Categories
мэдээ нийгэм

Д.Үүрийнтуяа: Улс төрд дарга, цэргээс илүү багаар тоглогчид дутагдаж байна DNN.mn

-Эмэгтэйчүүдийн хүчирхэг багийг бүрдүүлж, менежерээр нь ажиллана –

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Нийгмийн удирдлагын менежер төдийгүй эрхзүйч мэргэжилтэй, хүн амын хөгжил, нийгмийн бодлогын чиглэлээр ажилласан туршлагатай хүн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад олзуурхаж байна. Та яагаад нэрээ дэвшүүлэхээр шийдэв?

-Зөвхөн Ардчилсан намын эмэгтэйчүүд гэлтгүй Монгол Улсын хүн амын 51 хувийг эзэлдэг нийт эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулах нь манай намын нэн тэргүүнд тавих бодлогуудын нэг юм. Эдийн засгийн хүнд байдал, авлигал, хээл хахууль, ардчиллаас ухарсан алхмууд гэх мэт Монголд тулгамдаад байгаа олон асуудлыг бүсгүйчүүдээр дамжуулан шийдвэрлэх маш их боломж байна.

2024 оны Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг 30 хувь хүртэл квотоор дэмжиж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд гаргаж ирэх боломж хууль эрх зүйн орчинд бүрдэж байна. Тиймээс АЭХ-ноос бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг нэгтгэж, багаараа, илүү олуулаа амжилттай оролцохын тулд улс төрийн сонгууль болоод намын анхан шатнаас эхлээд бүх түвшинд ажиллаж үзсэн олон жилийн мэдлэг чадвар, туршлагаа хуваалцаж ажиллах зорилго маань энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн.

Манай эмэгтэйчүүд нам дотроо бүгд бэлтгэгдсэн байна. Гэвч улс төрд туршлага хэрэгтэй. Тиймээс бид 30 хувийн квотоор нэр дэвшүүлнэ гэдэг бус 30 хувийн квотод хүрэх үр дүн үзүүлж, тийм хэмжээний эмэгтэйчүүдийг ялалтад хүргэх зорилт тавих нь оновчтой.

-Яагаад заавал Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч гэж. Жендерийн хувьд хязгаарлагдмал биш талбарт ажиллах нь танд илүү ашигтай биш үү?

-Би өнөөдрийг хүртэл жендерийн бус байгууллагуудад ажилласаар ирсэн. Тэр бүх салбарт нь ажиллаж үзсэн учраас би ганцаараа хичнээн зүтгээд, ганцаараа эрчүүдтэй үзэлцээд бид амжилтад хүрэхгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Салбар салбарт манлайлж яваа бүсгүйчүүд маань нэгдэх ёстой юм байна. Хамтдаа чадварлаг, хүчирхэг болох учиртай юм байна. Тийм хүчирхэг багийг эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулж бүрдүүлэх ёстой юм байна. Асуудлуудыг хамтран тавьж, шийдвэрлэхийн төлөө тууштай тэмцэх ёстой юм байна гэж үзэж байгаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Монголын улс төрийн хамгийн том хоёр намын нэгнийх нь дэргэдэх байгууллага. Энэ ч утгаараа Монгол Улсын асуудлыг ч мөн эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан шийдвэрлэх боломжтой. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө хэрэгжүүлэх боломж нь бидэнд байна.

Ер нь зөвхөн эрчүүдэд найдаад явж болохгүй юм байна. Бид маш олон эрчүүдийг дэмжиж ирсэн. Маш олон жил тэдний арын баг болж ажилласан. Бид анхан шатанд ажиллаж, эрчүүдийн ар талын бүх ажлыг хийсээр ирсэн болохоос биш бид өөрсдөө явна, урд нь гарна, манлайлна, дарга, удирдагч болно гэж явсангүй. Магадгүй ийнхүү эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олноор нь гаргаж ирээгүй нь бидний алдаа байсан юм болов уу.

-Ер нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны өнөөдрийн өнгө төрх, нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ. Энэ байгууллага улс орны бодлогын түвшинд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Өнөөдрийг хүртэл бодлогын байгууллага гэхээсээ илүү намын дэргэдэх байгууллага маягаар ажиллаж ирсэн гэж харж байна. Хууль эрх зүйн хувьд квот батлагдаагүй байлаа. 2000 оноос хойш улс төрийн бүх намын эмэгтэйчүүдийн байгууллагууд квотын асуудал дээр хамтарч ажиллах болсон. Үүний үр дүнд бид 2001 онд намын дээд байгууллага болох ҮБХ-нд анхны 30 эмэгтэйг оруулж ирж байлаа. Манай эмэгтэйчүүдийн байгууллага нам дотроо бол үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гишүүдээ улс төрийн түвшинд харьцангуй төлөвшүүлсэн. Эмэгтэйчүүд рүүгээ чиглэж ажилласан. Нам дотроо бол манай бүсгүйчүүд бэлтгэгдчихсэн. Гэтэл АЭХ бол бодлогын байгууллага. Улс орноо хөгжүүлэхийн тулд явах ёстой болохоос биш зөвхөн нам дотроо эргэлдээд байж болохгүй. Тэр түвшинд төлөвшихийн тулд дараагийн алхмаа хийх хэрэгтэй байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг сайжруулж, улс оронд нөлөөлөхүйц түвшинд аваачихын тулд юунаас эхлэх ёстой вэ. Та хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Бид эмэгтэйчүүдийн холбоогоо л хүчирхэг болгох учиртай.

Улс төрийн байгууллагад анхан шатнаас нь шийдвэр гаргах түвшин хүртэл, улс төрийн бүх сонгуульд 30 гаруй жил ажилласан туршлагадаа тулгуурлаад эмэгтэйчүүдийн байгууллагаа маш чадварлаг болгохоор зорьж байна. Бид улс оронд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын шийдлийг бодлогын түвшинд нэгтгэж өгөх багуудаа бүрдүүлэх учиртай. Ингэж ажиллаж гэмээнэ бид амжилтад хүрнэ үү гэхээс биш зөвхөн улс төр, өнөө маргаашийн сонгууль, эсвэл тэнд нэр дэвших хүний асуудлыг яриад суугаад байвал энэ байгууллага намын дэргэдэх байгууллагаараа л үлдэнэ. Тэгэхээр нэн түрүүнд хүчирхэг багуудыг бүрдүүлэх бүтэц хийнэ. Багуудаа бүрдүүлнэ. Тэдэнтэйгээ хамтраад, 2024 оны сонгуулийг зорино. Гол нь, зөв эмэгтэйчүүдийг олноор нь нэгтгэж, багаараа ажиллана.Учир нь, зөв эмэгтэйчүүд гарч ирж байж хүлээн зөвшөөрөгдөж, энэ нийгмийг өөрчлөх, зөв зүйтэй зүйлийг ярина, тэгж гэмээнэ шударга ёс тогтоно.

-Ийм чадварлаг, хүчтэй багуудыг бүрдүүлэхийн тулд юу хийвэл зохистой вэ?

-Иргэд нь эрх зүйн мэдлэгтэй, бүх зүйлд өөрийгөө хамгаалах чадвартай, бусдад туслах боломжтой байж гэмээнэ бид хөгжинө. Эрх зүйн мэдлэгтэй хүн л ардчилсан нийгэмд өөрийгөө аваад явах боломж бүрдэж байна шүү дээ.

АН ардчиллыг дангаараа илэрхийлэхгүй л дээ. Гэхдээ л энэ үзэл санааг тогтоохын тулд АН-ынхан бид өөрсдөө манлайлах учиртай. Энэ үзэл санааг тээдэг, хэрэгжүүлдэг хүмүүс нь анхан шатанд ерөөсөө эмэгтэйчүүд л байдаг. Яг хүмүүстэй харилцдаг, тэр хүмүүсийг улс төрийн үйл ажиллагаанд оролцуулдаг, өөрсдөө гардан тулаанд оролцдог, ухуулагч хийдэг, тэр хүмүүсийн өмнөөс явдаг, айл айлын хаалга тогшдог, цаас тараадаг энэ хүмүүсийг бодлого боловсруулах түвшинд бэлтгэх хэрэгтэй. Ардчилсан үзэлтэй, ардчиллын төлөө зүтгэдэг, өөрийн үнэт зүйлтэй, эрх чөлөөг бий болгохын төлөө өөрийгөө болон бусдыг эвлүүлэн нэгтгэж, тэмцэж чаддаг, зөвхөн намын гишүүд ч бус иргэдэд нөлөөлөхүйц манлайлагчдыг бид бэлтгэх учиртай. Үүнийг эмэгтэйчүүдийн холбоо анхан шатанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдээрээ дамжуулж бий болгоно. Монголд өнөөдөр яагаад шударга сонгууль явагдахгүй байна вэ, бид яагаад худалдагдаад байна вэ гэхээр иргэд маань сонгогчдын боловсролгүй байна. Эмэгтэйчүүдээрээ дамжуулж бид сонсогчдоо боловсролтой болгоно, өөрсдөө ч хөгжинө. Мэдлэг чадвартай, өөрийнхөөрөө сонгуульд оролцдог, чадвартай сонгогчдыг бэлтгэснээр сонгууль шударга явагдана.Ингэснээр бид энэ нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлтийг авч ирж чадна.

Энэ ч утгаараа би сургалт, хөгжил, залуу удирдагч, лидер, манлайлагчдыг анхан шатнаас нь бэлтгэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө нэлээд олон үе шаттайгаар тусгаж өгсөн. Үүнийг зөвхөн эмэгтэйчүүд хийнэ гэж бас харахгүй байна. Манай намын дэргэд ахмадын, залуучуудын болон оюутны байгууллага бий. Энэ бүх байгууллагад эмэгтэйчүүд бий. Тэгэхээр бид хөгжүүлж, боловсруулж, төлөвшүүлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд тэдгээр байгууллагатай уялдаж ажиллана. Магадгүй, ийм далайцтай ажиллаж чадвал бид АН-д үгүйлэгдээд байгаа хүчтэй сөрөг хүчнийг богино хугацаанд бэлтгэж, дараа дараагийн сонгуульд хүчтэй олонхыг бүрдүүлэн оролцох боломжийг АЭХ маань нээж өгөх боломж байгаа шүү гэж харж байна.

-Ардчилсан нам үнэт зүйлгүй болчихлоо, МАН-ын дотор уусчихлаа гэсэн шүүмжлэл их байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Манай нам маш хүнд үеүдийг туулж байна. Саллаа, нийллээ. Яллаа, ялагдлаа. Ялсан тохиолдол маш бага байлаа. Ялагдаад байгаа боловч бидний үнэт зүйлс байсаар байгаа учраас хэрэлдэж муудалцаад ч хамаагүй АН гэдэг нэрийн дор эвлэлдэн нэгдээд сууцгааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үнэт зүйлээрээ нэгддэг учраас бид тогтвортой байгаа юм. Өөр намууд бол эсрэгээрээ, магадгүй төрийн эрх мэдлийг, эрх мэдлээр дамжиж бий болдог нийгмийн баялгийг хэдүүлхнээ хувааж авдагаараа, нийгмийн хамгийн шилмэл гэгдэх зүйлсээр өөрсдийнхөө эрх мэдлийг тогтоох гэсэн санаархлуудаараа нэгдэж байгаа. Энэ үнэт зүйл, тэр үнэт зүйл хоёрыг харьцуулаад хар л даа. Бид юу ч үгүй байна. Маш хүнд хэцүү зүйлсийг даван туулж байна. Гэвч бид үүнийг давж гарч байж, үнэт зүйлээ хадгалж, хамгаалан үлдээж байж, дараагийн олон асуудлыг шийдвэрлэх боломж байгаа учраас л асуудлуудаа чимээгүйхэн даван туулаад явж байгаа юм.

Бид энэ үнэт зүйлээ залуу үедээ ч мөн төлөвшүүлж, суулгаж өгөхийн тулд тэдэнтэйгээ хамт байж, түүхээ ярьж өгч, хамтдаа хийж, тэдэндээ зөвлөж явах ёстой. Учир нь, улс төрд бэлтгэгдсэн хүмүүс гарч ирэх ёстой гэдэгтэй би өдөр ирэх тусам санал нийлж байгаа. Яг үнэндээ манай эмэгтэйчүүд мөнгөтэй маш олон эмэгтэйг шат шатны сонгуульд нэр дэвшүүлээд ялуулаад явуулчихдаг байсан. Харамсалтай нь, тэр эмэгтэйчүүд намаа, улс төрөө мэддэггүй учраас эрчүүдийн ярьсан зүйлд автаад, хэн нэгний үзэл баримтлалыг дагаад явчихдаг, шулуухандаа өөрийнхөөрөө байж чаддаггүй, бусдын нөлөөнд автчихдаг. Яг улс төрөөр бэлтгэгдээд гараад ирсэн хүн бол зорилгодоо үнэнч явна, харин ч эсрэгээрээ эрчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ, тэдний асуудлыг яаж өөр өнцгөөс харж болох вэ гэдэг дээр төвлөрч төлөвшсөн байдаг. Товчхондоо, зайлшгүй бэлтгэгдсэн хүмүүсээ гаргаж ирж чадахгүй байгаа болохоор л улс төр гажуудаж байгаа мэт, магадгүй бид үнэт зүйлгүй болчихсон мэт мэдрэмжүүдийг нийгэмд төрүүлээд байгаа юм.

-Аливаа байгууллагын удирдлагын болон улс орны жолоодлогын түвшинд гараад ирэхээрээ дийлэнх нь удирдана, захирна гэж ойлгодог. Харин “Би хүмүүсийг дэмжиж чиглүүлэхээсээ илүү тэдэнтэй хамт хөгжиж дэвжихийг чухалчилдаг” гэсэн таны үг тун олзуурхууштай байлаа?

-Хоёр хүн нийлээд ажил явуулсан ч хамт олон болно шүү дээ. Баг болж, хамт олон зорилгоо нэгтгэж, түүнийхээ төлөө хамтдаа явж чадвал тэд амжилтад хүрдэг. Дундаас нь хэн нэгэн нь гараад явчихвал, эсвэл зорилгоосоо ухарчихвал хийж хэрэгжүүлэх гэж байсан ажил нь доголдоод л үлддэг. Энэ бол хэн бүхний л мэддэг зүйл. Улс төрд энэ нь бүр илүү ажиглагддаг.

Улс төр гэдэг бол бүх зорилгоо нэгтгэж, хамтатгаж чадсан, багаараа амжилтад хүрэхийн тулд зөвхөн дарга биш манлайлагч, эсрэгээрээ багийн хүчтэй тоглогчидтой, тэгш оролцоотой байж зорилгодоо хүрдэг салбар. Би улс төрд дарга цэрэг гэхээсээ илүү манлайлагчид, хамтрагчид, багаар тоглогчид дутагдаад байна гэж хардаг. Манай улс орон ер нь л дарга төвтэй, даргад бүхнийг даатгадаг хандлага мөнхөд байсаар ирсэн. Харин би багийн тоглогч, хамтрагч гэдэг үгсийг хэлэх дуртай, энэ зарчмаар ч ажилладаг.

-Удирдагч биш менежер хүн л хэрэгтэй байгаа юм л даа?

-Тийм ээ.Менежерхүнтэрбагийгямартоглолтодоруулж, яажамжилтадхүргэхвэ, тэгэхийн тулд ямар зорилго дэвшүүлж, ямар стратегиар ажиллах вэ гэдгээ зөв тодорхойлж чаддаг.

Менежер хүн л багийг амжилтад хүргэдэг. Харин дарга хүн дороо ажиллаж байгаа хүмүүсийн дэвшүүлэн тавьсан асуудалд шийдэл гаргаж өгдөг. Энэ утгаараа дарга гэдэг нь улс төрийн институцэд бус төрийн байгууллагад илүү тохиромжтой албан тушаал. Яагаадгэвэлтэрхүндаргын албан тушаалд сууж, тамгаэзэмшсэнээрээ эцсийнхариуцлагыгүүрчбайдаг.

Улстөрийннамдболэсрэгээрээ. Улс төрийн намын дарга хүн менежерийн түвшинд ажилладаг.

Сүүлийн үедэмэгтэйчүүдийнболовсрол, хүмүүжил, соёлынасуудал хурцаар хөндөгдөх болжээ. Монгол эмэгтэйчүүдийн соёл, хүмүүжил ингэж ихээр доголдоод байгаагийн цаадах шалтгаан нь юу юм бол оо?

-Биднэгэн үе эрчүүдээ хойш тавиад, эмэгтэйчүүддээ хэтэрхий их анхаарал хандуулчихсан, халамж тавьчихсан. Охид, бүсгүйчүүдэд л бүх боломжийг олгодог, нээж өгдөг байлаа. Гэтэл энэ нийгэмд хүйсийн тэгш харьцаа зайлшгүй хэрэгтэй байна.

Эрчүүдийн боловсрол, эрүүл мэнд, өрх гэрээ толгойлон авч явах чадвар, эр хүний ноён нуруу гэдэг зүйл энэ нийгэмд үнэхээр үгүйлэгдэж байна. Эрчүүд нь ийм байгаа учраас манай эмэгтэйчүүд тэднийг голж байна, тоож харахгүй байна. Өнөөгийн нөхцөлд бараг л бүх салбарт эмэгтэйчүүд манлайлан ажиллаж байна. Энэ ч утгаараа эмэгтэйчүүд илүү харагдаж, тэдний асуудал хурцаар тавигдаад байгаа юм. Гэвч тэдний цаана орхигдоод байгаа эрчүүдийн асуудал тун удахгүй хөндөгдөж эхэлнэ.

Хүчирхийлэл, дарамтад өртөж байгаа нэг хэсэг бүсгүйчүүд байгаагийн цаана хүчирхийлэл, дарамт шахалт үйлдэж байгаа нэг хэсэг бүсгүйчүүд бий. Бас үүнтэй тэмцэж байгаа, үр дүнд хүрч байгаа нэг хэсэг эмэгтэйчүүд бий. Товчхондоо өнөөдрийн энэ нийгмийн бий болгосон зүйлсээс шалтгаалаад охид, бүсгүйчүүдийн хүмүүжил, соёл доголдоод байгаа юм. Энэ нийгмийг улстөрчид л бий болгодог. Улстөрчдийн ард улс төрийн нам бий. Тэгэхээр улс төрийн намаа өөрчилж, улс төрийн орчноо цэвэршүүлж байж, энэ нийгмийг үүсгээд байгаа асуудлуудыг шийдвэрлэсний дараа гэр бүл, иргэдийн боловсрол, хүмүүжил, төлөвшлийн асуудлууд нь шийдвэрлэгдэнэ.

-Ер нь та АЭХ-г яаж ажиллаасай, ямар үр дүнд хүрээсэй гэж хүсдэг вэ?

-Нийгэмд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг олж харж, хэрэгжүүлж чадвал нийгэмд зөв байдлыг бий болгоход бидний оролцоо хэрхэн нөлөөлөхийг, өөрчлөлтийг яаж авч ирэхийг, Монгол Улсад бүх хүн яаж өөрийнхөөрөө амьдарч болохыг, эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн бий болгохыг, хувь хүний эрх чөлөөг хэрхэн дээдлэхийг үлгэрлэн харуулах боломж бүрдэнэ. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд бид улс төр ярихаасаа илүү улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамтарч ажиллая гэдэг дээр нэгдэх юмсан. Олж авсан мэдлэг туршлага, салбар салбартаа манлайлж байгаа манлайллаа, шилдэг санал санаачилгаа уралдуулж, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

Би сонгогдохгүй ч байж болно. Дараагийн гарч ирэх ерөнхийлөгчтэй эдгээр зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө баг болоод зүтгэхэд бэлэн байна. Багт нь байгаа эмэгтэйчүүдээ дэмжээд, санаачлаад явна. Энэ бол миний өнөөдөр ч санаачилж байгаа зүйл биш. 30 жил санаачлаад хийсээр яваа ажил маань учраас цаашид ч санаачлаад хийгээд явна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Энэ сонгуульд таныг хамгийн их хурцалж байгаа хүмүүс бол бусад нэр дэвшигчид буюу таны өрсөлдөгчид байж таарна. Ингэхэд тэд таны хувьд хэн бэ?

-Сонгуулийн хугацаанд бол бид өрсөлдөгчид. Сонгууль дууссаны дараа бол бид хамтрагчид. Үзэл бодол, үнэт зүйлээ нэгтгэчихсэн, нэгдсэн бодлогын дор зангилагддаг нэг багийнхан.

Ардчилсан намын зүгээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэгэн шалгуургүйгээр нэр дэвших боломжийг олгосон нь олзуурхууштай байна. Олон зүйлийг олон талаас нь харах боломжийг бидэнд олгосонд талархаж байна.

-Ингэхэд та УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үү?

-Би тойрог руу нэр дэвшинэ, жагсаалтад орохгүй. Учир нь би өмнө нь нэр дэвшиж байсан тойрогтой хүн. Тойрог маань намайг хүлээж байгаа. Тэр утгаараа би 2024 оны сонгуульд нэр дэвших учиртай гэж бодож байгаа. Дэвшихдээ би ганцаараа явахгүй. Өнгөрсөн хугацаанд ажиллаж хуримтлуулсан туршлагаа бусадтайгаа хуваалцаж, хамтдаа бүр олуулаа нэр дэвшиж, тэднийхээ менежерээр ажиллаж, олуулаа ялалтад хүрэх зорилго тавьж байгаа. Үүнийхээ төлөө тууштай явж, илүү олон эмэгтэйд ялалт авч ирэхийг хичээн ажиллах болно.

Ц.Баттуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *