Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
• СХД-ийн 170 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
• Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх;
• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх;
• Төв аймгийн Батсүмбэр сумын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
• “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
• Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
• Төв аймгийн Заамар сумын “Өлийн даваа” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;
• Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;
• Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
• Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан гэх.