Хотын удирдлагууд хүүхдийн зарим тоглоомын талбайн байдалтай танилцжээ.
Нийслэлд хүүхдийн тоглоомын 1,200 гаруй талбайтай бөгөөд 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдгаас 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангажээ.
Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн байна. Тухайлбал 2022 онд энэ тоо 2,453 болж нэмэгджээ.
Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж.
Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474 талбайд зөрчил илэрчээ. Тодруулбал насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна.
Тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой байна.