Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Төвөггүй” DNN.mn

Грег Маккеоүны “Төвөггүй”. Орчуулагч Ж.Самдан монгол хэлнээ орчуулжээ. Энэхүү ном нь 15 бүлэгтэй бөгөөд бүлэг бүр нь өөр өөр ухагдахууныг илтгэнэ.

Төвөгтэй амьдралаас төвөггүй оршихуйг бүтээх нь.

Ихэнх хүн ядарч туйлдсан ч амрахын оронд үргэлжлүүлэн илүү хөдөлмөрлөдөг. Үнэн хэрэгтээ сөхөрч унаталаа ажиллаж амжилтад хүрнэ гэх өнөө үеийн үнэлэмж юм.

Өөрийгөө дайчилъя гээд ч хүч үлдээгүй үед, хурдан гүйгээд байгаа хэр нь бариа ойртохгүй байгаа мэт санагдах үед, улам илүү хичээмээр байвч эрч хүч дутагдах үед, аливаа зүйл одоо байгаагаасаа ч амаргүй, хэцүү санагдаж байвал энэ ном танд бага ч болов эргэцүүлэх боломж олгох ажээ.

Бүх зүйл хэцүү байх албагүй. Нэгэн компанийн ажилтан МакГиннис олон цагаар ажиллаж, амралтын болоод баярын өдрөөр ч амарч байгаагүй аж. Албан ажлаар гадагшаа явж, бусдаас орой тардаг. Бие нь өвдөж байсан ч гэртээ харихгүй гэсээр ажлаа хийнэ. Амьдралаас хүссэн бүхнээ олж авах гол түлхүүр нь шаргуу хөдөлмөрлөх хэмээн үздэг байв. Олон цагийн уйгагүй хөдөлмөр нь түүнийг хэзээ нэгэн цагт шагнана гэж боддог байжээ. Гэхдээ тэр нэг л өдөр дампуурсан компанид ажиллаж байснаа мэддэг. Оройн цагаар офисстоо сууж өнгөрүүлсэн цаг хэнд ч хэрэггүй хий хоосон зүйл болно. Компани нь дампуурснаас хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Тэрээр эмнэлэгт үзүүлж нэлээд хэдэн шинжилгээ өгнө. Чухамдаа стрессээс болж эрүүл мэнд нь муудсан байж.

Түүнд энэ асуудлаас гарах гурван зам байв. Зүгээр л энэ чигээрээ зүтгэн амь насыг нь авч одтол ажлаа хийх. Хүсэл мөрөөдлөөсөө ухран илүү доогуур зорилт тавин түүндээ хүрэх. Эсвэл хүссэн амжилтдаа хүрэх илүү хялбар арга замыг олох. Тэрээр гурав дахийг нь сонгоно.

Ажиллах цагаа багасгаж, оройн 17:00 цагт гэртээ харьдаг болов. Амралтын өдрөөр цахим шуудан илгээхээ больж, нойроо бүтэн авдаг болжээ. Мөн явган алхаж, эрүүл хооллож эхлэв. Үр дүнд нь тэр 10 гаруй килограмм хаяжээ. Эргээд ажил, амьдралаасаа эрч хүч авч эхлэв.

Хором мөч бүхэнд шинээр эхлэх боломж байдаг. Шинээр сонголт хийх боломж. Илүү хэцүү замыг сонгох уу. Эсвэл арай хялбараар явах уу.

Төвөггүйн үр дүн гэж юу вэ. Энэ талаар дараах зүйлийг өгүүлнэ. Тодорхой зорилготойгоор төвөггүйгээр үйлдэж хийж, тогтмол хурдтайгаар ажиллах юм.

Суралцах: Зөвхөн баримт, арга барил төдийгүй зарчимд суралцах. Мундаг хүмүүсийн туршлагыг өөртөө ашигтайгаар хэрэглэ. Мэдлэгээ өргөжүүл.

Олшруулах: Бусдад мэдлэгээ зааж өгснөөр өргөн хүрээний нөлөөлөл бий болно. Заасан зүйлээрээ амьдар. Ингэх явцдаа хэр их зүйлийг өөрөө сурч авснаа олж мэд. Ойлгож давтахад хялбар түүхийг бусдад ярьж өг.

Автоматжуулах: Тархиндаа аль болох олон чухал ажил үүргийг автоматжуулах замаар оюун ухаанаа чөлөөл. Ой санамжиндаа найдахгүйгээр тухайн бүрдээ зөв хийж байхын тулд шалгах хуудсыг ашигла. Зөвхөн чухал зүйлдээ цагаа зарцуул.

Итгэх: Итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүл. Ингэхдээ шударга, ухаалаг, санаачилгатай хүмүүсийг ажилд ав. Үр дүн, үүрэг, дүрэм, журам, урамшууллыг тодорхой болгохын тулд итгэлцлийн гэрээ боловсруулах.

Сэргийлэх: Аливаа асуудлыг урьдчилан тооцоолох юм. Маргааш болох хүндрэлээс сэргийлж, энгийн арга хэмжээг өнөөдөр ав. Долоо хэмжиж нэг огтол гэдэг.

Амьдралыг бид өөрсдөө л хэцүү, төвөгтэй болгодог. Заавал тийм байх албагүй. Роберт Фростийн бичсэнээр “надад унтахаасаа өмнө биелүүлэх ёстой амлалт, туулах ёстой зам байна. Таны замд ямар ч сорилт, саад бэрхшээл тулгарсан ч илүү хялбар, илүү энгийн зам үргэлж байдаг гэдгийг санаарай хэмээн өгүүлжээ.

Ном уншаад л олон асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ энэхүү номыг уншсанаар асуудлыг арай хялбараар даван туулахад тусалж магадгүй л юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *