Атомын цахилгаан станцын талаар хамгийн их бичдэг, ярьдаг хүн бол Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр юм.Ингээд түүнтэй ярилцсанаа сонирхуулъя.
-Монгол Улс уран олборлох гэрээг Францтай байгуулчихлаа.Олон нийтийн зүгээс эсэргүүцэл нэлээд байна шүү?
-Ганцхан Монголд гэлтгүй мэдэхгүй, чадахгүй зүйлээс хүн төрөлхтөн айсаар ирсэн.Хүн үүссэн цагаасаа эхлэн тэнгэрийн дуу, аянга цахилгаанаас хүртэл айдаг байсан. Гэтэл аянга цахилгаан чинь эрчим хүчний үүсвэр төдий, зай хураагуурын цэнэглэгч хэмжээнд оччихлоо. Оросуудаас айдаг шигээ уранаас эмээх эртний эмгэг өвчин бий.
-Уранаас болж ургийн гажиг үүсдэг гэсэн яриа бий?
-Харин тийм.Уран цацрагийн эрсдэлтэй, химийн хувьд хоруу чанартай нь үнэн.Уранаас ургийн гажиг үүсдэг бол мал гэлтгүй хүнд хүртэл өвчлөл үүсэх ёстой.Тухайлбал хоёр толгойтой ч юм уу, гурван хөлтэй хүүхэд байх ёстой. Ийм гажигтай хүүхэд Энэтхэгт их гардаг шүү дээ. Агаар орчны бохирдол, хүнс тэжээлийн дутмагшлаас үүдэн ургийн гажигтай хүүхэд төрдөг.Малын тухайд цус ойролт ихэссэж битүү бөгстэй хурга ишиг, хоёр толгой тугал унаганы тухай малчид зөндөө л ярьдаг.Гэхдээ уран хортой биш гэж өмөөрч байгаа юм биш.Хор хөнөөлийн тухай ярих аваас хонуулсан өндөг бүхэл бүтэн хороо цэргийн амийг авч одсон түүх бий шүү.
-Уран олборлож байсан туршлагагүй ард түмэн гэх нь бий?
-Соц нийгэмд Дорнодын Мардайн ураны уурхайд бүх насаараа хорих ялтай орос ялтнуудыг ажиллуулж байдаг гэдэг. Гэтэл энэ чинь иргэдийг айлгах гэж зохиосон аймшгийн яриа шүү дээ. Мардайн уурхайд ажиллаж байсан эрүүл саруул хөгшчүүл Дорнодод зөндөө бий.Уран бол цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадвал бусад бүх ашигт малтмалтай ижил уурхайн ажил шүү.Би бодохдоо ураныг ашиглахгүй байх Зөвлөлт маягийн зохиомол айдас юм болов уу гэж боддог.Монголчууд их аймхай, шинжлэх ухаанч биш гэдгийг харуулдаг явдал байв.
-Та ураныг их сурталчилдаг хүн дээ?
– Би лам бөө биш харин физикч хүн. Өөрөө хэлбэл уран болон цацраг идэвт ашигт малтмалын сайн муу, эерэг сөрөг талыг олон талаас нь шинжлэх ухаанчаар судалдагтаа ярьж бичээд байдаг юм аа. Монгол Улс хөгжихгүй байна, ядуу буурай, утаатай угаадастай, модон жорлонтой гэж их мэдэгчид амаа цангатал загнадаг. Хөгжил юу юм бэ.Дарга нар төсвөөс хулгай хийх, гадаадад байр авах, хүүхдээ улсын мөнгөөр сургахыг хэлэхгүй.Миний ойлголтоор физикийн шинжлэх ухааны онол болон ололт хүн төрөлхтнийг хөгжил дэвшил рүү хөтлөж явдаг билээ. Хүн төрөлхтөнд гарцаагүй дэвшил рүү түлхсэн ололт бол эрчим хүч. Тийм учраас эрчим хүчний дараагийн ололт амжилтад атомын эрчим хүчинд итгэдэг эрдэмтэн хүний хувьд уранаас айх хэрэггүй гэдгийг тайлбарладаг. Бараг 200 жилийн өмнө эрчим хүчнээс айлгахын тулд зааныг хүртэл цахилгаанаар цохиулж “Зааныг алж байгаа юм чинь хүнийг дор нь хөнөөнө” гэсэн суртал явуулж байсан юм шүү. Керосин дэнгийн бизнесээ хамгаалахын тулд. Уран бол хөгжил дэвшлийн үүд, хаалга, сансар огторгуй руу хүргэх хөлөг онгоцны түлш юм шүү.
-Монгол Улсад хөгжил дэвшил авчирах уу?
-Гайхамшигтай хөгжил дэвшил рүү хөтлөнө.Хоёр хөршийн эрчим хүчнээс хараат байдлаас салах нь тусгаар тогтнол бэхжүүлэх үнэ цэнэтэй.Бид 700 мегаВаттын атомын цахилгаан станц ганцыг барихад эрчим хүчний тусгаар тогтнолын баталгаа байх болно. Шинэ үеийн аж үйлдвэрийн хувьсгалын үндэс болно. Агаарын бохирдол, гэр хорооллыг хаус хороолол болгоно.Мөн үйлдвэрийн бүтээмж өндөрсөж, инфляци буурна шүү дээ.Нэг талхны бүтдэг өртөг буурч бодит орлого нэмэгдэнэ гэсэн үг. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт асар их боломж нээгдэх юм. Дэлхийн өндөр хөгжилтэй Япон, АНУ, Солонгос, хятадуудын хөгжлийн гол нууц гэвэл хямд эрчим хүч шүү дээ.
-Атомын цахилгаан станц барих бололцоотой юу?
-Уран олборлох гээд байгаагийн гол нууц гэвэл Атомын цахилгаан станц шүү дээ. Нэг кг цэвэр уран 1000 вагон нүүрс шатаасан тэнцэх эрчим хүч гардаг.Тэгэхээр уул уурхайн салбарт хэмнэлт авчирна гэсэн үг.
-Атомын цахилгаан станц үнэтэй тусах уу.Тавдугаар цахилгаан станцаа барих мөнгөгүй гэж дуулсан шүү?
-Эрчим хүч өөрөө улс төр шүү дээ.Тавдугаар цахилгаан станцын асуудал тусдаа улс төрийн асуудал.Харин атомын цахилгаан станц барьж өгөх, зээл өгөх, хөрөнгө оруулагчид гарч ирсэн цонх үеийг ашиглах хэрэгтэй.Атомын цахилгаан станц долоон тэрбум ам.долларын өртөгөөр босох болов уу гэсэн барагцаа тооцоо байдаг.
-Ураныг эсэргүүцэгч байдаг.Эсэргүүцэгч нар атомын цахилгаан станцын ажилд саад болох уу?
-Яах вэ дээ. Аливаа ажилд саад болох, хуучин шинэ хоёрын дунд маргаан бол байж болох шүү дээ. Эсэргүүцэгчдэд зөв ойлгуулах, дэмжигч болгох ажлыг төр засаг, эрдэмтэнд хийх хэрэгтэй.Гэхдээ утаанаас салъя, гэр хорооллыг цахилгаанжуулъя гэхэд эсэргүүцдэггүй улс төрийн хүчинтэй, иргэдтэй болох хэрэгтэй. Тийм учраас иргэдээ шинжлэх ухаанч болгон соён гэгээрүүлэх ажлыг дор бүрнээ хийх хэрэгтэй гээд байна.
-Гэр хорооллын ирээдүйд атомын цахилгаан станц хэр нөлөөтэй вэ?
-Хамгийн их нөлөөтэй.Бид гэр хороолол руу эрчим хүч хангалттай өгч дамжуулах дэд бүтэц сайжирч хаус хороолол бий болно. Нүсэр дэд бүтэц тавьж чаддаггүй юм гэхэд бойлууртай, цахилгаанаар халдаг технологитой байхад хаус хороолол босчихно. Яагаад Улаанбаатар тэлдэггүй юм бэ гэхэд эрчим хүч дутагдалтай, хүрэлцээгүй учир Хүн чулууны хонхортоо нүхэн жорлонгуудын нүхнээс нүх хооронд чихэлдэж амьдардаг даа.
-Атомын цахилгаан станц далай тэнгистэй улс орнууд барьдаг юм биш үү?
-Элсэн цөлийн хотууд атомын цахилгаан станц барьсан байдаг шүү дээ.Мэдээж хиймэл нуур, бороо усны хураагуур барих шаардлагатай.Мөн гэр хорооллын аалзны тор шиг цахилгаан дамжуулах чадварыг сайжруулах хэрэгтэй. Тийм учраас дэд станц, цахилгааны утас зэргийг урьдчилан сайжруулан байгуулах хэрэгтэй. Ерөнхийдөө “Атрын аян” гэдэг шиг Атомын цахилгаан станц барихын тулд бүх нийтээрээ зориглон хөдлөх цаг болжээ.“Соц” маягийн урам зориг, кампанит ажилд шиг нийтээрээ нэгдэн хүн төрөлхтөн, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах цаг болсон.
-Хөрөнгө санхүү дээр санаа зовох зүйл байгаа юу?
-Байлгүй яах вэ. Францаас хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд 3.2 тэрбум ам.доллар оруулах гэж байна. Тэр мөнгийг төсвийн цоорхой, улс төрийн сонгуулийн хий хоосон амлалтаас хол байлгаж атомын цахилгаан станц руугаа хиймээр байгаа юм. Оюу толгойгоос орж ирсэн мөнгийг шиг урьдчилаад идэж болохгүй.“Бүхнийг фронт”-д гэдэг шиг эрчим хүчийг түгээх дэд бүтэц, атомын цахилгаан станц барихад хүн бүрийн хүчин чармайлт, цент бүрээ зориулах ёстой гэж боддог.
-Арай сүржин үү, үгүй юу?
-Уранаас илүү Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул тарьж байна. Хотын нийт газрын 98 хувь хөрсний бохирдолтой гээд гарчихсан байхад яаж тайван суух вэ. Энэ хөрсний бохирдол хорт хавдарын өвчлөлөөс салахад Атомын эрчим хүч нөлөө үзүүлнэ гэж итгэдэг. 3,2 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод ажлын байр нэмэгдүүлж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байх шүү. Бидэнд өөр боломж гарц гаргалгаа харагдахгүй байгаа учир барын сүүлнээс тавьж болохгүй.
-Атомын цахилгаан станц тусгаар тогтнолын баталгаа мөн үү?
-Мөн байлгүй яах вэ.Эдийн засгийн болон батлан хамгаалахын баталгаа болж чадна. Мөн шинжлэх ухааны салбарт том хөрөнгө оруулагч болно.
Б.ДОРЖ
One reply on “Н.Тэгшбаяр:Атомын цахилгаан станц тусгаар тогтнолын баталгаа DNN.mn”
Тэгшээ ахын яриад байгаа санаа маш зүйтэй байдаг төр засаг нь дэмжээд ийм хэдэн сайн технократууд улс орны урт хугацааны хөтөлбөр боловсруулбал арай дээр байдаг даан ч МАНАн бүлэглэл түүний гар хөл бологсод цүнх баригчид гэх сонин систем тогтолцоотой болхоор яалтай билээ.