Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гээс энэ сарын хоёрны пүрэв гаригт Стокгольм хотноо “Дэлхийн ардчиллын төлөв байдал”-ыг танилцууллаа. Тайлангийн тухай нийтлэлийн эхэнд Сакчай Лалит/AP-д тавигдсан/-ын “Бангкок дахь цагдаа нарын өмнө зогсож буй алиалагчийн хувцас өмссөн ардчиллыг дэмжин жагсагч” фото зургийг тавьж, сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхий дахинд ардчиллын түвшин хэрхэн буурсан тухай баримтуудыг дурдаж, “Дэлхийн ардчилсан улс орнуудын бараг тал хувьд нь ардчиллын түвшин буурсан” гэсэн дүгнэлтийг DW онцлов.
“Дэлхийн ардчиллын төлөв байдал” тайланд дэлхийн 173 орны 85-д нь сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж нэг салбарт нь ардчиллын стандарт суларсан байна гэж тэмдэглэн Европ, Ази, Хойд Америкийн түүхэн, хүчтэй ардчилсан уламжлалтай гэгддэг улсуудад ч энэхүү сөрөг хандлага гарч байгаа баримтуудыг дурджээ. “Америкийн нийгмийн бүлгүүдийн тэгш байдал буурч, Австри дахь хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, Их Британид шударга ёсны эрх чөлөө хүртэх явдал буурах гэх мэтээр тогтвортой байсан ардчилал уналтад орж байна” гэж анхааруулжээ. Мөн Унгар, Австри, Перу зэрэг улсууд шүүхийн явцад улс төрийн дарамт шахалт үзүүлж, хууль дээдлэх ёсыг сулруулж байгаа баримтуудыг нийтэлжээ.
Орос, Беларусь, Азербайжан, Турк улсуудын ардчиллын түвшний үзүүлэлтүүд нь Европын дунджаас хамаагүй доогуур түвшинд хүрснийг харгалзан Европын төв хэсгээс “тусгаарласан” болохыг уг тайланд бичсэн байна. Энэхүү тайланг бичилцсэн Майкл Рэйни “2023 онд ардчиллын чиглэлээр ахиц дэвшил гарсан улс орноос ардчилал суларч байгаа тоо нь олон байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн ардчиллын түвшин ингэж буурч байгаа явдал нь 1975 оноос энэхүү судалгааг хийж эхэлснээс хойших IDEA-д тэмдэглэгдсэн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй “ардчиллын уналт болж байна” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр COVID-19 тахалтай холбогдон ардчиллын бууралт гарсныг онцолсон байна.
IDEA дэлхийн ардчиллын түвшин ийнхүү буурч байгааг амьжиргааны өртөг нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт болон Украинд Оросын түрэмгийлэл гэх мэт бусад зэвсэгт мөргөлдөөний нөлөөллөөс болж буй хямралтай уялдуулж үзэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч уг тайланд зарим эерэг өөрчлөлтүүдийг тэмдэглэв. Төв Европын хэд хэдэн оронд хууль дээдлэх салбарын байдал сайжирч, Африкийн хэд хэдэн улсад авлигын түвшин буурч, улс төрийн амьдралд иргэдийн оролцоо нэмэгдсэн тухай баримтуудыг хавсаргажээ.
Энэхүү тайланг энгийн үгээр тайлбарлан дутуу зүйлийг нь нэмж дурдвал, Өнөөдөр НҮБ-д гишүүн 193 мөн ажиглагч эрхтэй хоёр улс бий. Эдгээрээс ардчилал ямар нэг хэмжээгээр байдаг хэмээн 173 улсыг авч бүрэн ардчилалтай 20, Монгол мэтийн хагас ардчилалтай 54 улсыг нийлүүлэн ардчилсан улсын ангилалд багтаадаг. Мөн холимог тогтолцоотой гэсэн ангилалд 34 улс байгаа бөгөөд үлдсэн улс нь дарангуйллын тогтолцоотой ч ардчиллын ямар нэг элементийг хадгалдаг улсууд юм. Харин Ардчилал суларсан гээд байгаа нь энэхүү 173 улсад төр, засгийн албан хаагчид баялаг бүтээгчдээ ойлгохгүйгээс хүнд суртал үүсгэн, ажилд нь саад болж бас янз бүрийн арга хэрэглэн авлигажаад байгааг хэлж байгаа хэрэг. Харин төр, засгийн албан хаагчид ингэж ардчиллыг сулруулж буйн үндсэн шалтгаан нь тэд бусад иргэдтэйгээ адил маргаашдаа итгэх эдийн засгийн боломжгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлснээс хойш ардчилсан улсуудад хэрэгцээний өртөг эрс нэмэгдэн улс татвараар төсөв бүрдүүлж, иргэд цалингаараа хангалттай амьдарч чадахгүй болчхоод байна. Гэхдээ Аж үйлдвэрийн IV хувьсгал хэрэгцээний өртгийн эрс нэмэгдлийг зохицуулах хэн ч аль ч хувьцааг худалдан авах цоо шинэ боломжийг бий болгож өгсөн. Иймээс хангалттай төсөв, орлого бүрдүүлэх ганц гарц нь иргэд төдийгүй яам, агентлагийн албан хаагчид эхний шатанд тогтвортой валют олох дотоодын хуулийн этгээдийн хувьцааг худалдан авч тогтмол орлого олж, энэхүү орлогын тодорхой хэсгээр дараагийн ээлжид дэлхийн том компаниудын хувьцааг худалдан авч төсөв болон орлогоо бүрдүүлэх явдал. Ингэж гэмээ нь төр, засгийн албан хаагчид өөрсдөө баялаг бүтээгчид болж баялаг бүтээгчдийг ойлгодог болсноор хүнд суртал бүрэн арилах төдийгүй хувьцааны орлогын ачаар маргаашдаа итгэх эдийн засгийн баттай итгэл бүрдэн авилгаар хөөцөлдөх шаардлагагүй болно. Ийнхүү хүнд суртал, авлига бүрэн арилж ардчилал бэхжих гол үндэс бий болсноор байгаль хамгаалал, орчны бохирдол, хотын түгжрэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхэд хамгаалал, тэтгэмж, тэтгэвэр, цалин хангамж, орон сууц, спорт цогцолбор, эмнэлэг, боловсролын асуудал нэг мөр зөв шийдэгдэнэ.
Маш товчоор өнөөдөр дэлхийн ардчилал зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх хэмээх өнчин тулгууртай байгаа учир бага зэрэг салхи гарахад л шурган унаж, шороотой хутгалдаад байгаа юм. Харин энгийн иргэд болон төр, засгийн албан хаагчид хувьцаа эзэмшиж унтаад босохдоо л валютын орлого олдог болсноор эдийн засгийн хэмээх бас нэг гол тулгуур нэмэгдэн ардчилал хоёр хөл дээрээ бат зогсож чадах төдийгүй “алиалагч” хэмээх хочноосоо үүрд ангижирна. Харин хөгжил, дэвшлийг оосорлон арагш нь татаж буй татвар зөвхөн бүртгэлийн үүрэг гүйцэтгэх ёстой юм.
Г.АМАРСАНАА