Аргын тооллын хоёрдугаар сарын 24, Санчир гариг. Билгийн тооллын 15, Их морь одтой, шар морь өдөр. Өдрийн наран 07:44 цагт мандаж 18:27 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн: Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх боломж бий DNN.mn
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Далайд гарцгүй Монгол Улс далайд гарцтай болох ямар боломж байна вэ?
-Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг хэдий ч бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг. Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг мөн хөрш орнуудаар дамжуулан импортолдог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан. НҮБ-ын АНДЭЗНК-оос Азийн болон хөрш бүс нутагтай хамтран бараа тээвэрлэлтийн үеийн хил нэвтрэх болон транзит хугацааг богиносгох, олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоог хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэхүү хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсноороо далайд гарах гарцаа нэмэгдүүлэх боломж бий болгож байна гэж ойлгож болно. Манай улсын далбаатай хөлөг онгоц далайд явснаар улсад жилдээ нэг сая ам.долларын төсөв бүрдүүлдэг. Тиймээс тухайн далбаатай хөлөг онгоцны захиргаа улсад байна аа гэж заасан байдаг. Энэ нь далайд гарцгүй улс орнуудын нэг давуу тал.
-Далайн захиргааны байгууллага гэхээр ямар газар байдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх шиг байна. Тэгэхээр та байгууллагаа товчхон танилцуулахгүй юу. Нөгөөтээгүүр далайд гарцтай болох асуудал хэрхэн танай байгууллагад хамаарах болсныг тайлбарлаж өгнө үү?
-ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа нь 2007 онд байгуулагдсан. Далай ашиглах тухай болон усан замын тээврийн тухай Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, конвенц, дүрэм журам, стандарт зөвлөмжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий байгууллага. Монгол Улсын Засгийн газраас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомт байгуулах шалгуурыг хангах байршлыг тодорхойлж боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг Зам, тээвэр хөгжлийн яаманд үүрэг болгосны дагуу Далайн захиргааны бүтцэд Хуурай боомт, далай тээврийн хэлтэс байгуулан ажиллаж байна.
-Манай Улс “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэж орсны ач холбогдол, давуу тал нь юу вэ?
-Манай улс далайд гарцгүй орон учир олон улсын худалдаанд хөрш орнуудын далайн боомтоор дамжин оролцдог. Азийн хөгжлийн банкнаас хийсэн Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн талаар хийсэн судалгаагаар бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна гэсэн дүгнэлт байдаг. Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хил, гаалийн хяналт шалгалт, хязгаарлалттай байдал болон техник технологийн нөхцөл, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр өндөр зэрэг байдал ихээхэн нөлөөлдөг. Тээвэрлэлтийн урт хугацаа нь худалдаанд торгууль хүлээх, улмаар их хэмжээний валютын алдагдал хүлээхэд хүргэдэг. Тээвэр, логистикийн дээрх хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. Хуурай боомт нь аливаа нэгэн сонгогдсон далайн боомт дээр эхлэл цэгийг үүсгэн байгуулж дунд нь холбогдох дэд бүтцээр ачааны урсгалыг саадгүй, чөлөөтэй, тогтмол тээвэрлэж байх мөн ачаа барааг шууд хүлээн авч боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц хангалттай талбай, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай байх үндсэн шаардлагыг хангасан байна.
-Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс нь: Хуурай боомтын тухай Засгийн хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хуурай боомтуудыг байгуулан хөгжүүлэх зорилгоор бодлогын хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх уялдуулан зохицуулахын ач холбогдлыг сурталчлан таниулах, хуурай боомтыг амжилттай хэрэгжүүлсэн далайд гарцгүй улс орнуудын туршлагыг судлах, хамтран ажиллах чиг үүрэгтэйгээр маш олон ажлыг үе шаттай хийж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах” үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 111 дүгээр захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. Мөн “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийн 1 дүгээр хавсралт дахь хуурай боомтуудын жагсаалтын Монгол Улсын хэсэгт Ховд хот (Ховд), Хөшигийн хөндий (Төв), Бичигт (Сүхбаатар) байршлыг тус тус нэмж тусгах талаар холбогдох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгасны дагуу 2023 оны есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод болсон НҮБ-ын Ази Номхон Далайн Нийгэм, Эдийн засгийн комиссын Хуурай боомтын асуудлаарх Ажлын хэсгийн тав дахь удаагийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд албажих шатанд явж байна. Хөрш орнуудтай хийх хамтын ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Ляонин мужид хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд миний бие ажилласан. Айлчлалын хүрээнд Зүүн хойд Азийн тээврийн зангилаа болох зорилготой Ляонин мужийн Жиньжөү далайн боомтоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад тээвэр логистик, аж үйлдвэр, худалдааг өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон. Мөн Ляонин мужийн хувьд 43 сая хүн амтай, аж үйлдвэржилт, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг далайн боомт, өндөр зэрэглэлийн төмөр зам, хурдны замтай хамгийн дэвшилтэт нэгдсэн тээврийн сүлжээ бүхий хөгжлийн давуу талуудтай. Ажлын айлчлалын үр дүнд бид Ляонин мужийн Жиньжөү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр, Жиньжөү боомттой Монгол Улсын Зүүн бүсэд байгуулах хуурай боомтуудыг бүтээн байгуулалтад хамтран ажиллахын зэрэгцээ Далайн захиргааны байнгын төлөөлөгч албан ёсоор ажиллахаар тохиролцсон зэрэг асуудлууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад түлхэц өгнө гэж үзэж байна.
-Цаашид хуурай боомт, далайн тээврийн хэлтэс нь ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг үүрэг болгосны дагуу гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын сүлжээнд таниулан, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаас гадна Монгол Улсад байгуулах олон улсын хуурай боомтуудын байршилд НҮБ-ын Худалдаа болон тээврийн байршлын код UNLOCodе-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс найман байршилд олон улсын хуурай боомтууд байгуулах боломжтой болж байна. Тодруулбал төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна. Монгол Улсын Засгийн газраас “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомт байгуулах шалгуурыг хангах байршлыг тодорхойлж, боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах чиг үүрэг өгсний дагуу Монгол Улсад олон улсын хуурай боомт буюу олон улсын логистикийн төвийг байгуулахаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын www.monmarad.gov.mn цахим хуудаснаас авч болно.
Э.ТҮВШИН
One reply on “Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн: Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх боломж бий DNN.mn”
Далайд гарцгүй Монголын далайн дээрэмчдийг хэзээ цэгцлэх вэ?