Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбацэцэг, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн алсын дуудлагын баг бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Энхтулга, их эмч Э.Эрдэнэбаяр, Т.Лхагважав, Б.Анхбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Б.Саруултөгс, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа, мэс заслын сувилагч Б.Мягмарнаран, туслах сувилагч Б.Баасанцэрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй бөгөөд алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлж, хунгар цасанд суусан 2 адууг цаснаас гаргаж ижил сүрэгтэй нь нийлүүлжээ.
ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 6 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж, яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээрх сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.
Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв