Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Тамир: Иргэд хамгийн сүүлийн нөөцөө шавхан энэ өвлийг давна. Ардчилал улам хумигдана DNN.mn


МУИС-ийн Социологийн тэнхимийн багш Ч.Тамиртай ярилцлаа.


-Монголын ардчиллын эмзэг цэг өнөөдөр яг юу болчихоод байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж ярихын тулд ковидын үеийн нөхцөл байдалтай холбож ярих нь зөв болов уу. Учир нь цар тахлаар хөл хорио, хязгаарлалтууд тогтоосон. Аюулгүй байдал, нийтийн сайн сайхны үүднээс ийнхүү хязгаарлалт, хөл хорио тогтоосон гэж аливаа улс орны Засгийн газрууд тайлбарлаж байгаа. Гэхдээ жирийн бус онцгой нөхцөл байдал нь эргээд улс орны ардчиллыг хязгаарласан арга хэмжээ болсон. Энэ зөвхөн Монголд болоод байгаа юм биш. Дэлхий нийтээр ийм үйл явдал болсон.

Хөл хорионы үед үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх процесс сошиалаар их явсан. Тэгэхээр бодит орчин дахь ардчилал ба сошиал орчинд дахь ардчилал гэсэн зүйл бий болчихоод байна. Өөрөөр хэлбэл, 2000 оны үед гудамжид гарч жагсдаг байсан бол одоо сошиалаар явдаг болчихлоо. Сошиал ардчиллын хэлбэрүүд ч сүүлийн үед ихээр гарах болсон. Тиймээс төр, засгийн зүгээс үүнийг эргээд цензурдэх асуудал гарч эхэлсэн. Учир нь буруу зөрүү мэдээлэл гардаг болсноос хэвлэн нийтлэхдээ хүн гүтгэхийг хориглоно гэсэн агуулгатай адил хяналт тогтоож байна.

Ковидын үеийн нөхцөл байдлаа эргээд дүгнэх. Ардчилалд ямар аюул учирч байна гэсэн хэлэлцүүлэг, дүгнэлтүүд дэлхийн улс орнуудад хийгдээд эхэлсэн байна. Монгол Улсад бусад орнуудтай адил иргэдийн үйл ажиллагааг хязгаарласан, хянасан кейсүүд гарч байна. Хоёрдугаарт, ковидын дараа дэлхий нийтийн эдийн засаг муудсан. Манай улсын хувьд амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой иргэдийн хувь хэмжээ сүүлийн нэг жилд өссөн. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан имфляцийн түвшин бодит байдал дээр ямаршуу хэмжээнд хүрснийг жирийн иргэд илүү сайн мэдэж байгаа. Амьжиргааны түвшин буурах нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгож байна. Тэгвэл хөл хорионы хязгаарлалт ч мөн тэгш бус байдлыг бий болгодог юм байна.

Эрх мэдэлтэй, албан тушаалтай, мэдээлэлтэй, баялгийг тодорхой хэмжээнд бүтээсэн хүмүүс хямралыг даваад гарчихаж байна. Гэтэл амьжиргааны түвшин сул байгаа хүмүүс чадахгүй байна. Энэ нь нийгмийн тэгш бус байдлыг салбар бүрт бий болгож байна. Ингэснээр ядуурлыг улам өдөөж халамжаас хамааралтай болгож байна. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаад ирэхээр иргэд халамжаас хамааралтай болоод байгаа юм. Халамжаас хамааралтай болох тусмаа л үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө боомилуулж байна. Шүүмжлэх гэснээ “Халамж авч байгаа юм чинь хорооны даргатай сөргөлдөж болохгүй” гэх хандлага нь ардчиллыг хумих хязгаарлах, хөгжлийг нь саатуулах нэг хүчин зүйл болж байна.

-Өмнө нь гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа байгаа. Ийм үед иргэдийн үнэт зүйл, ардчиллын талаарх бодол хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Эдийн засгийн эмзэг, ядуу байдал нь иргэд улс төрийнхөө эрхийг зарахад хүргэж байгаа юм. Зарна гэдэг нь өргөн утгатай. Хамгийн өргөн утгаараа бол сонгуульд саналаа худалдахыг хэлж байгаа юм. Арай өргөн утга нь илтэд буруу шийдвэр гарахад түүнийг шүүмжлэх гэж байснаа болихыг хэлж байгаа юм. Өрөөр хэлбэл, “амьд” үлдэхийн тулд үзэл бодолтой байх, үгээ хэлдэг байх, хэвлэл нийтэлдэг байх суурь эрхүүдээ зарахад хүрч байна.

Энэ нь ардчиллын суурь зарчимд нөлөө үзүүлнэ. Энгийнээр хэлбэл, дарангуйлал тогтох нөхцөл бүрдэнэ. Нэг хүний дарангуйлал, бүлгийн дарангуйлал, эсвэл нэг намын дарангуйлал ч байж болно. Сонгууль бүрээр нэг нам ялдаг болчихвол харахад ардчилал байгаа юм шиг хэрнээ цаанаа нэг нам бүхнийг хянадаг болно. Энэ хэлбэрийг эрдэмтэд олон янзын нэршлээр хэлсэн байдаг. Тухайлбал, дүр эсгэсэн ардчилал, гажигтай ардчилал, сонгуульчлагдсан ардчилал гэх зэргээр нэрлэж байна. Ковидын болоод эдийн засгийн нөхцөл байдал нь Монголын ардчиллыг ухрааж, дүр эсгэсэн юм уу эсвэл гажигтай ардчилалтай болох аюул тун ойрхон ирчихээд байна.

-Тэгэхээр ардчиллыг хамгаалж үлдье гэвэл дундаж давхаргаа нэмэгдүүлэх ёстой гэсэн санааг та хэлж байна уу?

-Яг тийм.

-Эдийн засгийн чадавх өндөр байгаа орнуудын иргэд ардчиллаа хамгаалах, бэхжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Жишээлбэл, БНСУ-ын иргэд ардчилсан үзлийнхээ төлөө ажлаа хаяад жагсаж чаддаг. Манай улсын хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн оролцоо сул байгаа нь засаглал хяналтгүй байх боломжийг олгоод байна уу?

-Оролцоотой байна гэдэг нь ардчиллын дархлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг таван эрх нь ардчиллын дархлаа болдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ямар тохиолдолд гүтгэлэг болоод байна гэхээр хил заагийг зөрчихөөр. Ямар тохиолдолд хүмүүс эрх чөлөөгөө тайван замаар эдлээд ямар тохиолдолд цагдаатай зөрчилдөж үймээн үүсээд байна гэхээр хил заагийг зөрчсөнөөс болж байгаа юм. Тиймээс тэрхүү хил зааг тодорхой байх ёстой. Ардчиллын дархлаагаа иргэд сайн мэдэрдэг, хамгаалж чаддаг монгол хүн бий болох ёстой. Үүнийг энгийнээр хэлбэл оролцоотой байх ёстой гэсэн үг. Гэхдээ оролцоо гэдгийг өөрөөр ойлгох цаг ирсэн байна. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн гудамжинд гардаг бус сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, сошиал хөдөлгөөн өрнүүлэх зэргээр идэвхтэй байх нь оролцоо болж байна. Сошиал ардчиллыг бид одоо анзаарах болсон юм билээ. Твиттер дээрх зарим шүүмжлэл шийдвэрт нөлөөлөх тохиолдол байна. Жишээлбэл, Д.Сарангэрэл сайдын хэлсэн үг сошиалаар ихээхэн шүүмжлэгдэхэд албан тушаалаасаа огцорч байна. Үүнээс харвал иргэн заасан хэм хэмжээндээ сошиал механизмыг ашиглаж чадвал үр дүнтэй байна.

-Сүүлийн үед иргэдийн идэвх буурсан, жагсахаа байсан гэх дүгнэлт гарах болсон. Энэ хэр үндэслэлтэй дүгнэлт вэ?

-Иргэд гарч жагсахгүй байна гэдэг нь нэг талаас үндэслэлтэй. Учир нь иргэд гудамжинд гарч жагсахаасаа илүү сошиалаар идэвхтэй оролцож байна. Энэ бол зөвхөн Монголд бус дэлхийн олон улсад ч ийм дүр зурагтай байна.

Гэхдээ жагсаал болж байгаа шүү дээ. Хэдийгээр хорио цээр хязгаартай байсан ч гэсэн иргэд бухимдахаараа эсэргүүцлээ илэрхийлдэг. Жишээлбэл, 2021 оны дүн өвлийн хүйтэнд иргэд талбай дээр гарч жагсаад Засгийн газрыг огцруулж байсан. 1990 оныг эс тооцвол монголчууд ихэвчлэн дулаахан үед жагсдаг. Гэтэл 2021 оны өвөл иргэд жагсаж байсан. Тухайн үед Засгийн газар огцроход улс төрийн янз бүрийн шалтгаан байсан байх. Энэ бол бас нэг оролцоо болж байгаа юм. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон “Ажлаа хий” жагсаал ч мөн залуус эрхээ эдлэх гэсэн жагсаал. Гэхдээ мэдээж зорилготой жагсаал, иргэдийн цэвэр жагсаалыг ялгаж харах нь зүйтэй.

Одоо бол иргэд хамгийн сүүлийн нөөц чадавхаа шавхаад энэ өвлийг давна. Гэхдээ маш хүнд болчихсон байгаа гэдгийг иргэд өөрсдөө мэдэж байгаа. Энэ нь ардчилсан бус дэглэмд их ойрхон очно гэсэн үг. Тиймээс Засгийн газрын бодлого хурдан хугацаанд өөрчлөлт авч ирэхгүй л бол энэ жилийн хавар юу болохыг хэн ч мэдэхгүй. Одоогоор бол иргэд тэвчээрийнхээ заагийг нэлээн дээшлүүлчихээд байна.

-Ядуурал улам гаарах нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ардчилал улам хумигдана. Ардчилсан биш дэглэм бий болох ийм л хөрс бий болно.

Монголчуудын онцлог бий. Монгол бол коммунист дэглэмээс ардчилал руу шилжсэн Азийн анхны улс. Тухайн үед монголчуудын амьжиргаа мөн л муу байсан. Ардчиллын онолчид үзэхдээ эдийн засгийн хувьд боломжтой болсны дараа ардчилал хөгждөг гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Монголын жишээ энэ онолыг эвдсэн.

Тэгэхээр монголчуудын амьжиргаа муу хэрнээ ардчиллаа яагаад хадгалаад байдаг юм бэ гэсэн асуулт үүсч байна. 1990 оноос хойш болж байгаа үйл явцыг харахад эрх барьж байгаа намууд сонгуулиар солигдож байгаа юм. Энэ бол ардчиллын нэг баталгаа шүү дээ. Хэрвээ эрх баригч нам солигдохгүй 30 жил болчихвол энэ ардчилсан биш байна гэж үздэг. 1992 оны сонгуулиар МАН, 1996 онд Ардчилсан хүчин, 2000 онд МАХН, 2004 онд АН гурван суудал, 2008 онд МАН, 2012 онд АН ялсан. Ингээд харвал 1992 оноос 2000 он хүртэлх статистик дандаа ээлжилсэн. Гэтэл 2016 оноос нэг нам олонх боллоо. Үүнд олон янзын тайлбар байгаа юм. Нэг талаас хөл хориотой, хязгаарлалттай үед сонгууль хийхээр ийм үр дүн гардаг юм байна. Бусад орнуудад ч ийм байдал үүссэн. Ковидын үед эрх барьж байгаа нам ялах магадлалтай. Учир нь мэдээллийг хязгаарлачихсан, дээрээс нь ковидын нөхцөл байдал гээд халамжийг тултал нь нэмчихээр ийм үр дүн гарна гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс статистикаас харвал монголчуудын өмнө бид хаана зогсож байна вэ гэх асуултын тэмдэг үүсчихээд байна.

-Ардчилсан улсын эдийн засаг муу байх нь бусад орнуудад ямар өгөөш бол?

-Монголын байгалийн баялгийг ашиглах сонирхолтой улс орнууд ч юм уу, эсвэл геополитикийн хувьд дэмжүүлэх гэсэн сонирхолтой орнуудад өгөөш болно. Жишээлбэл, хоёр хөрш биднийг өөрсдийн бодлогоо дэмжүүлэх гэж янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тиймээс үүнд нь олз болж ашиглагдана. Монголын нэг онцлог бол ардчилсан улс. Хятад улсаа удирдах долоон хүнийг саяхан намын хурлаараа сонголоо гэж байгаа ч ачир дээрээ Си Жиньпин гэж нэг л хүн байгаа юм. ОХУ-ын хувьд Путин шийднэ. Харин Монголын хувьд ардчилсан тогтолцоотой, олуулаа хэлэлцэж шийддэг учраас тусгаар тогтнолын баталгаа болж өгдөг. Ер нь Монголын тусгаар тогтнолын баталгаатай ардчилал уялдаатай.

Нөгөө талаас байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хүртээмжтэй хүртээхэд ч ардчилал чухал нөлөөтэй. Тиймээс монголчуудын ирээдүйг байгалийн баялаг, тусгаар тогтнолтой холбовол ардчилал гурав дахь багана. Орос-Украины дайны үед Монголыг ардчилсан тогтолцоо аль аль талд зөвтгөж байгаа. Түдгэлзсэн байр суурийг барууныхан ойлгох үндэслэл, “зэвсэг” болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *