Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

А.Ганчимэг: Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл юм байна DNN.mn

Өдрийн сонины архиваас…………………

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?

-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын бүтээл.

-Таны хувьд энэ удаа ямар дүр бүтээв?

-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно.

-Кинонд яг юуны тухай өгүүлэх вэ?

-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг. Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.

-Киноны зураг авалтыг хаана авсан бэ?

-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг Улаанбаатар хотод авсан.

-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар “UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн гэж хэлэхэд таатай байна.

-Кино хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны аяыг хэн бичсэн бэ?

-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп  дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ, өвөрмөц санагдаж байгаа.

-Жүжигчид кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан. Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.

-Залуу уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?

-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Нэг нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?

-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.

-Та ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг тийм ч амаргүй байсан болов уу?  

-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад байхгүй.

-Одоо таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?

-Охин. Одоо гурван сартай.

-Ээж болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.

-Таны нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?

-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг. Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л байна.

-Кино хэзээ нээлтээ хийх билээ?

-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.

 

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *