Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхланттай малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа.
-Цас зудтай холбоотойгоор малчдын малын индексжүүлсэн даатгалын тухай нэлээд яригдаж байна. Энэ төрлийн хууль эрх зүйн орчин, даатгалын бүтээгдэхүүний талаар сонирхмоор байна?
-Монгол Улсын хэмжээнд 2000-2001 онд томоохон хэмжээний зудын нөхцөл байдал үүсч, НҮБ-аас шинжээч томилогдож ирж байв. Ингээд зудын эрсдэлийг олон улсын гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргаж байсан. Нүүдлийн мал аж ахуй бол манай улсын нийгэм эдийн засгийн хувьд эзлэх байр суурь үнэлэхүйц өндөр хэмжээтэй. Тэр ч утгаар ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг таслан зогсоох хүрээнд малын индексжүүлсэн даатгалын төслийг Дэлхийн банк 2006-2014 онд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд зудын эрсдэл ямар үр дагавартай вэ. Даатгалын шаардлага байна уу, байвал ямар хэмжээнд байх ёстой вэ
Даатгуулагч малчин өрхөд даатгалын хураамж буюу даатгалынхаа зардлыг хамгийн боломжит түвшинд яаж тохируулах вэ. Даатгалын компаниуд буюу хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах вэ гэх мэт олон хүчин зүйлийг үнэлж байгаад малын индексжүүлсэн бүтээгдэхүүнийг олон улсын шинжээчийн багтай хамтран боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх төсөл 2014 онд дуусч, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдаж байлаа. Энэ хуулийн дагуу Үндэсний давхар даатгалын компани үүсгэн байгуулагдсан.
-Даатгалын бүтээгдэхүүний талаар дэлгэрүүлье?
-Олон жилийн статистик тоон үзүүлэлтэд тулгуурлаж харахад улсын хэмжээнд малын хорогдол 5-6 хувь гарч байдаг. Үүнээс давчихвал гамшгийн хэмжээнд хүрчихдэг. Тиймээс гамшгийн хэмжээний хохирлыг хөнгөвчлөх зорилгоор босго үзүүлэлт тогтоох тухай хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл, сумын том /төл мал орохгүй/ малын хорогдлын хэмжээ зургаан хувиас дээш давах юм бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ. Ингээд нөхөн төлбөр олгоно гэдэг үндсэн загвартай бүтээгдэхүүнийг хуульчилсан байдаг. Үүний дараа зургаан хувийн босго үзүүлэлтийг доошоо, дээшээ нэг хувь хэлбэлзүүлэх боломжийг Засгийн газарт олгосон. Ингэснээр Засгийн газар гурван жил тутамд босго үзүүлэлтийг тогтоодог. Үүний даатгалын гэрээнүүд хийгддэг.
-Босго үзүүлэлтээс давсныг яаж тодорхойлдог хэрэг вэ?
-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу хагас жилийн буюу түүвэрчилсэн мал тооллогыг хийдэг болсон. Хагас жилийн байдлаар бүх сумдын хэмжээнд түүвэрчилсэн тооллогоор малын хорогдлын хэмжээг хувьчилж гаргана. Энэ тоогоо болон өнгөрсөн жилийн мал тооллогын дүнтэй харьцуулж том малын хорогдлын хэмжээг тооцдог.
Хагас жилийн мал тооллогын үр дүн долдугаар сарын хоёрдугаар хагаст багтаж гарчихдаг. Үүний дараа хохирлын хэмжээг тодорхойлоод даатгуулагч нарт нөхөн төлбөрийг есдүгээр сараас эхэлж олгодог. Өнгөрсөн жилийн хувьд зүүн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурганы улмаас малын хорогдол нэлээд гарсан. Архангай аймаг, Увс аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэн шүү дээ.
-Нөхөн төлбөр хэр хэмжээнд гарсан бэ?
-Өнгөрсөн жил 27 мянган малчин өрх даатгалд хамрагдсанаас 14 мянга нь 4.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан. Өөрөөр хэлбэл, даатгалд хамрагдсан малчдын хоёр хүн тутмын нэг нь авчээ гэсэн үг.
-Даатгалын үнэлгээг яаж хийх үү?
-Малчид малынхаа үнэлгээг өөрсдөө сонгодог. Энэ төрлийн даатгалын онцлог бол малыг зүсэлж биш, сүргийн бүтцээр нь даатгадаг. Таван хошуу малынхаа хонин сүргийг даатгуулъя гэхэд нэгж хониныхоо үнэлгээг өөрөө тогтооно гэсэн үг. Ингэхдээ хэдээр ч тогтоож болно. Сүүлийн үед малын индексжүүлсэн даатгалын дийлэнх орлогыг банкны системээр дамжуулж бүрдүүлж байна. Малчны зээлтэй уялдуулаад даатгалд хамрагдах уу, үгүй юү гэдгийг сонгоно. Хамрагдвал тодорхой хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой гэх байдлаар хэрэгжүүлж байна.
-Тэгвэл энэ жил хэчнээн малчин даатгуулсан юм бол?
-2023-2024 оны даатгалын эрсдэлийн жил гэвэл 2023 оны намраас 2024 оны зуны эхэн сар хүртэл буюу долдугаар сарын 1 хүртэл гарсан хохирлыг даатгалд хамруулахдаа 2023 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд даатгалын гэрээ хийгддэг. Түүнээс хойш хийгдэхгүй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гэрээ хийгдэнэ. Энэ нь 2025 оны даатгалын гэрээ гэсэн үг. Өнгөрсөн жилийн байдлаар 35 мянган малчин өрх буюу нийт малчин өрхийн 18 хувь нь хамрагдсан. Малын тоо толгой гэвэл долоон сая мал даатгуулсан байна.
-Аль аймгийн малчид тэргүүлж даатгуулж байна?
-Аль ч жилүүдэд хамгийн өндөр борлуулалт буюу өндөр хамрагддаг нь Баянхонгор аймаг. Нийтдээ малчин өрхийн 30 хувь нь хамрагдсан. Мөн Говьсүмбэр аймаг 49 хувьтай, Говь-Алтай аймаг 41 хувьтай байна. Энэ жилийн хувьд нийт 149 тэрбум төгрөгөөр даатгалын үнэлгээг тогтоосон байгаа.
-Тэдгээр малчид хэр хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой гэсэн үг вэ?
-Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт зургаан хувиар тооцоход тухайн сумын малын хорогдол хагас жилийн түүвэр тооллогоор 10 хувь гарлаа гэж бодъё. Зургаа хүртэлх хувийн эрсдэлийг малчин өөрөө даадаг. Харин 6-10 хүртэлх буюу дөрвөн хувийн хохирлын нөхөн төлбөрийг даатгалаас авах эрхтэй болдог. Гэхдээ мал нь хорогдоогүй малчин энэ дөрвөн хувийн нөхөн төлбөрийг авах боломжтой.
-Яагаад?
-Гол нь даатгуулчихсан байна. Магадгүй сайн малчин гэж хэлж болно. Нэг ёсондоо сайн малчны урамшуулал ч гэж ойлгож болно. Малаа онд мэнд оруулахын тулд маш их хөдөлмөр зарсан байгаа. Гэтэл сумын хэмжээнд гамшгийн үзүүлэлтэд хүрчихсэн, их хэмжээний хохирол гарчихсан байдаг. Тиймээс л авч байгаа хэрэг.
Нөгөө талд сумын нийт малын хорогдлын хэмжээ зургаан хувьд хүрээгүй мөртлөө Доржийнх малынхаа тал хувийг алдах тохиолдол бий. Малын босго үзүүлэлтээс даваагүй учраас тэд нөхөн төлбөр авах боломжгүй. Сумын малын хорогдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрээгүй учраас тэр. Өнгөрсөн жил гэхэд Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хохирлын хэмжээ найман хувь гарсан. Гэтэл 20, 30, 40 хувиар малаа алдчихсан мадчид байсан. Сумын хэмжээнд хохирол найман хувьтай байгаа учраас зөрүү болох хоёр хувийн нөхөн төлбөрийг л даатгуулсан малчид нийтээрээ авсан. Малаа бага үнэлгээгээр даатгуулж байгаа учраас нөхөн төлбөр бага гардаг. Энэ бол даатгуулагч буюу малчны хувьд сул тал гэж хэлж болно. Гол нь энэ бол гамшгийн эрсдэлийн даатгал шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Төв аймгийн Баянцогт сумын малчин 14 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан байдаг.
Энэ жилийнх шиг цастай хүйтэн хавсарсан хүнд өвөл 2010-2011 онд болж байсан. Нийт малын 30 хувь хорогдсон. Энэ жил хэд болохыг хэлж мэдэхгүй. Хавар нь урт болно. Энэ хугацаанд одоо муудсан мал сэхэх магадлал багатай.
-Одоо энэ хүнд цаг үеийн малын хорогдлын тоо урьдчилсан байдлаар гарч байна уу?
-Бид Онцгой байдлын байгууллага, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс байнга мэдээлэл авч байна. Гэхдээ тоо гаргах боломжгүй.
-Жишээ нь, Сүхбаатар аймагт гэхэд 260 мянган мал хорогдсон мэдээллийг өгч байгаа. Тус аймгаас энэ жил даатгуулсан малчид хэчнээн байх юм бэ?
-Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгийн малчид даатгалд хамрагдах байдал хангалтгүй байсан. Нийт малчны 26 хувь буюу 2382 өрх даатгалд хамрагдсан байна. Сүхбаатар аймагт гамшгийн хэмжээнд хүрчихсэн энэ үед малын хорогдлын тоог гаргах боломжгүй байгаа.
-Одоо малаа даатгуулж байгаа малчин өрх хэр их байна вэ?
-Өчигдөр /уржигдар/-ийн байдлаар 5027 малчин өрх 23 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 842 мянган малыг 808 сая төгрөгийн хураамж төлж даатгуулсан байна. Даатгалын гэрээг долдугаар сарын 1 хүртэл хийнэ. Мэдээж энэ жилийн хувьд онцгой жил болох нь. Ялангуяа цас зуд хүндрэлтэй байгаа аймгуудын малчид ийм нөхцөл байдалд байгаа юм чинь даатгалд хамрагдах боломж байхгүй шүү дээ.
Б.ЭНХЗАЯА