Categories
улс-төр

Давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар ирэх долоо хоногт санал хураана DNN.mn

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, цахимаар харилцах нөхцөлийг салбаруудын хууль тогтоомжид адилтган тусгаж, хууль хоорондын нийцлийг хангах, үүсээд байгаа зөрөөтэй ойлголтыг арилгах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна гээд, хэдийгээр байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрээр давхар хадгалж, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болон хувирч байгаа тохиолдлууд ажиглагдсаар байгааг тэмдэглэв. Хуульд заасан “бичгээр” гэх нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор байгаа нь цахим шилжилтийг удаашруулж байгааг дурдаад, төрийн хууль тогтоомж нэг нь нөгөөдөө гох дэгээ, чагт зангилаа, цаасан хэрэм саад болж байгааг засаж залруулан, тайлж чөлөөлөхийн эрхэм дээд зорилго үр ашиггүй зардал чирэгдлийг бууруулах, авлигын хөрс болсон хүнд суртлын ханыг нураахад оршино гэв.

Дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх Инноваци, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн тус байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслүүд батлагдсанаар цахим шилжилтийг бүрэн хийх боломжтой эсэх, цахим албан хэрэг хөтлөлтийн системийг төрийн бүх байгууллагууд нэвтрүүлж, архивлах боломжтой эсэх, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хэмжээнд үнэлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, төрийн албан тушаалтнуудын шийдвэрийг иргэдэд энгийн байдлаар хэрхэн хүргэх, шийдвэртэй танилцах бололцоотой эсэх, банк, и-монгол, нотариатын үйлчилгээний хэрэгжилт, үүрэг холбооны сүлжээг орон нутгийн алслагдсан байршлаас хамаарахгүйгээр технологийн дэвшлийг нэвтрүүлж байгаа эсэх, цахим архивын аюулгүй байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам газрын мэдээллийн сан, төрийн болон орон нутгийн өмчийн зуслангийн газрын хувьчлалын мэдээллийг нээлттэй, ил тод болгох эсэх, боловсролын баримт бичгийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр архивлах, иргэдэд цахим хэлбэрээр олгох эсэх, кибер аюулгүй байдлыг хангах нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөц, бэлэн байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор үндэсний бүртгэлийн системийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, үндэсний дата программыг сайжруулах судалгаа байгаа эсэх, сонгуулийн сурталчилгааны мэдээллийг иргэн бүрд түгээх боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар иргэний үнэмлэх дээрх тоон гарын үсгээ бүрэн ашиглах боломжтой эсэх, цахим гарын үсгийг ашиглах тоног төхөөрөмж хангалттай эсэх, “E-business” платформ бий болсноор иргэд компани байгуулж, энгийн болон тусгай зөвшөөрлийг цахимаар авах, сунгах бололцоотой эсэх, нотариатын үйлчилгээг иргэдэд цахимаар бүрэн хүргэж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх, цахим орчинд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Монгол Улс цахим үндэстэн болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих хуулиуд батлагдсантай холбогдуулан нийт 60 орчим төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар, мөн дээрх хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа талаар үг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.12-т заасны дагуу санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар болсноор чуулганы хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *