Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны анхны хуралдаан өнөөдрийн /2024.01.03/ 12 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сары 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
Хуралдаан Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, “2023 оны зургадугаар сард Байнгын хорооноос Отрын бүс нутаг болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн оны аравдугаар сард Байнгын хорооноос дээрх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох асуудлыг ирэх долоо хоногийн хуралдааны хуваарьт оруулах саналтай байна” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийн явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл сонсох асуудлыг цаглаварт тусгах нь чухал” гэсэн санал хэлэв.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл бэлтгэх тухай албан бичгийг Засгийн газарт хүргүүлээд мэдээлэл сонсох нь зүйтэй. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий мэдээлэл авсан. Газрын багц хуулийн төсөлтэй хамт энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Ирэх долоо хоногт Байнгын хорооны гишүүд эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хоёр яамныхантай уулзана. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалтай газар нутгийн талаар болон Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн явцтай холбоотой мэдээлэл авах тул энэ сарын хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах шаардлагагүй” хэмээн хариулж байлаа.
Ингээд Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав. Уг тогтоолын төсөлд Байнгын хороо нэгдүгээр сард Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, хяналт шалгалтын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгажээ.
Дараа нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын бодисын хэрэглээний талаар нухацтай хэлэлцэх шаардлагатайг дурдаад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Аливаа асуудал хэлэлцэхэд санал тэнцэхгүй байх зарчмыг хангах үүднээс Ажлын хэсгийн гишүүдийг сондгой тоогоор бүрдүүлдэг. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Идэрбат нарыг нэмж Ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналтай байна гэж байлаа.
Ингээд Ажлын хэсэгт дээрх хоёр гишүүнийг нэмж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.