Categories
гадаад мэдээ

Аюулгүй байдлын бага хурал өндөрлөв DNN.mn

Заримдаа жижиг зүйлс том өөрчлөлт авчирдаг. Энэ удаа 60 жилийнхээ ойг тохиолдуулан гурав хоног чуулж, 130 улс, Олон улсын байгууллага оролцсон Мюнхений Аюулгүй байдлын бага хурал (MSC) дээр хэд хэдэн ийм “жижиг” зүйлс хөндөгдлөө.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд анх удаа форум болж буй “Bayerischer Hof” зочид буудалд бусад орны удирдагчидтай уулзах тусдаа өрөө гаргаж өгөв. Мөн Орос Украинд довтлохоос өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров жил бүр Мюнхенд ирж, бага хурлын гол өдөр буюу бямба гаригийн үд дунд орчимд үг хэлдэг байсан бол энэ удаа Москвагийн албан ёсны төлөөлөгчдийг Мюнхенд урьсангүй. Харин Лавровын оронд БНХАУ-ын гол дипломатч Ван И-д илтгэл тавих боломж олгов.

АНУ-ын Конгресст шинэ тусламж үзүүлэх асуудал гацсаны улмаас Украин барууны сум, зэвсгээр улам бүр дутагдаж байна гэсэн асуудал чуулганы гол сэдэв болов. Яг энэ үеэр Украины цэргүүд Донецкийн Авдеевка хотыг орхисон тухай мэдээ оролцогчдын дунд жинхэнэ шуугиан тарив. Эцэст нь АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Цагаан ордны тэргүүн асан Дональд Трампын асуудалд оролцогчдын анхаарал төвлөрөв.

Гурван өдөр үргэлжилсэн бага хурлын нээлтээс нэг цагийн өмнө Оросын сөрөг хүчний хамгийн алдартай удирдагч Алексей Навальный Оросын шоронд гэнэт нас барсан тухай мэдээ ирж, чуулганд оролцогч хүн бүр шахуу хүн амины хэрэг хэмээн ярьж, Оросын эрх баригчдыг буруутгаж байв. Төлөвлөгөөнд ороогүй байсан Орос улстөрчийн бэлэвсэн эхнэр Юлия Навальнаягийн хэлсэн үг уг хурлын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болж оролцогчид бүтэн минутын турш алга ташин түүнийг дэмжив. Навальныйн үхэл “Оросын ирээдүй”-ийн тухай ярианы гол сэдэв болж өрнөв. Оросын 2015 онд алагдсан сөрөг хүчний гол төлөөлөгч Борис Немцовын охин Жанна Немцова “Алексей Навальныйг хөнөөсөн нь Кремлийн айлган сүрдүүлсэн үйлдэл боловч Оросын түүхэнд шинэ үе шат эхлүүлж байна” гэж мэдэгдэв.

Мюнхений чуулганд оролцогчид сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдээр тарж буй Орос ялж Европ үнэт зүйлсээ алдах уу гэсэн утгатай “Lose-Lose?” гэсэн сэдэвтэй нийтлэлүүдэд Украин өөрийн гэсэн флотгүй байж Оросын Хар тэнгисийн флотын 1/3-ийг устгасан явдал гэрэл гэгээ авчрах мэдээ буюу “найдварын туяа” болж байна гэдэг дээр санал нэгдэв. Барууны удирдагчид Украины тусламж шинэ шатанд гарна гэж итгүүлэхийг хичээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камалла Харрис, Германы канцлер Олаф Шольц нар Украин дахь Оросын дайныг илтгэлийнхээ гол сэдэв болгов.

Мюнхений энэхүү форумын үеэр “Зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх”, “Үг ярианаас ажил хэрэг рүү шилжих” хэрэгтэй гэсэн олон мэдэгдэл гарсан. Зэвсгийн зах зээл дэх өрсөлдөөн, “зөвхөн хувиа боддог асуудал” зэрэг Украины зэвсгийн тусламжид чухам юу саад болж байгаа талаар ер бусын гэмээр илэн далангүй яриа өрнөсөн. Гэхдээ Киевт барууны зэвсгийн тусламж хангалтгүй байгаа тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Украинаас дайн хэзээ дуусахыг бүү асуу, харин Путин яагаад энэ дайныг үргэлжлүүлээд байна вэ гэж өөрсдөөсөө асуу” гэж хэлсэн үг чуулган дууссан ч цуурайтан үлдэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *