Categories
гадаад мэдээ

Давж заалдах шатны шүүх: Дональд Трамп давуу эрх эдлэхгүй DNN.mn

АНУ-ын Колумбийн тойргийн давж заалдах шатны шүүх “Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгох оролдлого хийсэн хэрэгт халдашгүй байдлаа ашиглан давуу эрх эдлэх ёсгүй” гэсэн шийдвэр гаргав. Трампын өмгөөлөгчид шүүхийн энэхүү шийдвэрийг хоёрдугаар сарын 12-ноос өмнө давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Трампыг дэмжигчид Капитолыг дайрах үеэр тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, халдашгүй эрхтэй байсан тул экс ерөнхийлөгчийг үүрэгт ажилтай холбоотой үйлдлийнх нь төлөө эрүүгийн шүүхээр шүүж болохгүй гэж түүний өмгөөлөгчид удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Гэвч энэ үндэслэлийг нь арванхоёрдугаар сарын эхээр Вашингтоны дүүргийн шүүх няцаасан шийдвэр гаргаад байсан бол ийнхүү давж заалдах шатны шүүх мөн адил шийдвэр гаргав. Шүүхийн шийдвэрт “Энэхүү эрүүгийн хэрэгт ерөнхийлөгч асан Трамп иргэн Трамп болсон бөгөөд бусад бүх яллагдагчтай адил эрх ашгаа хамгаалах боломжтой. Ерөнхийлөгч байхад нь хамгаалж байсан аливаа халдашгүй эрх нь түүнийг эдгээр хэргээс хамгаалах ёсгүй” гэж мэдэгдээд “Үндсэн хуульд “хуулийг саадгүй хэрэгжихэд санаа тавих үүрэгтэй” гэж заасан ерөнхийлөгч нь эдгээр хуулийг ял шийтгэлгүй зөрчиж чадах цорын ганц албан тушаалтан болчихвол энэ нь манай улсын түүхэнд гарсан гайхалтай парадокс болох болно” гэж онцолсон байна.

Одоо Дээд шүүхийн шийдвэрээс бүх зүйл хамаарна. Хэрэв Трампын давж заалдах хүсэлтийг Дээд шүүх энэ оны арваннэгдүгээр сарын сонгууль хүртэл хойшлуулчихвал ерөнхийлөгч асан эрүүгийн хэрэг нь дуусаагүй байхад Цагаан ордонд буцаж ирэх боломжтой болно. Хэрэв Трамп дахин ерөнхийлөгч болвол сонгуулийн үр дүнг хүчингүй болгох оролдлого болон нууцын зэрэглэлтэй баримт бичиг хууль бусаар хадгалсан гэсэн хоёр хэрэгт өөрийгөө өршөөж, муж улсын шүүхийн түүний эсрэг бусад хэргүүд зогсох магадлалтай. Өнөөдөр Дээд шүүхийн есөн шүүгчийн зургаа нь Бүгд найрамдах намын шүүгч байгаа бөгөөд эдгээрийн гурвынх нь нэрийг Д.Трамп өөрөө дэвшүүлж батлуулж байсан билээ. Гэхдээ “хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэдэг нь Бүгд найрамдах намынхны баримталдаг гол зарчим юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *