Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.
Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 үйлчилгээний газар иргэдэд үйлчилнэ.
Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болохоос гадна төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна.