Categories
гадаад мэдээ

Хятад ганхаж буй ч зогсож үлдэх магадлалтай DNN.mn

Олон улсын валютын сангийн сайт дээр тавигдсан Корнеллийн их сургуулийн Дайсон коллежийн профессор, Брукингсийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,“The Fu­ture of Money-Мөнгөний ирээдүй” номын зохиогч, Эсвар Прасадын “China has shaken, but is likely to stand-Хятад ганхаж буй ч зогсож үлдэх магадлалтай” нийтлэлийг хүргэж байна.


Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн үзүүлэлт маш сайн буюу гайхалтай тогтвортой, өндөр өсөлттэй байсан нь тэднийг бага орлоготой улсаас дундаас дээш орлоготой ангилалд оруулсан билээ. Зах зээлийн ханшаар Хятадын ДНБ 2022 онд 18.3 их наяд ам.долларт буюу АНУ-ын ДНБ-ий 73 хувьд хүрч, 1990 оны Америкийн ДНБ-ий долоон хувьтай тэнцдэг байснаасаа 10 дахин их болсон. Хятадын нэг хүнд ногдох орлого 1990 онд АНУ-тай харьцуулахад хоёр хувиас бага байсан бол 13.000 доллар буюу АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 17 хувьтай тэнцэх болсон. Иймээс сүүлийн 10 жил хагасын турш Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж дэлхийн ДНБ-ий нэрлэсэн өсөлтийн 35 хувийг бүрдүүлж, харин АНУ 27 хувийг эзэлж байв.

Сайн ажиллагаатай санхүүгийн систем, хүчирхэг эдийн засгийн институцийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, ардчилсан нээлттэй төрийн тогтолцоо зэрэг эдийн засагчдын өсөлтийн гол түлхүүр гэж үздэг олон хүчин зүйлгүй Хятад улс ийм амжилтад хүрсэн нь гайхамшиг болов. Ковид-19 тахал эдийн засгийг нь саармагжуулах хүртэл Хятад дотоодын болон дэлхийн хямралыг мэдэгдэхүйц алдагдалгүйгээр даван туулсан билээ.Гэхдээ шүүмжлэгчид Хятадын эдийн засаг удахгүй сүйрнэ гэж эртнээс таамаглаж, олон сул талыг нь онцолж байсан. Тус улсын эдийн засгийн гол өсөлтийг биет капитал бүрдүүлж, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь үр ашиггүй ажилладаг банкны системээс санхүүжиж байв. Дотоодын өрийн хэмжээ өсөж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, ажиллах хүчний хомсдол зэрэг нь зарим шинжээчдийг сүйрлийн өдөр ирлээ гэж маргахад хүргэсэн. Гэхдээ тэдний буруу байх магадлалтай. Институцийн сул талыг нөхөх гэсэн тэнцвэргүй шинэчлэл, зах зээлийн төрөөс хэт хамаардаг хандлага, санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хямрал зэрэг нь ирэх жилүүдэд энэ улсын эдийн засагт ихээхэн хэлбэлзэл үүсгэж болзошгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхэн санхүү, эдийн засгийн уналт гарцаагүй гэсэн үг биш юм.

Хятадын эдийн засгийн өсөлтийг үр ашиггүй банкны системээр санхүүжүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй нь ихээхэн дэмжлэг болох магадлал өндөр байна. Энэ хандлага 2008 онд эхэлсэн санхүүгийн хямралаас хойш эрчимтэй явагдах болсон. Ийм замаар хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь 2009-1910 оны ДНБ-ий өсөлтийн гуравны хоёр орчим хувийг хангасан. Гэсэн хэдий ч эдгээр хөрөнгө оруулалтын ихэнх нь хувийн хэвшилд биш, харин төрийн салбарт чиглэгддэг. Хувийн хэвшлийн пүүсүүд, ялангуяа жижиг бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх нь төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд хийх хөрөнгө оруулалтаас хамаагүй эрсдэлтэй байдаг. Гэсэн ч Хятадад банкны найдваргүй болсон зээлийг бүрдүүлж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын хариуд өндөр өгөөж өгч чадахгүй байна. Иймээс эдийн засгийн өсөлтийн энэ загвар нь үр ашиггүй, санхүүгийн хувьд эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятадын Засгийн газар эдийн засгаа тэнцвэржүүлэх зорилт тавьж эхэлсэн юм. Үүнд, Хөрөнгө оруулалтын тоон өсөлтөөс хамаарах хамаарлыг бууруулж, өрхийн хэрэглээг ДНБ-ий өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгох;Эдийн засгийн өсөлтийн ихэнхийг ур чадвар багатай, бага цалинтай үйлдвэрлэлээс бус үйлчилгээний салбараас бий болгох;ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар биет капиталын эрчимтэй өсөлтөөс зай барих зорилтууд багтаж байна.Өрхийн хэрэглээ үнэхээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болов. Мөн үйлчилгээний салбар одоо жилийн ДНБ-ий талаас илүүг, нийт ажил эрхлэлтийн тал орчим хувийг бүрдүүлдэг болжээ.

Шинжээчид сайндаа л төрөл бүрийн өсөлт, бууралтын мэдээлэлд тулгуурлаж, ирээдүйд юу тохиохыг бичдэг.Иймээс Хятадын эдийн засгийг урьдчилан таамаглах нь тийм ч таатай, амар зүйл биш юм.

Өнөөдөр Хятадын нийт өрийн хэмжээ АНУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засагтай орнуудынхаас хэтрээгүй ч өрийн хэмжээг эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад өсөлттэй гарч байна.Хятадын ажиллах хүч буюу 15-64 насны хүн амын тоо цөөрч 2030 он гэхэд энэ бууралтын хэмжээ жилд ойролцоогоор 1 хувь болох төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын өсөлтийг хурдасгах нь үүнийг тодорхой хэмжээгээр нөхөж болох ч энд олон эрсдэл бий. Сүүлийн үед төрийн бус хөрөнгө оруулалтын өсөлт суларч байгаа нь (2022 онд төрийн хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгийн салбараас гадуурх нийт үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлсэн байна) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Хятадад хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж эхэлснийг харуулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд үйдвэрийн бүтээмжийн өсөлт жилд 1 орчим хувиар буурчээ. Бүтээмж өсөхгүй бол Хятадын эдийн засгийн өсөлт саарна.Бүтээмжийг нэмэгдүүлэх, ур чадвар муутай үйлдвэрлэлээс татгалзах ёстойг хүлээн зөвшөөрч, Засгийн газар сүүлийн үед “давхар эргэлтийн” үзэл баримтлалд суурилсан эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж, дэлхийн худалдаа, санхүүгийн оролцоогоо хангах, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, технологийн бие даасан байдалд анхаарч эхлэв. Гэсэн хэдий ч энэ арга нь тодорхой бэрхшээлтэй тулж байна. Хятад улсад аж үйлдвэрээ шинэчлэхэд гадаадын тэргүүний технологи шаардлагатай байгаа бөгөөд АНУ болон ерөнхийдөө барууны орнуудтай эдийн засаг, геополитикийн санал зөрөлдөөн нэмэгдсэн нь энэхүү боломжийг хязгаарлаж байна. Мөн технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь хувийн хэвшлийг сүүлийн үед засгийн газраас дарангуйлж буй нь энэ салбарын бизнест сөрөг нөлөө үзүүлэх болов.

Хятадын эдийн засаг Малайз, Тайланд зэрэг бусад өндөр авсан Азийн эдийн засагтай адил уналтад орж байна гэсэн болгоомжлол бий болов. Хятадын нийт өр олон жилийн турш ихээхэн санаа зовоосон асуудал байсаар ирсэн. Цаг хугацаа өнгөрөхөд нийт өрийн хэмжээ АНУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засгуудынхаас хэтрээгүй ч түүний хэмжээ эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулахад өссөөр байна. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газрын зээлийн хэмжээ нэрлэсэн ДНБ-д эзлэх хувь нь бусад томоохон эдийн засагтай орнуудынхаас бага байна. Хятадад аж ахуйн нэгжийн өрийн хэмжээ хэт өндөр буюу

ДНБ-ий 131 хувьтай тэнцэж байна. Гэвч үүний дийлэнх нь Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, дотоодын банк, хөрөнгө оруулагчдын мэдэлд байгаа нь өр гадаадын хөрөнгө оруулагчид хамаарч, өр өөрөө ам.доллар гэх мэт гадаад валютаар илэрхийлэгдэж байснаас аюул багатай зүйл юм.Гэсэн хэдий ч өрийн төвлөрөл нь зарим салбарт асуудал үүсгэж, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт саад болж байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн тулгын чулуу буюу бусад салбаруудаа хөдөлгөгч хүч болж, эдийн засгаа тогтвортой өсөхөд тусалдаг. Барилгын бүтээн байгуулалт иргэдэд ажлын байр бий болгож, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвөөс ашигтай зарлага гаргах боломж бүрдүүлдэг учир нутгийн удирдлагууд үүнд баяртай байдаг. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт буюу үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн идэвхжил саарах нь бусад үйлдвэрүүд, орон нутгийн засаг захиргааны санхүүжилт, тэр байтугай өрхийн баялагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.Үл хөдлөх хөрөнгийн салбараас үүдэлтэй өрхүүдэд учирч буй эрсдэл нь эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд ч нөлөөлж болзошгүй нэмэлт эмзэг асуудлыг бий болгодог.

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээл авахыг хялбаршуулсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, өрхийн өрийг арван жилийн өмнөх ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байсантай харьцуулахад 60 гаруй хувьд хүрэхэд нөлөөлсөн. Хятадын айл өрхүүдийн хувьд орон сууц гэх үл хөдлөх хөрөнгө нь тэдний баялгийн суурь болдог. Гэтэл өрхийн нийт өр банкны систем дэх нийт хадгаламжаас бага болоод байна. Гэхдээ Хятадын өрийн хуримтлалыг дотоодын хуримтлалаар нөхдөг тул санхүүгийн эрсдэл хязгаарлагдмал юм. Ихэнх гол зээлдүүлэгчид болон зээлдэгчид Засгийн газрын өмч байдаг тул санхүүгийн цочрол нь санхүүгийн хямрал, эсвэл өсөлт зогсоход хүргэхгүй гэсэн үг. Гэтэл хөрөнгийн эргэлтийн систем хямарч буй нь үр ашиггүй байдал, үр ашиггүй байдалтай холбоотой бусад ноцтой асуудлууд илүү хурцаар тавигдах суурь нөхцөл болж байна.

Өр болон хөрөнгийг эдийн засагт хэрхэн, яаж байршуулах нь маш чухал асуудал байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт нь сүүлийн үед “Country Garden”, “Evergrande групп” зэрэг хэд хэдэн томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудыг өндөр өр, эмзэг баланс гэх мэт санхүүгийн асуудалд оруулсан бөгөөд бусад олон компани үүнтэй төстэй эрсдэлтэй тулсан. Тэдэнд зээл олгож байгаа зарим санхүүгийн байгууллага ч мөн хямралт байдалд ороод байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн системийн уналт биш юм. Хятадын томоохон банкуудын ихэнх нь төрийн хяналтад байдаг бөгөөд тэд тулгамдсан асуудлуудыг хойшлуулж, хямралтай тэмцэж буй корпорациудад бэлэн мөнгө олгох боломжтой. Энэ нь Хятадын зах зээлийн эрх чөлөөг гацаах нь гарцаагүй боловч засгийн газарт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх хангалттай хяналт бас нөөц байна гэсэн үг юм.

Шинээр хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай олон улс гадаад өр, ялангуяа гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийн хэмжээ өндөр байдгаас хүндрэлтэй тулгардаг бөгөөд энэ нь тухайн улсын эдийн засаг, валютын ханш зэрэг муудвал тэнцлийн асуудал үүсгэж байдаг. Гэтэл Хятадын гадаад өр ДНБ-ий 16 хувьтай тэнцэж байгаа бөгөөд үүний талаас бага хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байна.Гэсэн ч эдийн засаг, улс төрийн тодорхойгүй байдал нь санхүүгийн системийг сүйрүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн уналтад хүргэж болзошгүй юм. Гэхдээ банкны системийн ихэнх нь засгийн газрын мэдэлд байдаг тул санхүүгийн хямралд орвол засгийн газар бүх хадгаламжид баталгаа гаргах тул ийм хувилбар гарах магадлал бага. Тэр битгий хэл банкны системийн үндсэн хэсэгт шууд хяналт тавьсны хүчинд төр их хэмжээний мөнгөний гадагш гарах экспортыг шууд хааж чадаж байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд шинэчлэл хийгдэж байгаа ч тэдгээрийн ихэнх нь санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлтэй холбоотой байсан. Харин төрийн өмчит аж ахуйн нэгж, зохион байгуулалтын бүтэц зэрэг бусад салбарт хамаагүй бага анхаарал хандуулсан. Энэ тэнцвэргүй байдал нь эрсдэлийг бий болгоод байна.Санхүүгийн салбарт шинэчлэл хийх, либералчлах, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг Засгийн газар ойлгосон. Санхүүгийн тогтолцоог засах нь эрсдэлийг удирдах, гамшгаас зайлсхийхэд чухал ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн илүү бүтээмжтэй, эрч хүчтэй, ажил эрхлэлтийг бий болгодог салбарт хөрөнгө оруулалт чиглүүлэхэд чухал ач холбогдолтой. Хятадын санхүүгийн системийн зээлийн ТӨҮГ-ын салбарт төвлөрсөн банкууд ноёрхсон хэвээр байна. Банкны тогтолцоог засахын тулд банкны балансын найдваргүй өрийг хүлээн зөвшөөрч, тэглэхээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өөрсдийг нь шинэчлэх, тэр дундаа банкны зээлээс хэт хамааралтай байдлыг нь арилгах шаардлага үүсээд байна.Засгийн газар сүүлийн жилүүдэд орон сууц, хөрөнгийн зах зээл дэх тогтворгүй байдлын үеийг хялбар давахыг хичээж байгаа тул зах зээлийн итгэлийг хадгалахын зэрэгцээ зах зээлд өөрийгөө сахилгажуулах гэсэн зөрчилтэй байдалд орж, улмаар зах зээлд үймээн самуун нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүрээд байна. Интервенцэд хандах энэхүү тууштай бус хандлага нь заримдаа тогтворгүй байгаа хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд ихээхэн хэмжээний сөрөг байдлыг бий болгож, зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг.Түүгээр ч зогсохгүй зах зээлд чиглэсэн шинэчлэл нь өргөн хүрээг хамрахгүй л бол сөрөг үр дагаварт хүргэж, тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж, нэмэлт эрсдэл үүсгэж болзошгүй. Хятад улс санхүүгийн болон бусад зах зээлд чиглэсэн шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж буй үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлж, компанийн засаглал, нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, төв банк болон зохицуулагчдын үйл ажиллагааны бие даасан байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Засгийн газраас хөрөнгийн болон компанийн бондын зах зээлийн хөгжлийг дэмжих нь зөв. Гэхдээ энэ нь Хятадын компаниудын засаглалыг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг дээшлүүлэхэд төдийлөн тус болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгө оруулж буй компаниудын талаар мэдээлэл дутмагаас үүдэн хувьцаа болон бондын зах зээлийн огцом хэлбэлзлийг бий болгож, далайцыг нь нэмэгдүүлэхэд хүргэдэг. “Тогтвортой байдал, дэг журам”-ыг хадгалахын тулд засгийн газрын оролцоог хадгалахын зэрэгцээ зах зээлд илүү их эрх чөлөө олгох гэсэн зөрчил бүхий хоёр түлхэцийг эвлэрүүлэх нь хэцүү сорилтуудыг бий болгоно. Үр ашиггүй нь илт байгаа эдийн засагт шинэчлэл хэрэгжүүлэх нь санхүүгийн болон эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх шилжилтийн эрсдэлийг бий болгодог, ялангуяа Засгийн газрын ийм бодлого айл өрх, бизнес эрхлэгчдийг эргэлзэхэд хүргэдэг. Одоогийн байдлаар засгийн газарт эдгээр шилжилтийн эрсдэлийн заримыг удирдах нөөц бололцоо, бодлогын орон зай байгаа ч хүнд хэцүү үед зах зээлд шууд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаа явуулах оролдлого нь асуудлыг улам хурцатгаж, урт хугацааны үр дагаварт хүргэж болзошгүй.

Хятадын Засгийн газрын гадаад валютын нөөц 2015-2016 онд нэг их наяд долларын алдагдалд орсон үед хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийн үнийн маш өндөр хэлбэлзэл, банкны хямрал, үндэсний мөнгөн тэмдэгтийн их хэмжээний үнэгүйдэл, орон сууцны зах зээлийн уналт, эдийн засгийн бууралт зэргээс гайхамшигтай байдлаар зайлсхийж чадсан. Гэхдээ Хятадын Засгийн газар одоо эдийн засгийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ өрийг хэрхэн бууруулах вэ; Эдийн засаг нь хүнд үйлдвэрээс хамааралтай хэвээр байгаа нөхцөлд эрчим хүчний үнийг яаж бууруулах вэ; Засгийн газар өөрөө төрийн хяналтын боолтыг чангалах гэж оролдож байхад зах зээлийн чөлөөт байдал, санхүүгийн сахилга бат сахихыг хэрхэн зохицуулах вэ; Хувийн хэвшил их баялаг бүтээж буй нөхцөлд баялгийн тэгш бус байдлыг хэрхэн хязгаарлах вэ; Амжилттай яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэт их хөрөнгө байлгахгүйгээр хувийн хэвшлийн инновацийг яаж дэмжих вэ гэх мэт бодлогын хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байна. Зах зээлийн баримжаатай социализмаар угаасаа маргаантай байдаг эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн Засгийн газрын оролдлого нь цаашид алдаа, бэрхшээл дагуулна. Бодлого боловсруулахад түүний арга барил нь богино хугацаанд зөв байсан ч илүү тодорхойгүй, тогтворгүй байдлыг бий болгож, улмаар бүтээмж, эдийн засгийн өсөлтийн урт хугацааны хэтийн төлөвийг бэхжүүлэхэд шаардлагатай олон нийтийн дэмжлэгийг бууруулж болзошгүй юм.Түүхэн болон аналитик талаас нь авч үзвэл Хятадын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь хэврэг харагдаж байна. Хямрал гарахгүй байсан ч хүн ам зүйн таагүй байдал, өрийн өндөр түвшин, санхүүгийн үр ашиггүй тогтолцоо зэрэг нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах л болно. Гэсэн хэдий ч Засгийн газар зөв тоглолт хийвэл Хятадын эдийн засаг нь зах зээл, нийгэм, байгаль орчны хувьд тогтвортой, дунд зэргийн өсөлттэй гэрэлт ирээдүйг харах боломжтой байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *