Categories
гадаад

Энэтхэгт чихрийн шижин өвчтэй 100 гаруй сая хүн байгааг тогтоожээ DNN.mn

Эрүүл мэндийн Lancet сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өнөөдөр Энэтхэг улсад 101 сая орчим чихрийн шижин өвчтэй хүн амьдарч байгааг дурджээ.

Энэ нь тус улсын хүн амын 11.4 орчим хувь юм.

Үүнээс гадна хүн амын 15.3 хувь буюу 136 сая хүн чихрийн шижингийн өмнөх шатанд байж болзошгүйг уг судалгаа харуулжээ.

Хамгийн түгээмэл өвчлөл нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр юм байна.

Хүний бие инсулин хэмээх дааврыг хангалттай хэмжээнд ялгаруулж чадахгүй тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өмнө нь Энэтхэг улсад чихрийн шижин өвчтэй 77 сая хүн, чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй 25 сая хүн амьдардаг гэж тооцоолж байжээ.

Тэгвэл “The Lancet Diabetes and Endocrinology” сэтгүүлд нийтлэгдсэн уг тайланд бодит тоо үүнээс хамаагүй өндөр байгааг харуулсан байна.

“Энэ бол дэлбэрэхээ хүлээж буй цагтай бөмбөг. Хэрвээ урьдчилсан шинж тэмдэг илэрсэн л бол чихрийн шижин өвчин тусахад маш хурдан. Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 60 хувь нь ойрын таван жилийн дотор өвчлөхөөр байна” гэж судалгааг ахалсан Доктор Моханы Диабетын Төвийн захирал Р.М.Анжана ярьжээ.

Судалгааг сүүлийн арван жилийн турш хэрэгжүүлж, Энэтхэгийн муж бүрээс 20-оос дээш настай нийт 113,000 хүнийг хамруулсан юм байна. Уг төсөлд Энэтхэгийн засгийн газар дэмжин оролцжээ.

Чихрийн шижингийн өвчлөл хамгийн өндөр мужаар Гоа, Пудучерри, Керала нэрлэгдсэн байна.

Тэдгээр мужуудаас судалгаанд хамрагдсан хүмүүсийн тус бүр 26.4, 26.3, 25.3 хувь нь өвчилсөн байжээ.

Үүнээс гадна Уттар Прадеш, Мадхя Прадеш, Бихар, Аруначал Прадеш мужуудад өвчлөл хурдтай нэмэгдэж байгааг тогтоосон байна.

Ерөнхийдөө хот суурины хүн амд өвчлөл илүү түгээмэл байжээ.

“Амьжиргааны түвшин дээшилж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, хот руу нүүдэллэж, хөдөлгөөн багатай суугаа ажил хөдөлмөр эрхлэх болсон, түргэн хоолны олдоц, хэрэглээ нэмэгдсэн, орчны бохирдол, стресс зэрэг нь Энэтхэгийн чихрийн шижингийн өвчлөлийн гол шалтгаанууд юм” гэж Бомбей эмнэлгийн зөвлөх эмч Рахул Бакси тайлбарлаж байна.

Дэлхийн хэмжээнд чихрийн шижингээр 11 насанд хүрсэн хүн тутмын нэг нь өвчилсөн гэсэн тоо байдаг.

Энэ өвчнийг дотор нь нэгдүгээр болон хоёрдугаар хэлбэрийн гэж хоёр хуваадаг юм. Нэгдүгээр хэлбэрийн өвчлөл нь дархлааны системийн эмгэгтэй холбоотой. Энэ тохиолдолд хүний биеийн инсулин даавар ялгаруулах чадвар багасаж, цусан дахь чихрийн хэмжээг зохицуулж чадахгүй болдог.

Хоёрдугаар хэлбэрийн өвчлөл нь үндсэндээ амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд биеийн өөх, таргалалт инсулиний ялгаруулалтад нөлөөлснөөр үүсдэг юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *