Categories
гадаад мэдээ

Дональд Трампд ирж буй анхны “том цохилт” dnn.MN

Зохиолч, сэтгүүлч Жан Кэрролл “Нью-Йоркийн их дэлгүүрт 1996 онд Трамптай таарсан. Трамп өөр эмэгтэйд бэлэглэх гэж сонгосон дотуур хувцсаа өмсөж үзэхийг надаас хүсэхэд би зөвшөөрсөн бөгөөд Трамп хувцас солих өрөөнд шууд над руу дайрч хүчиндэх гэж оролдсон” гэж шүүхэд өгч, 2023 оны тавдугаар сард тангарагтны шүүх Трампыг Жан Кэрролыг хүчиндэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзэн шүүхээс зохиолч эмэгтэйн хохирлыг барагдуулах таван сая долларыг Трампаас гаргуулах шийдвэр гаргасан билээ.

Экс ерөнхийлөгч энэ түүхийг бүхэлд нь худал зүйл, шүүхийн шийдвэрийг “гутамшиг”, “хамгийн аугаа шулмын ан” гэж нэрлэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн юм. Харин Кэррол түүнийг гүтгэсэн хэргээр дахин Трампын нэр дээр шүүхэд гомдол гаргаж, сэтгэл санааны хохиролд 24 сая доллар нэхэмжилсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн даваагаас баасан гаригт эл хэргийг Нью-Йоркийн тангарагтны шүүх хэлэлцэж, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг зохиолч Жан Кэрролын нэр төрд нь халдсан хэмээн үзэж Трампаар 83.3 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргав. Энэ мөнгөний 18.3 сая ам.долларыг зохиолч эмэгтэйн нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, харин 65 сая ам.доллар нь худал мэдүүлэг өгсөн хэмээн улсад төлөх торгууль юм. Талуудын маргааны үеэр Жан Кэрролын өмгөөлөгч үг хэлж эхлэхэд Дональд Трамп шүүхийн танхимыг орхин гарсан нь нийтийн сүлжээнд шуугиан тариад байна.

Ерөөс экс ерөнхийлөгчийн нэр дээр шүүхэд очоод буй Капитолын ордныг дайрсан хэрэг, Татварын буцаан олголттой холбоотой хэрэг, “Трамп ТББ”-ын татвараас бултсан хэрэг, Нууц бичиг баримт хууль бусаар хадгалсан хэрэг, Сторм Даниэлс гэх “порно од” эмэгтэйд хахууль өгсөн хэрэг гэх мэт бүх хэрийнх нь дээд ялыг нэгтгэвэл Дональд Трамп 700 жил шоронд хоригдох ёстой болчихоод байгааг BBC мэдээлсэн.

Харин анхны хэрэг нь ийнхүү торгуулиар өндөрлөв. Гэхдээ шүүхийн энэ шийдвэр түүний ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлд далдуур маш том цохилт болж байгаа билээ. Яагаад гэвэл ерөнхийлөгчид нэр дэвшихэд мөнгө чухал үүрэгтэй. Трампын хувьд 83.3 сая ам.доллар алдана гэдэг том хохирол.

Хамгийн гол нь шүүхийн энэхүү шийдвэр төрөл бүрийн зэвсгээс гадна эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэгсэл гэх мэт дайны бараа үйлдвэрлэх жинхэнэ эзэд болох үйлдвэрийн дийлэнх хувьцааг эзэмшигч “том”-чууд түүний өрсөлдөгч Никки Хэйлийг дэмжих санд их хэмжээний мөнгө хандивлах боломж нээгээд өгчихөж байгаа юм. Эдгээр “том”-чууд нь АНУ-ын ерөнхийлөгчид хэн нэр дэвшихийг шийдэх ирэх сарын 8-нд эхлэх Дээд шүүхийн хэлэлцүүлэг бас долдугаар сард болох Бүгд найрамдах намын их хурлын шийдвэрт хуулийн дагуу ихээхэн нөлөө үзүүлж чадах хүмүүс.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *