Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Баянзүрх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажилтай танилцлаа.

Томоохон цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх нь

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-Ундны усны эх үүсвэр болсон голын ай савыг хамгаалах, байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, мөн мал орж ирэх, айл буухаас сэргийлэх нь нэн чухал. Тиймээс бид уг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, нэг га талбайг улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг таниулах байдлаар тохижуулах, бүтээн байгуулалт хийх саналыг Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад тавьж эхэлсэн. Тэдний зарим нь энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлээд байна хэмээв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт өнгөрсөн оноос эхэлж, талбайг хашаалсан бөгөөд ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хариуцан ажиллах нэгж байрлах оффисын барилга, авто замын бүтээн байгуулалтыг 2023 онд хийх юм. Түүнчлэн ногоон байгууламжийн зарим ажлыг эхлүүлж, хоёр км урттай дугуйн зам тавихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжиж, ногоон байгууламж бий болгох, мод, суулгацаар хангах тал дээр тусалж ажиллана” хэмээлээ. Мөн ерөнхий төлөвлөлтийг нийслэл, дүүргийн хэмжээний бүтээн байгуулалттай уялдуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихэд анхаарахыг онцолж байв.

Бага зайд ч бүтээж болно

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэг үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гүйцэтгэсэн аж. Явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

“Орчныг тохижуулаад сайхан болгочихоор хүмүүс ч хог хаяхаа больж, ойр орчмын айлууд хашаагаа сэлбэн засаж жигдрүүлсэн. Энэ хавийн иргэд ч орчныг цэвэрхэн байлгах, хүүхэд тоглох талбайг харж хамгаалахад анхаардаг” хэмээн тус хорооны иргэн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гэр хорооллын бүсэд ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дахин гурван байршилд ийм талбай байгуулах боломжтойг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлж байлаа.

Тэрбээр “Хотоо иргэддээ ээлтэй болгох, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх, ая тухтай орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшилтэй хамтран нэлээд ажлыг төлөвлөсөн. Түүнээс гадна боломж бололцоогоо ашиглан бага зайд ч бүтээн тохижуулах боломжийг эрэлхийлнэ. Тухайлбал, хороодод ийм бичил цэцэрлэг байгуулах, орчныг нь тохижуулах бүрэн боломжтой” хэмээв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *