Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй DNN.mn


Ардчилсан нам хэд хуваагдсан нь хамаагүй. Албан ёсны буюу хууль, эрх зүйн чадамжтай тамга хэнд байна гэдэг нь чухал. Үнэт зүйл үзэл санаандаа нэгдье гэдэг бол хууль ёсны тамгатай талдаа нэгдье л гэсэн үг. Тэрхүү тамга нь одоогоор С.Эрдэнэ гэх хүнд бий. Энэхүү тамгыг ямар нэгэн байдлаар хүчингүй гэж үзэх асуудал эрх зүйн хувьд боломжгүй зүйл юм. Хэрэв С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй гэж үзвэл өнгөрсөн орон нутаг, УИХ-ын сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бүх сонгууль хууль, дүрмийнхээ хүрээнд болоод өнгөрсөн. Бүх шатны сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгаар оролцсон байж таарна. Тухайн үед нь хүчингүй тамга гэж үзээгүй учраас л өнөөгийн УИХбүрэлдэж хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн ч гэсэн бүрэн эрхийн хугацаа эхлээд жил гаруй боллоо. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд буюу үлдэж байгаа таван жилд Монгол Улсын шүүх, хуулийн болоод бүртгэлийн ямар ч байгууллага С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож чадахгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй гэсэн үг. Ямартаа ч уг тамгыг ойрын таван жилдээ хүчингүй болгочих зүрхтэй хүн Монголд гарч ирэхгүй л болов уу. Нэгэнт С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож болохгүй учраас түүнтэй нийлэхээс өөр сонголт АН-ын нөгөө талынханд байхгүй. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Тулгат гээд хэн ч байсан С.Эрдэнийн гарт байгаа тамга дор нэгдэхээс өөр сонголт ойрын таван жилд лав гарч ирэхгүй байх. Нөгөөтэйгүүр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй болгоод өөр тамгатай болчихно гэж муйхарлаж суухаар түүнтэй учраа ололцоод тамгыг нь эвтэйхэн салгах нь илүү амар. Ардчилсан намын гишүүдээ тал тал тийш нь тарааж байхаар С.Эрдэнэтэйгээ нэгдээд улмаар намын бүтэц, удирдлагуудаа их хурлаараа солих боломж АН-д бүрэн бий. Нэгэнт л тамгыг нь хүчингүй болгож болохгүй учраас С.Эрдэнийн талд зүтгэх, бодлого үйл ажиллагааг нь дэмжих АН-ын гишүүд цөөнгүй байна. Тэдгээр жирийн гишүүд бусад хуваагдчихсан АН-ын лидерүүдээ үнэнтэйгээ нүүр тулаад С.Эрдэнэтэйгээ нэгдээч ээ гэдгийг уриалж байгаа юм. Буруу зүгт яваа нөхдөө араас нь дуудаж байна гэсэн үг. Тиймээс С.Эрдэнийгээ үсдэж чирж, зодохоос илүү учир зүйгээ олсон нь АН-ын өнөө, маргаашийн улс төрийн замналд чухал. Хэнийг нь дагахаа мэдэхгүй байгаа төөрчихсөн гишүүд, дэмжигчид С.Эрдэнийхээ талд нэгдэх нь хамгийн зөв. Учир нь түүнд Монгол Улсын хуулийн өмнө гаргаад ирэх хүчинтэй тамга байна. Эрх зүйт нийгэмд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Тиймээс л хуулиа мэддэг, нөхцөл байдлаа хэрсүүгээр хардаг, намынхаа эв нэгдлийн төлөө л гэж санаагаа зовоож байгаа хүн бүр С.Эрдэнийнхээ талд орох ёстой. Эхлээд хүчин төгөлдөр тамганыхаа дор нэгдчих. Дараа нь тэрхүү тамгаа хэндээ бариулах вэ гэдгээ шийдчихэж болохоор.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *