийн хороодыг сонгогчид галдан шатаахыг оролдсон бол заримд нь саналын хайрцаг болон хуудсанд будаг шүршиж эсвэл “Путин алуурчин” гэх мэтийг бичжээ. Тухайлбал, Тоболь хотод нэгэн оюутан сонгуулийн хэсгийн хороонд салют дэлбэлсэн хэрэг гарав. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийт 17 хотод 75 хүн саатуулагдсан гэж “OVD-Info” мэдээлэв.

Оросын сөрөг хүчин Алексей Навальныйн дурсгалд зориулан 12:00 цагт санал авах байранд ирэхийг сонгогчдод уриалсан. Барууны олон оронд энэ цагт хэдэн км үргэлжилсэн сонгогчдын дараалал үүсч Путиныг эсэргүүцсэн цуглаан болов. Тухайлбал, Германы нийслэл Берлин хотын төв “Унтер ден Линден” өргөн чөлөөнд байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна урт дараалал үүсэв. Энд Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Ольга Романова, улс төрийн стратегич Марат Гельман, улс төр судлаач Феодор Крашенников болон бусад хүмүүс тайзан дээрээс сонгогчдод зориулан үг хэлж Путины эсрэг тэмцлээ эрчимжүүлэхийг уриалав. Энд хөөсөөр хийсэн “Путины цусаар биеэ угааж буй” том баримлыг байрлуулсан байв. Цугласан хүмүүс дээр А.Навальныйн бэлэвсэн гэргий Юлия Навальнаяг хүрч ирэхэд хүмүүс алга ташин, бүгд нэрийг нь уухайлан дуудаж, эргэн тойрны хүмүүс нь түүнийг тэвэрч, хамт селфи хийж байв.

Оросын сөрөг хүчний Алексей Навальныйн дурсгалд зориулан 12:00 цагт санал авах байранд ирэх уриалгыг Оросын сонгогчид дэмжин ялангуяа Москва, Санкт-Петербург зэрэг Оросын том хотуудад ням гаригийн үд дунд сонгуулийн байрны гадна маш урт дараалал үүсгэв. Ийнхүү Кремлийн сонгогчдыг айлгах арга бүтэлгүйтсэн нь тодорхой болонгуут Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова “Энэ дараалал нь сонгогчдын иргэний ухамсар өссөнтэй холбоотой” гэж мэдэгдэв. Мэдээжийн хэрэг, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Бидэнд дайсагнагч дэглэмүүд болон тэдний гар хөл бологчдын хүслийг биелүүлэн эсэргүүцлээ илэрхийлэх гэж иргэд урт дараалал үүсгэсэн бол тэд 12 цаг өнгөрөнгүүт тарах байсан. Гэтэл ийм явдал болсонгүй” гэж мэдэгдэв.

Путины “сонгууль” Оросын иргэд түүний харгис дэглэмээс айхгүй болсон гэдгийг баталсан явдал болж өндөрлөв. Хамгийн гол нь хүүхэд, эр нөхрийг нь дайны “махны машин”-д оруулсан Путин өөрийгөө дэмжигч гол хүчин болж байсан хөдөөнийхний дэмжлэгийг алдсан гэдэг нь тодорхой болов.

Энэ нь Кремлийн суртал ухуулгад итгэгчид эрс цөөрсөн гэсэн үг юм. Аль ч дарангуйлагч иргэдийн олонхын дэмжлэггүй бол удахгүй сүйрдгийг түүх нэгэнт баталсан. Иймээс хурандаа Каддафийн хувь заяаг хурандаа Путин давтаж магадгүй болов. Энэ бүхэн “Путиныг дахин сонгох” сонгуульд Владимир Путин 87 гаруй хувийн саналаар ялагдсан гэдгийг батлав.

 

Г.АМАРСАНАА

One reply on “Путиныг сонгох сонгуульд Владимир Путин ялагдав DNN.mn”

Балай жалайр Амараагийн өвчин хөдөлжээ. Хаврын синдром

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *