Categories
гадаад мэдээ

Жо Байден, Дональд Трамп бас Артур Чемберлен DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Йорданд Америкийн гурван цэрэг амиа алдсан дроны цохилтод АНУ хариу өгөх болно гэж мэдэгдсэн ч Ойрхи Дорнодод том дайн хийх шаардлагагүй гэж онцлов. Жо Байден энэхүү цохилтыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл хийсэн гэж Ираныг буруутган “Цагаан ордон ноцтой хариу арга хэмжээ авна” гэж амласанч АНУ яг ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Мөн тэрбээр сэтгүүлчдэд “Ойрхи Дорнодод бүрэн хэмжээний дайн явуулах шаардлага бидэнд байхгүй гэж би бодож байна. Надад ингэх сонирхол алга” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл ХАМАС-тай дайн эхэлснээс хойш тус бүс нутагт Америкийн цэргүүд амь үрэгдсэн ч тус улсын өнөөгийн эрх баригчид Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг хурцатгахгүй бодлого барьж байгааг тодорхой болгов.

Мөн Ираны удирдлага ч өөрийн дэмждэг зэвсэгт бүлгүүдэд цохилт өгч буй АНУ, Их Британийг буруутгасан мэдэгдэл хийхгүй байгаа юм. Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Жо Байдены энэ мэдэгдлийг “Бүс нутгийн бодит байдлыг хурцатгахгүй байх улс төрийн тодорхой зорилготойгоор хийгдсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ираны өнөөгийн төр, засгийн дарлалд зовж бас тэмцэж байгаа 84 сая хүн амыг бүрдүүлж буй иран буюу перс( 60%), азарбайжан(20 %), араб, курд, лур, туркмен, белуж, армян, еврей үндэстнүүдийн хувь заяа АНУ-ын өнөөгийн төр, засгийн санааг огт зовоохгүй байгаа аж. Уг нь дэлхийн II дайн бидэнд улстөрчид нэгэнт тулсан дайнаас зайлах гэж оролдох, дайн хийж буй дайсантайгаа хэлэлцээр хийх аваас ямар их хохирол амсдагийг хангалттай харуулсан. Гэтэл өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Дональд Трамп нар Их Британийн ерөнхий сайд асан Артур Чемберлений алдааг давтах гэж хичээсээр байна. Хүн төрөлхтөн “Түүх давтагддаг. Эхний удаа эмгэнэлт явдал, хоёр дахь удаагаа инээдэм болдог” гэдгийг харж байна. Иймээс бид хэн гэдэг Америк “Уинстон Черчилль” гарч ирж эдгээр “Хос Чемберлен”-ий халааг авахыг л харах үлдэв.

Учир нь ирж яваа цаг үүнийг шаардаж байгаа юм. Тэгээд ч Сиритэй хиллэдэг Йордан дахь АНУ-ын “Tower 22” агаарын баазад дроноор цохилт өгсний улмаас АНУ-ын гурван мянга орчим цэргийн албан хаагчийн гурав нь амиа алдан 34 нь шархадсан явдал зүгээр өнгөрөхгүй нь тодорхой.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *