Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ-ын авто баазыг төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож, автомашины тоог хаслаа DNN.mn


“Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ын санхүүгийн үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бөгөөд улсын төсвөөс цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх…” гэж заасан.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулснаар санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болж, төсөвт дарамт учруулахгүй болох бөгөөд нөгөө талдаа зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна.

Хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашид 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 250 машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 205 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, автомашин зайлшгүй хэрэглэх шаардлага бүхий эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад хэрэгцээнд тохируулан тарааж өгнө.

Харин төрийн байгууллага ашиглах боломжгүй, элэгдэл нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулна. Өнгөрсөн хугацаанд нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Олон аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцож, нийт үнэлгээ нь 375 сая төгрөгт хүрсэн байна.

Үлдсэн автомашинуудыг хэрэгцээт байгууллага руу нь шилжүүлнэ. Мөн орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлэгт шилжүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд УИХ-аар оруулж, тогтоол батлагдсанаар шилжүүлэх ажлаа хийх юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *