Categories
мэдээ цаг-үе

Галд өртсөн дөрвөн иргэн нас барж, хоёр иргэнийг гадаадад эмчлүүлж байна DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, онц ноцтой осол гарсан. Дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ амиа алдаж, 14 иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Тэдгээрээс дөрөв нь эмнэлгийн анхан шатны тусламж аван гэртээ гарсан байдаг. Харин үлдсэн 10 иргэний дөрөв нь түлэгдлийн тасагт, зургаа нь 80-90 хувийн түлэгдэлтэйгээр Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ. Харамсалтай нь маш хүнд оноштой эмчлүүлж байсан иргэдээс 19 настай иргэн осол гарснаас долоо хоногийн дараа нас барсан юм. Үүнээс дөрөв хоногийн дараа 95 хувийн түлэгдэлтэй иргэн Б амьсгал хураасныг Улсын онцгой комисс мэдээлсэн. Тэгвэл Сар шинийн баярын өдрүүдээр ГССҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн нас баржээ.

Маш хүнд оноштойгоор эмчлүүлж байсан үлдсэн хоёр иргэнийг ар гэрийн хүсэлтээр БНСУ руу эмчилгээнд явуулсан байна. Тухайн иргэнийг ГССҮТийн эмч нарын баг хүргэсэн бөгөөд эмчилгээ нааштай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн Түлэгдлийн тасагт эмчлүүлж байсан дөрвөн иргэний хувьд арьс нөхөх, нөхөн сэргээх эмчилгээнүүд үр дүнтэй байгаа гэнэ.

Галын ослын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй байна. Урьдчилсан байдлаар галд 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж өртөж, 225 иргэн, 15 аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсныг тогтоогоод байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *