Categories
мэдээ эдийн-засаг

Э.Мөнхзул: Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа бүс нутагт чиглэн хөгжих боломж бүрдлээ DNN.mn

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзултай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүн өмнөд Ази руу чиглэсэн төрийн айлчлал Лаос улсад үргэлжиллээ. Монгол Лаосын түүхэн уламжлалт харилцааны талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Өнөөгийн Лаосын анхны вант улс манай эриний өмнөх VIII зууны үед үүсэн байгуулагдсан хэмээн түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Лаосын их хаан Фа Нгум XIII зуунд тархай бутархай олон аймгийг нэгтгэн Лансан буюу Сая зааны вант улсыг байгуулснаар өнөөгийн Лаос улсын эх үндэс тавигджээ. Лаос улс тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалан үлдэхийн төлөөх урт хугацааны хүнд тэмцлийн жилүүдэд гадаад орчинд шинэ түншүүдийг эрэлхийлж байсан юм. Энэ цаг үед БНЭУ-д суугаа Монголын Элчин сайдын яам Дели дахь Лаосын Элчин сайдын яамны дипломатуудтай анх удаа дотно холбоо тогтоосон. Улмаар 1958 онд БНМАУ-ыг ЮНЕСКО, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст гишүүнээр элсэхэд дэмжиж өгөхийг Лаосын Засгийн газарт хүсэлт болгож байсан явдал нь манай хоёр орны харилцааны эхлэл тавигдах оролдлогуудын нэг байв.

Монгол Улс 1961 оны аравдугаар сард НҮБ-д гишүүн элсэхэд Лаосын вант улс биднийг тууштай дэмжиж байсан. Эндээс хоёр орон нэг нэгийгээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт харилцааны суурь тавигдсан гэж үзэж болохоор байна.

Ийнхүү Монгол Лаосын хувьд дипломат харилцаа тогтоох сонирхол давхцаж, гадаад, дотоод орчин бүрэлдээд байсан үе л дээ. Улмаар 1962 оны есдүгээр 12-нд албан ёсны дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон юм. Манай талаас 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Лаост айлчилж байв. Харин манай улсад Лаосын талаас Ерөнхийлөгч Суфанувонг 1980, 1985 онд, Ерөнхийлөгч Чуммали Саяасон 2007 онд тус тус айлчилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулахуйц өндөр ач холбогдолтой. Цаашлаад улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон ихээхэн үр дүнтэй айлчлал боллоо гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар талууд ямар, ямар тохироонд хүрэв. Хэд хэдэн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагдсан. Үүний ач холбогдол цар хүрээг нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ. Хоёр улс “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа. Ингэснээр манай хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгана гэсэн үг. Түүнчлэн мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө. Тэгвэл “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр” нь ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлж хамгаалах юм. Энэ хүрээнд хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломж бүрдэнэ гэж харж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар зурагдсан бас нэг хэлэлцээр бол аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг. Уг хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх аж. Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой. Бас “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр талын салбар яамд байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөл бүрдэнэ. Дээрхээс гадна талууд хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Монгол Лаосын соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар урлагийн үзэсгэлэн, тоглолт, кино үзвэр зохион байгуулахаас гадна дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх боломж бүрдэж байна.

-Лаос улс нь бүс нутагтаа далайд гарцгүй цорын ганц орон. Тус улс эдийн засгийн хувьд ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?

-Газар нутгийн ихэнх хэсэг нь ойгоор хучигдсан уул нуруудтай. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс, цэхэр индранил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй улс. Лаосын эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй дээр суурилдаг. XX зуунаас хойш гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамааралтай байгаа. 1976 оноос социалист эдийн засгийн журамд орсон бол 1986 онд төрийн оролцоог танаж, хувийн хэвшлийг зөвшөөрчээ. 1980 он гэхэд Лаосын Засгийн газар илүү прагматик бодлого баримталж эхэлсэн. 1986 онд чөлөөт зах зээлд чиглэсэн шинэчлэлүүдийг хийж байв. Түүнээс хойш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зэрэгцэн ажиллаж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.

Худалдааны гол түншүүд нь Тайланд, Вьетнам, Хятад, Малайз зэрэг улсууд юм. Гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь Тайландад, 25 хувь Вьетнамд, 10 орчим хувь нь Хятадад, үлдсэн хувь нь бусад орнуудад ногддог. Лаосын эдийн засаг 20-иод жилийн хугацаанд жилд дунджаар долоон хувиар буюу тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлт аажмаар буурсан. Энэ нь COVID-19 тахлын үеэр илүү тод илэрч, Лаос улс гаднын нөлөөнд хэт өртөмтгий эмзэг болсон. Засгийн газар вирусийг дарахын тулд шийдэмгий алхам хийсэн боловч ажлын байр, амьжиргаагаа алдахад хүргэж, гадаад валютын орлогыг бууруулсан талтай. 2023 оны тавдугаар сарын байдлаар инфляци өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиас давсан үзүүлэлттэй байна. Зээл, тусламжийн хувьд нэг жилд дунджаар 390 сая ам. доллар. Гол хандивлагчид нь Япон, Франц , БНСУ юм. Францын тал Лаост бүх салбарт шууд болон шууд бус замаар хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Япон гэхэд жил бүр Лаост 100 гаруй сая ам.долларын зээл тусламж үзүүлдэг.

-Ингэхэд Монгол Лаосын эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх боломжтой вэ?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн хамтын ажиллагаатай харьцуулахад хангалтгүй байна. Тухайлбал, худалдааны эргэлт 2021 онд 172.2 мянган ам.доллар, үүнээс экспорт 1.82 мянган ам.доллар, импорт 170.46 мянган ам.доллар байсан. Тэгвэл 2022 онд энэ дүн буурч 45.6 мянган ам.доллар болов. Үндсэндээ экспорт байхгүй, импорт 45.6 мянган ам.доллар байсан гэсэн үг.

1977 оноос Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр Лаосын 130 гаруй оюутан анагаах ухаан, хөдөө аж ахуй, хэл зүй, түүхийн мэргэжлээр манай улсын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Мөн 1984 онд Монгол Улс Лаост хүн эмнэлгийн 60 ортой “Лаос, Монголын найрамдал” эмнэлэг, 200 хонь, ямааны аж ахуйг 13.1 сая төгрөгт багтаан буцалтгүй тусламжаар байгуулсан нь одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Бид Лаосоос юу, юу авах боломжтой вэ. Мөн тэд Монголоос юу авахыг сонирхож байгаа юм бол?

-Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энэ давуу талаа ашиглан Монголоос арьс ширэн бүтээгдэхүүн, хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс, малын эм, вакцин авах сонирхолтой. Харин Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, жимс жимсгэнэ нийлүүлэх өргөн боломж бий.

Цаашид хоёр улс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой боллоо. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

-Ерөнхийлөгчийн Лаос улсад хийсэн айлчлалыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Бид ямар үр дүн хүлээж болох вэ?

-Өнгөрсөн 60 жилийн харилцаанд түүхэн сургамж, тулгамдсан асуудлууд багагүй байлаа. Юуны өмнө бодит хүчин зүйл, тэр дундаа хил залгаа орны хувьд Хятад, Вьетнамын нутгаар дамжуулан тээвэр хийх, олон улсын төмөр замын сүлжээ, ложистикийн төвүүдээс алслагдмал байршилтай, сул хөгжсөнтэй холбоотой. Мөн улс дамнасан тээвэр, импорт, экспортын тарифын хөнгөлөлтийн асуудал бүрэн шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм. Энэ нь худалдаа, эдийн засаг төдийгүй бусад салбар харилцаа сул, зарим харилцаа огт хөгжөөгүйн гол шалтгаан хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал манай гадаад бодлого, харилцааны түүхийн салшгүй нэгэн хэсэг. Хамгийн чухал нь Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутагт чиглэсэн цаашдын хэрэгжилтэд тусгалаа олоход хувь нэмэр оруулахуйц айлчлал боллоо хэмээн харж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *