Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гурван Ерөнхий сайд ял эдэлж байна

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр өчигдөр шүүхээс таван жилийн ял сонслоо. Түүнийг Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трэдинг” ХХК, “Айвонхоу Майнз Монголиа Инк” компанитай 2009 оны 9-р сарын 1-ний Шатах, тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трэдинг” ХХК 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгасан.

Тиймээс хууль бусаар олсон гэх 418.3 тэрбум төгрөгийг хураах шийтгэл оногдууллаа. Мөн түүний найз Ч.Даваанямд 2 жилийн хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улс ардчиллын замыг сонгосон 30 жилд шүүхээр таслан шийдвэрлэгдэж ял сонссон дөрөв дэх Ерөнхий сайд С.Баяр боллоо. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан гурван хүн эрх мэдлээ хасуулан өргөст торны цаана ял эдэлж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Энхбаяр шоронгоос суллагдаад буй юм.

Улсын баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 6-ны өдөр 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс зургаан жил хорих ял оноосон. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед цагдан хоригдож, хорих ангиас УИХ-д өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрч.

Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдын хамгийн олон буюу 22635 санал авсан Ж.Эрдэнэбатыг шүүхээс улс төр дэх нөлөөгөө ашиглан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон. хэмээн шийтгэсэн.

Мөн түүний хамтрагч Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ял ногдууллаа.

Харин Д.Түвшинжаргал нарыг бусадтай хамтран эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жилийн хорих ял,  Д.Ганбатыг мөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан юм.

Эрхээ хасуулан хоригдож буй гурав дахь Ерөнхий сайд бол Мэндсайханы Энхсайхан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд түүнийг эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, 4 жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.

Ерөнхий сайд асан тэрбээр 2020 оны долоодугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна” хэмээсэн.

Ерөнхий  сайдын сэнтийд заларч албан тушаалынхаа эрэмбээр туйлж явсан эрхмүүд өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Албан тушаал, авлигын гэмт хэрэгт гагцхүү төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд холбогддог ч хууль хяналтын байгууллагынхан жараахай барихаас хэтрэхгүй байгааг нийтээрээ шүүмжилсээр өнөөг хүрсэн. Тэгвэл “тул” барьж эхэлснээ өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорих ял оноосноор “зарласнаас” хойш гурав дахь Ерөнхий сайд өчигдөр хорих ялын тогтоол сонслоо.

УИХ-ын ээлжит сонгууль давхацсан энэ жил Ерөнхий сайдуудаас гадна УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр болон жил тойрон үргэлжилсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц нар хорих ял авлаа. Хэдэн жил яригдаж, хойшлогдсоор асан эрх мэдэлтнүүдийн холбогдсон дуулиант хэргүүд УИХ-ын сонгуулийн өмнө, хойно ар араасаа шийдэгдэж, ялтан болгосоор байгааг нийгэмд хоёр талтай хүлээн авч байна. Нэг хэсэг нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүд улсыг хохироосон бол шийтгэлээ хүртэх нь зүйн хэрэг гэж үзэж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *