Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.
УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдуулан зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.