Онцгой байдлын байгууллагаас өнөөдөр 2023 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2023 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм.
Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тухайлбал, нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж, 3974 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах баг БНТУ-д тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод дэлхийн 70 орчим улсын 11 мянга гаруй аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн нь мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харууллаа.
Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 2.6 тэрбум, тусгай зориулалтын хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн хангалтад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өнгөрсөн оноос автомашины хангалт 11.7 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалт 24.8 хувиар өссөн байна.
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны тогтоолоор “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги, Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг тус тус эхлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.