“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өчигдөр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.
Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.
Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд
- Эдийн засгийн чөлөөт бүс
- Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
- Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
- Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
- Худалдаа, бөөний төв
- Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
- Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
- Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.
Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.