Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэлгэрсайхан: Хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Иргэдэд гуравдугаар сарын 1-нээс Үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг олгож эхэлсэн. Энэ ажлын талаар тодруулахгүй юу?

– Тийм ээ. Улсын бүртгэлийн байгууллагын нэг онцлог бүртгэл бол гадаадад зорчих эрхийн бүртгэл буюу гадаад паспортны бүртгэл байдаг. Зөвхөн 2023 он гарснаас хойш өдөрт л 2300-аад гадаад паспортын бүртгэл хийгдэж байна. Нийгэм эдийн засгийн байдлаас ч тэр “Ковид-19” цар тахлын үед хөл хориотой байснаас ч тэр гадагшаа явах урсгал нэмэгдэж байна гэж харж байгаа. Тус бүртгэлийн онцлог нь энэ бүртгэлийг хийснээр үр дүнд нь иргэдийн гар дээр бичиг баримт гарч очдог.

Энэхүү бичиг баримт нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой гэсэн шаардлага тавигдаад нэлээд хугацаа өнгөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын эрхийн бүртгэлийг баталгаажуулж иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн

гэрчилгээ зэрэг иргэд өөрийн гар дээр бичиг баримтууд авдаг юм. Гадаад паспорт бол гадагшаа чиглэлтэй хамгийн чухал бичиг баримт. Монгол Улс дотроо хэрэглэгддэг биш гадаадад аялах, зорчиход тухайн улсуудын хил гаалийн ажилтан дээр л шалгагддаг бичиг баримт учраас чухал бичиг баримт юм.

Бидний хувьд сүүлийн жилүүдэд, 2020 оноос хойш бэлтгэл ажлыг сайн хангасны үндсэнд цахим гадаад паспорт бичиг баримтын захиалгыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч эхэллээ. Мэдээж иргэдээс захиалга авах, хянаж баталгаажуулах, үйлдвэрт бичилт хийх, түгээж хүргэх, олголт хийхэд тодорхой хугацаа зайлшгүй байдаг. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд гадаад паспорт бичиг баримтыг гурав, таван жил гэсэн хугацаатайгаар олгодог, резинен тамгаар сунгадаг байсан. Зөвхөн энэ л сунгадаг байсан асуудал гэхэд л стандартыг хангахгүй байгаа талаар маш их зөвлөмжийг бид олон улсын байгууллагуудаас авдаг байсан. Тодруулбал, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ИКАО) иргэдийн зорчих хөдөлгөөн буюу гадаад паспорт дээр ямар стандарттай байхыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Тиймээс бид 2019 оны нэгдүгээр сараас хойш гадаад паспортыг сунгалтгүй болгосон. Үүний дараа буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард цахим хуулиуд батлагдсан бөгөөд цахим хуулиуд дотор Улсын бүртгэлийн байгууллагын нэгэн онцлогтой ажил болох тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэний цахим үнэмлэх болон бусад төхөөрөмжүүд болох гар утас, таблет, компьютер дээр иргэд тоон гарын үсгийг авах бололцоогоор хангагдсан юм. Тэгэхээр энэ тоон гарын үсгийг олгоход хэрэглэсэн дэд бүтэц, техник хангамж, программ хангамж нь өнөөдөр цахим гадаад паспорттой холбогдож, гадаад паспортын чип дээр тоон гарын үсэг шивэгдэж байна гэж ойлгож болно. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сараас гадаад паспортын зургийг иргэдээс цахимаар авдаг болсон. Өмнө нь иргэд аль нэг зурагчин дээр зургаа угаалган цаасан зургаа авчирдаг байсан бол иргэдээс тодорхой хэрэгслүүд болон веб сайтаар дамжуулан файл хэлбэрээр зургийг нь авах, эсвэл газар дээр нь шууд зургийг нь аван үйлчилдэг болсон. Ерөөсөө эдгээр бүх ажил нь цахим гадаад паспортын бэлтгэл ажлууд байсан юм.

-Шинэ цахим гадаад паспорт ямар давуу талтай вэ?

-Цахим гадаад паспорт гэж юу вэ гэвэл чипэн дээрээ тухайн иргэний өөрийн мэдээллийг хадгалах учир хамгийн сайн таньж баталгаажуулах, олон улсын стандартыг хангасан найдвартай баталгаатай бичиг баримт юм аа гэж ойлгож болно. Гадаад паспортын хуудасны тоо өмнө нь 32 байсан бол одоо цахим гадаад паспорт 48 хуудастай болон нэмэгдсэн. Мөн иргэдэд сонгох бололцоог нь хангах үүднээс чипгүй буюу цахим биш энгийн гадаад паспортын шинэ загварыг гаргаж, хоёр төрлийн паспортыг иргэддээ олгож эхэлж байгаа юм. Цахим гадаад паспорт дотор чип байрлаж байгаа юм. Энэхүү чип нь дээр хэлснээр тухайн иргэний өөрийнх нь мэдээллийг хадгалснаар ямар нэгэн гадаад улс, эсвэл өөрийн улсын ч тэр хилээр саадгүй, хурдан шуурхай зорчих гол үндэс нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм чухал бичиг баримтын хувьд нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хууль бусаар дуурайлган хийхгүй байх, тухайн цаг үед газар дээр нь иргэнийг таньж баталгаажуулах талаас нь стандартын нарийвчилсан түвшинд шалгадаг учраас л цахим паспорт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор үүссэн юм. Өөрийн ч тэр, бусад улсын нь ч тэр хил гаалиар түргэн нэвтрэх асуудалд илүү давуу талтай. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдэг асуудлыг бид сүүлийн үед маш их ярьдаг болсон. Бид хуучин зөвхөн гадаад паспорт дээрх мэдээлэл дээр тулгуурлан иргэдтэй харьцдаг байсан бол одоо чип дотор бичигдсэн мэдээллээр иргэнтэйгээ харьцана. Мөн энэхүү чиптэй паспорт буюу цахим гадаад паспорт нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд олон шаардлагууд байдаг юм аа. 2021 оны арванхоёрдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн юм. Бид аливаа олон улсад хэрэглэгдэх чухал бичиг баримтанд шинэ технологи, загварыг нутагшуулж хийхдээ заавал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай харьцаж, түүнд элсэн орж тэдний заавар зөвлөмжөөр ажилладаг учиртай юм. Одоо энэ байгууллагад 90 гаруй улс элсэн ороод явж байгаа. Тэгэхээр иргэдийн гар дээр очсон цахим паспорт энэ 90 улсын хооронд ямар нэгэн саадгүй зорчих боломжийг нээсэн л гэсэн үг. Энэ байгууллагад элссэнээрээ бусад гишүүн улсууд манай гадаад паспортын ямар стандарттай, хүчин чадлын мэдээллийг бусад байгууллагууд руу хуваалцан, ашигладаг. Ингэснээр Монгол Улс Олон улсын байгууллагад нь элссэн юм байна, стандартын паспорттой гэдгийг холбогдох байгууллагууд нотолж, баталсан учраас энэ хүмүүсийн паспорт найдвартай гэдэг дээр иргэдэд илүү боломж олгогдоно. Сонирхуулж хэлэхэд паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан мэдээллүүдтэй. Энэ мэдээллийг бид санамсаргүй хийгээгүй юм. Олон улсад ингэж улсаа сурталчилж ийм мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг л юм байна. Ямар ч улсад зорчсон монголчууд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн паспорттой байх ёстой гэсэн сэтгэлээр л сүүлийн жилүүдэд бэлтгэл ажлыг хангасны үүднээс хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг л иргэд маань сайн ойлгоосой гэж хүсэж байна.

-Иргэд гадаад паспортоо хэрхэн авах вэ?

-Иргэд нэгдүгээрт, уламжлалт аргаар авна. Энэ нь Нийслэлийн есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, болон иргэн өөртөө хамгийн ойр буй үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол зэрэг төвүүдээс биеэр очиж захиалан авах боломжтой. Орон нутгийн иргэд 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр очиж захиалж авна. Цахим гадаад паспорт гэдгээрээ өмнө нь захиалж байснаас ялгарах зүйл байхгүй ээ хуучнаараа явагдана. Хоёрдугаарт, бид e-mongolia систем дээр улсын бүртгэлийн байгууллага одоогийн байдлаар 90 төрлийн үйлчилгээг оруулсан байна. Энэ бол манай байгууллагын нийт үзүүлдэг үйлчилгээний хувьд харьцангуй өндөр тоо юм. Бид нийт үйлчилгээнийхээ 87 хувийг цахимжуулж, цахимаар үйлчилгээ авах бололцоотой болгосон. Үүнээс иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг үйлчилгээ бол гадаад паспорттой холбоотой үйлчилгээ. Тэгэхээр бид одоогийн явагдаж буй процессыг илүү баталгаажуулж, зүгшрүүлсний дараа буюу гуравдугаар сарын 15-наас хойш e-mongolia дээр цахим гадаад паспортыг захиалах бололцоогоор хангана. Тодорхой хэмжээнд системийн зүгшрүүлэлт хийгдэх юм. Гуравдугаарт, гадаадад амьдарч ажиллаж буй монголчуудын хувьд хэрхэн авах вэ гэвэл Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилчдаар дамжуулан захиалга авна. Нэг сайн зүйл гэвэл өнгөрсөн жилүүдэд цахимжилттай холбоотойгоор явагдаж буй үйл ажиллагааны үе шат дарааллыг бууруулах зорилт тавьсан. Аливаа цахимжилт бол зүгээр л компьютер, программ хангамж, дэд бүтэц, сүлжээг хэрэглэхдээ биш хамгийн гол нь улсын бүртгэлийн байгууллагаас иргэддээ үйлчилж буй үйлчилгээний шат дараалал багассан байх ёстой юм. Тийм ч учраас өнгөрсөн жил Монгол Улсаас АНУ, Канад, БНСУ-д суух дипломат төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн байгууллагын сүлжээтэй шууд холбосон. VPN буюу хязгаарлагдмал, хаалттай сүлжээг бид ашиглаж чадсан. Ингэснээр яг л улсын бүртгэлийн аль нэг нэгж дээр буй мэт үйлчлүүлэх бололцоо энэ улсуудад гарсан. Бид цаашдаа энэ тоог нэмж гадаадад сууж буй иргэд тэндээсээ шууд улсын бүртгэлийн үйлчилгээг хурдан шуурхай, найдвартай авах тал дээр онцгой анхаарч ажиллах болно. Хуучин зөвхөн шуудангаар явуулж, хугацаа алддаг байсан.

-Иргэд хоёр гадаад паспорттой байж болох уу. Өмнөх гадаад паспортынх нь хугацаа дуусаагүй бол яах вэ?

-Тэгэхээр яг одоо иргэдийн гар дээр буй хүрэн өнгөтэй паспорт хүчинтэй хэвээр байна. Өмнө хэлсэнчлэн бид 2020 оноос хойш паспортоо 10 жилийн хугацаатайгаар олгосон. Магадгүй сарын өмнө паспортоо авсан хүн байвал 2033 он хүртэл хүчинтэй хэвээр байна. Иргэдийн сонголт юм. Иргэд надад цахим гадаад паспорт шаардлагатай байна, энэ паспортоо цахимаар сольё гэвэл манай байгууллага дээр ирж солиулах юм. Гэхдээ хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, паспортын хугацаа нь дууссаны дараа шинэ паспорт авах үед сольж олгоно. Харин өмнөх паспорт, цахим гадаад паспорт бүгдээрээ надад хүчинтэй хэвээрээ байна гэж болохгүй. Яагаад болохгүй вэ гэвэл энэ нь бидний гаргасан дүрэм журам биш юм. Олон улсад иргэд хил гаалиар гарах, улс хооронд нэвтрэхэд яригдаж буй томоохон асуудал бол мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал юм. Ер нь улс болгон гадаад паспортын олголт дээрээ онцгой анхааралтай ханддаг юм. Ямар ч улсын хувьд аль нэг улсын иргэд орж ирэхэд хамгийн баталгаатай хүмүүсийг оруулахыг шаарддаг. Тэгэхээр хоёр, гурван паспортыг тухайн улс олгож эхэлбэл муу талын л бололцоог нь нэмж өгч байна гэж хардаг учраас олон улсад төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй юм.

-Үндэсний энгийн цахим гадаад паспортын төлбөр нэмэгдсэн байсан. Энэ талаар тодруулаач?

Манай улсад нийтдээ энгийн, албан, дипломат гэсэн гурван паспорт хэрэглэгддэг. Өнөөдөр аль ч паспорт маань чиптэй болж байгаа юм. Цахим энгийн гадаад паспорт 82500 төгрөг, цахим биш энгийн паспорт 35 мянган төгрөг. Үнийн хувьд үнэтэй, хямд байна гэсэн асуудал их яригддаг. 2022 онд 50 гаруй улсын гадаад паспорт олгох хугацаа, үнийн хувьд судалгаа хийсэн юм. Бүгд найрамдах ардчилсан Лаос 35 ам.доллар, Украин 37 евро, Литва 43 евро, Япон 112 евро, Чили 111 евро зэрэг үндсэндээ 30 еврогоос дээш үнэтэй байна. Бид цахим гадаад паспортын 82500 төгрөгийг ойролцоогоор ам.доллараар тооцоход 23.5 ам.доллар, энгийн паспорт 10 ам.долларын паспорт юм.

Тэгэхээр бидний хувьд дунджаас бага үнэтэй паспорт хэрэглэж байна. Зарим иргэд гадаадын хөгжилтэй, амьдралын түвшин өндөр улсуудтай харьцуулж хэлж болохгүй, тэдэнд 1000 ам.доллар харьцангуй бага байхад Монголд өндөр үнэ гэж ярьдаг. Гэтэл паспортод хэрэглэгдэж буй бүх бүтээгдэхүүнийг бид олон улсаас л авч хэрэглэдэг. Энэ цахим болон энгийн шинэ загварын гадаад паспортын бэлдэцийг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал, үнэ зэрэгт маш том давуу тал гарч байгаа юм. Ийм учраас үнийг харьцангуй багаар олгох бололцоотой болсон. Бид дотооддоо үйлдвэрлэл хийж байна гэдэг нь үнийг тогтвортой, харьцангуй бага байх бололцоогоор хангаж байна гэж харж байгаа юм. Тэгэхээр 82500 төгрөг бол дэлхийд, ийм стандартын түвшинд хэрэглэхэд харьцангуй бага үнэ юм. Өмнө дурдсанчлан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) 9303 DOC гэсэн стандарт бий. Энэ стандартыг хангахын төлөө ажиллаж буйг би дээр дурдсан. Иргэдийнхээ хувьд сонголтыг олгож байгааг дурдах нь зүйтэй. Яг одоо таны гар дээр байгаа хүчинтэй паспортаа хэрэглэж болно, шинэ цахим паспортаа авч болно, мөн шинэ энгийн паспортаа авч болно. Яагаад ийм олон паспорт гаргаад ирэв ээ гэж их асууж байгаа. Ерөөсөө л олон улсын шаадлага, стандарт хангасан паспортыг л сонголттойгоор нэвтрүүлж байгаа юм аа. Улсын бүртгэлийн ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тийм ч учраас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон цахимжилттай холбоотой, мөн найдвартай бичиг баримт бий болгох тал дээр олон ажил хийж буйн нэг жишээ гэж харж байна.

Иргэд цахим паспорт учраас цахимын бүх зүйлийг дэмждэг байх ёстой гээд цахим гэдэг үг дээр нэлээн их ач холбогдол өгч байна. Бид ярьж сурснаараа л цахим гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Түүнээс чиптэй паспорт. Бид иргэний үнэмлэхээ чиптэй учраас цахим үнэмлэх гэж ярьж сурсан. Энэ нь өөр дээрээ мэдээлэл агуулж болох технологийг шингээсэн бичиг баримт юм. Цахим гэж яривал цахимын асуудал дээр ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Иргэний үнэмлэх дээрх чип өөр дээрээ мэдээлэл агуулж, хадгалж байдаг учраас бид жил бүр сайжруулж явдаг. Харагдах байдлыг тодорхой хэмжээнд өөрчилж явж болох ч чип нь өөр дээрээ мэдээлэл хадгалах технологи учраас найдвартай бичиг баримт болж буйгаараа давуу талтай. Үүнийг цахим гэж хэлж болохгүй, харин цахимыг дэмжиж буй технологи юм. Энэ нь өөр дээрээ үйлдлийн системтэй, программчлагдах бололцоотой учраас технологи гэж ярьж байна.

Иргэний үнэмлэх дээр жишээ авахад саяхнаас ил харагдах хаяггүй болгосон, энэ хаягийг чип дотор бичиж, эргэн уншдаг, тодорхой хэмжээний мэдээллийг хадгалдаг хэрэгсэл болж хөгжиж байна. Аливаа бичиг баримт өөр дээрээ иргэнийг таньж баталгаажуулахад маш өндөр түвшний нарийвчлал, шаардлагатай байх ёстой. Тэгэхээр иргэнээ таньж баталгаажуулах өндөр түвшний шаардлагад нийцэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гадаад паспортын үнэ, харагдах байдал нэгдүгээр ач холбогдол биш юм. Хамгийн чухал нэгдүгээр ач холбогдол нь үүнийг барьж хэрэглэж буй иргэн өөрийгөө таньж баталгаажуулах боломж нь илүү гарч буй учраас хэрэгтэй газартаа өөрийгөө таниулах, бусад үйлчилгээнд хамрагдахад илүү бололцоотой болж байгаа юм.

-Иргэний үнэмлэх дээр байх чипийг иргэд хэрхэн хэрэглэх боломжтой вэ?

-Яг өнөөдөр бид иргэний үнэмлэхний чипээ программчлан тоон гарын үсэг суулгах бололцоотой болсон бол гадаад паспорт дээрх чип дээр тоон гарын үсгийг нэвтрүүлж олгож байна. Энэ нэвтрүүлж олгож буй тоон гарын үсгээр иргэдээ таньж баталгаажуулж байна гэж ойлгож болно. Тийм ч учраас үүнийг дэлхий нийтэд хамгийн сайн технологи гэж ярьж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн бол одоо 90 гарсан. Чиптэй ч тэнд элсээгүй 190 гаруй улс байгаа юм. Тэгэхээр манай улс түрүүлж яваа 90 улстай мөр зэрэгцэн дунд нь орж байна гэж ойлгож болно.

-Иргэний бүртгэлийн дугаар ямар давуу талтай вэ?

-Одоо шинэ иргэний үнэмлэх дээр бид иргэний бүртгэлийн дугаарыг регистрийн дугаарын оронд ил гаргаж өгсөн. Регистрийн дугаарын хэрэглээг халаагүй, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд илүү түлхүү ашиглах юм. Хуулиар регистрийн дугаар өөрчлөгдөх боломж бий. Тухайлбал, хүйс сольсны бүртгэл гэж байдаг, хүйсээ солиход регистрийн араасаа хоёр дахь орон хүйсийг тэгш сондгойгоор зааж байдаг. Тухайн хүн хүйсээ солих үед араасаа хоёр дахь орон солигдож буй учраас регистрийн дугаар солигддог. Шүүхээр насаа тогтоолгодог хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл иргэний бүртгэлийн дугаар хэзээ ч солигдохгүй. Бид төрөхөд нь шууд бүртгэлийн дугаарыг олгож, цаашдаа бүх мэдээллийн санд энэ дугаар огт өөрчлөгдөхгүй хэрэглэгдэнэ. Өнөөдөр хэрэглээнд нэлээн нэвтэрсэн байна. Татвар төлөгчийн дугаар, E-Barimt зэргийг иргэний бүртгэлийн дугаараараа хэрэглэж болно.

Тэгэхээр цаашдын зорилго нь зөвхөн энэ дугаараараа жолооны үнэмлэх, бусад нийгмийн үйлчилгээнүүдэд харьцаж явах боломжийг олгож байгаа юм. Банк, санхүү хувийн хэвшлийнхэн иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж эхэлсэн. Тэгэхээр иргэний бүртгэлийн дугаарыг зөвхөн төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлүүд өргөн хэрэглэж байна. Энэ нь цахимжилтад хэрэг болох чухал өгөгдөл юм.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *