Categories
гадаад мэдээ

Борис Писториус: Энэ бол бидний эв нэгдлийг бусниулах гэсэн оролдлого DNN.mn

Германы Агаарын цэргийн хүч(Luftwaffe)-ний ахлах офицеруудын онлайн хурлын бичлэг задарсан нь Оросын “эрлийз мэдээлэл”-ийн халдлага. Энэ бол Путины явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг юм гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэв. Мөн “Энэ бол бидний эв нэгдлийг бусниулах гэсэн оролдлого. Иймээс бид үүнд маш хянамгай хандаж, тэднээс дутахгүй шийдэмгий арга хэмжээ авах ёстой” гэж онцлон тэмдэглэв. Тэрээр “Путины өгөөшинд автахгүй байх хэрэгтэй” гээд “Кремль германчуудыг талцуулж, хагаралдуулж чадахгүй гэдэгт итгэж, найдаж байна” гэжээ.

Германы Батлан хамгаалах яам нийтийн анхаарлыг татах болсон Германы цэргийнхний утасны яриаг чагнаж улмаар нийтэд ил болгосон хэргийн дотоод шалгалтын үр дүнг хүлээж байна гэж мэдэгдэн “Үүнд уг нууц ярианд тохиромжтой платформыг сонгосон эсэхийг тодорхойлох зэрэг ажил багтаж байгаа”гэжээ. Учир нь уг нууц ярианд оролцогчид видео утасны “Webex” платформыг ашигласан байж магадгүй байгаа юм байна.

Оросын суртал ухуулгын “RT” телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян энэ сар эхэлсэн өдөр “Германы Бундесверийн өндөр албан тушаалтнууд Крымын гүүрийг сөнөөхөд хэдэн “TAURUS” далавчит пуужин хэрэг болох тухай ярилцсан 38 минутын аудио бичлэг надад байна” гэж мэдэгдэн, уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Германаас уг мэдээллийн талаар албан тайлбар өгөхийг шаардсан билээ. Германы канцлер Олаф Шольц “TAURUS” пуужингаар Москва хотыг буудахгүй ашиглах талаар хяналт тавихын тулд Германы цэргийн албан хаагчдыг заавал Украин руу илгээх шаардлагатай болно. Энэ нь Германыг Украины дайнд татан оролцуулна гэсэн үг. Иймээс Украинд “TAURUS” пуужин шилжүүлэхийг би эсэргүүцэж байгаа юм” гэж тайлбарлаж байсан. Гэтэл Германы Агаарын цэргийн хүчний ахлах офицерууд “TAU­RUS” далавчит пуужингаар Крымын гүүрийг сөнөөх талаар ярилцаж байгаа нь ил болж, олон улсад шуугиан тариад байна. Харин барууны цэргийн шинжээчид “Тэртэй тэргүй холын тусгалтай пуужин өгч байгаа туршлагатай Их Британид Герман “TAURUS”-аа өгч тэднээр дамжуулан Украинд хяналт тавих байх. Ямар ч байсан “F-16” онгоцтой болох үед нь энэ пуужин Украинд очсон байх болно” хэмээн бичиж эхлэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *