Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа “Дэлхийн хотуудад түгжрэл үүсгэж байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хотын хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч түгжрэлийн индекс нэмэгддэг. Хоёрдугаарх нь, зохиомол түгжрэл. Энэ нь замбараагүй хот төлөвлөлт, хүн амын гэнэтийн шилжилт, бөөгнөрөл, төрийн цэгцтэй бодлогогүйгээс үүдэлтэй. Улаанбаатар хотод стандарт байхгүйгээс барилга байшин, хашаагаа янз бүрээр барьж байна. Зөв, буруу рультэй бүхий л машин замын хөдөлгөөнд оролцож байна. Бодит байдал дээр манай улсын нийт автомашины 65 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байна. Гэтэл замын хөдөлгөөний дүрэмд зөв, буруу талдаа рультэй машиныг аль алиныг нь зөвшөөрчихсөн. Дэлхийн хотуудад аль нэгийг нь л зөвшөөрдөг. Манайд зохиомол түгжрэл үүсэн шалтгаан нь төрийн удирдлагын сул байдал, нийгмийн шилжилт, хүн амын хэт бөөгнөрөл, төрийн бодлогын асуудал, Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт сул байсантай холбоотой. Хот хариуцсан сайдын албан тушаалыг аваад Хотын дарга Д.Сумъяабазартай ярилцаж байхад хөрөнгө оруулалтад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан. Газар чөлөөлөлтөд гурван тэрбум төгрөг гэсэн. Гэтэл нэг дүүрэгт гурван тэрбум төгрөгөөс илүү дүнтэй мөнгөөр газар чөлөөлөлт хийж байгаа. Том хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод тавигддаг ч хэрэгждэггүй шалтгаан нь газар чөлөөлөлт шүү дээ. 2022 онд хөрөнгө төсөв тавигдаж, хуульчлагдсанаар газар чөлөөлтийн асуудал өөрчлөгдсөн. 2022 онд хотын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна.
Бидэнд зохиомол түгжрэл үүсчихсэн болохоор иргэн бүрт өөрийн гэсэн нэг шийдэл байна. Түгжрэлийн цогц төлөвлөгөө танилцуулъя гээд маш олон хуудас төлөвлөгөө гаргачихсан иргэд надтай уулзаж байна. Жишээ нь, өчигдөр нэг математикийн багш нийтийн тээврийн маршрутын тооцооллыг хийчихсэн түүнийгээ надад танилцуулсан. Түгжрэлийг долоон үндсэн чиглэлд хуваагаад 204 автобус гол чиглэлээр явахад түгжрэл үүсгэхгүй явах боломж байна хэмээн танилцуулсан. Зохиомол түгжрэл байгаа учраас иргэн бүр өөр өөрийн өнцгөөс түгжрэлийн шийдлийг харж байна. Гэрийнх нь хажууд байгаа саадыг холдуулчихвал энэ хавийн түгжрэл арилна ч гэдэг юм уу, тэнд байгаа хувийн компанийн хашааг сэтлээд гарчихвал түгжрэл буурах нь, нийтийн тээврийн эргэлтийг ингэж шийдвэл түгжрэл буурна. Нарантуул зах, шүүх, цагдааг хотоос гаргачих, Засгийн газрыг Улаанбаатараас нүүлгэ. Газар доор зогсоол байгуул гэж байна. Түүнчлэн их сургуулиудыг Дархан, Өмнөговь зэрэг аймаг руу нүүлгэ зэргээр шийдлүүд хэлж байна. Бүгдийнх нь шийдэл амьдралтай сонсогдож байгаа юм. Иргэдийн хэлж байгаачлан төвлөрөл түгжрэл үүсгэж байгаа нь үнэн. Төвлөрлийг сааруулах бодлого ч дэлхий дахинд гарсан байна. Энэ бодлого бол захиргаа, эдийн засаг, улс орны хөгжлийн бодлоготой, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах засаг захиргааны реформтой уялдаж хийгддэг. Манай улсад засаг захиргааны реформ гэдгийг засаг захиргааны хуваарийг шинэчлэх асуудлын хүрээнд ярьж байсан болохоос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэлийг хийж чадаагүй. Эдийн засгийн амьдрах чадвартай мужлалаар аймаг, сумдыг бий болгоогүй учраас Улаанбаатарт төвлөрсөн хэвээр байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагуудын 77 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Үүний 10 хувь нь хотын төвд төвлөрч байна. 18500 гаруй аж ахуйн нэгж байгууллага Их тойруу дотор үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Захиргааны болон эдийн засгийн арга хэмжээ авна. Энэ хоёр аргыг ашиглахдаа хууль зүйн аргыг ч хэрэглэнэ. Одоогийн нөхцөлд түгжрэл дээр богино хугацаанд хэрэглэж байгаа арга нь захиргааны арга. Захиргааны арга хэмжээ гэдэг нь зохицуулалтыг хэлж байгаа юм.
Хүний амьдралын үй түмэн өөрийн зохицуулалт, сонирхлоор явдаг зүйл дээр захиргааны аргыг хэрэглэх гэхээр тэр олон хүний ажил, амьдралыг зохицуулах хэцүү. Жишээлбэл, их сургуулиудыг хотоос гаргана гэхэд тэнд багшилдаг багш нарын гэр бүл, үр хүүхдийн ажил амьдрал яах уу. Нэг хэсэг хүнийг нүүлгэх оролдлого нь нөгөө хэсэг хүний амьдралыг бүгдийг нь бусниулж байгаа хэрэг болчихож байгаа юм. Үүний үр дагавар нь сөрөг байх магадлал бий. Олон улсад төвлөрлийг сааруулах бодлого нь засаг захиргааны болон шинэтгэлийн бодлогоо зөв уялдуулсан байдаг.
Хот төлөвлөлт гэдэг бол Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө ямар байх, 2030 онд дүүрэг, хороод ямар болох вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ийм төлөвлөгөө батлуулж чадаагүй. Завсрын үеийн төлөвлөгөөгөөр явж байна. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040” төлөвлөгөөг Засгийн газар, УИХ-д танилцуулж батлуулах ажил хийгдэж байна.
Төрийн байгууллагын байршлууд, үйлчилгээний тойргуудыг дагаж тэнд нь тухайн үйлчилгээний газрыг байгуулах ёстой. Түүнээс олдсон газар барьсан барилгууддаа нүүж орж болохгүй. Хот төлөвлөлт бол түгжрэлийн суурь яах аргагүй мөн. Гэхдээ хот төлөвлөлтөөс ажлаа эхэлнэ гэхэд хэцүү. Хотын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээрт үүнийг хийчихээд хоёрдугаарт түүнийг хийнэ гэсэн жагсаалтгүйгээр чухал ажлуудаа хамтад нь хэрэгжүүлэх хэрэгтэй.
Манайх шиг ийм түгжрэлтэй Улаанбаатар хотод нийтийн тээвэр зонхилох ёстой. Бага тойруу дотор нийтийн тээвэр ноёрхох ёстой. Их тойруу дотор нийтийн тээвэр давамгайлах ёстой. Хэрвээ энэ философийг мөрдөхгүй бол баахан давхар зам, метро зэрэг барьж одоогийн асуудлаа шийдэх гэж оролдох сонголт үлдэнэ.
Үндэсний хороо бодлогын чиг шугамаа гаргасан. Том малгай нь хот хөдөөгийн тэнцвэрт бодлого буюу макро түвшний улсын хөгжлийн бодлогын асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа анхаарах ёстой. Ойрын хугацаанд богино болон дунд хугацааны бодлогоо явуулна.
Нэгдүгээрт, Нийтийн тээврийн асуудал. Үүнийг ярихад автобуснаас гадна автобус бааз байгуулах асуудал үүсч байна. Дулаан гараж байрлуулах ёстой. цахилгаан автобус авлаа гэхэд цахилгаан цэнэглэгчтэй байх ёстой. Хажуугаар нь жолоочоо бэлтгэдэг байх хэрэгтэй байна. Автобус баазуудын стандарт нэг байх ёстой. Мөн маршрутын асуудал ч яригдана.
Хоёрдугаарх асуудал нь, хот төлөвлөлт. Улаанбаатар хот 2040 оны хэтийн төлөвлөгөөгөө батлуулж авах хэрэгтэй байна. Хүн бүр дор бүрнээ олон юм ярьдаг биш, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шийддэг баймаар байгаа юм.
Гуравдугаарх нь, авто замын сүлжээний асуудал. Улаанбаатар хотод хатуу хучилттай замын нийт урт 1180 км байна. Үүний хамгийн гол зам нь 150 орчим км байна. Хатуу хучилттай болон шороон зам гээд Улаанбаатар дахь нийт замын урт 7000 км. Үүний 200-300 км идэвхтэй ашиглаж байна гэж байгаа юм. 2016-2020 онд 303 км зам барьсан байна. Үүний 29 км зам нь түгжрэлд ач холбогдолтой зам байна. Бусад нь сонгогчдын шаардлагаар ая тухтай байлгах чиглэлд зам барьжээ. Түгжрэлд ач холбогдолтой гол гол замууд дээр хийгдэх гүүрэн байгуулалт, замуудын холболтуудын мөнгө энэ жилийн нийслэлийн 420 тэрбум төгрөгт суух байсан ч санхүүжилт ээдрээтэй болчихсон. Манайх хөндлөн гол замуудтай. Ирэх жил хийгдэх зарим гол зам дээр холболт, гүүрэн байгууламж хийчихвэл 2024 онд замын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэнэ. Яармаг, Зайсан зэрэг түгжрэлийн хэд хэдэн гол цэгт таван гүүрэн байгууламж байгуулчихвал түгжрэлийн асуудалд өөрчлөлт орохуйц суурь нь тавигдсан.
Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтын асуудал. Улаанбаатар хотод 670 мянган машин бүртгэлтэй байна. Үүний 470 мянган машин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох машины даац 140, 150 мянга. Дугаарын хязгаарлалт хийвэл 230, 240 машин явдаг. Замын хөдөлгөөний төвд Улаанбаатар хотын бүх замыг харж хянаад замын цагдаад команд өгч зохицуулдаг. Үүнээс гадна өдөрт 250-иад осол, аваар бүртгэгдэж байна. Жижиг осол аваараас болж тэр хэсэгт 30 минутаас дээш цагаар түгжрэл үүсчихэж байгаа юм. Тиймээс жижиг сажиг ослыг даатгалын компаниуд шийдэх чиглэлд даатгалын компаниудтай уулзаж ярилцаж байна. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь нийт машины 40 хувь нь даатгалгүй байна. Даатгалгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуультай. Гэвч бид даатгалгүй машиныг хянаж чадахгүй байгаа юм. Нийт машины 35-38 хувь тээврийн үзлэг, оношилгоонд ороогүй байна. Мөн нийт машины 95 хувь нь хуучин буюу 7-гоос дээш жилийн насжилттай байна. 16-гаас дээш жилийн насжилттай гэвэл 50 орчим хувь нь. Үүнийг хянаад замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж араас нь хөөцөлдөж болохгүй байна. Хүчин чадлынхаа хэмжээнд зөрчилтэй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа ч торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байна. Тиймээс Улаанбаатар хотын гол замуудад нэмэлт ухаалаг систем тавьж байршуулж байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж автомашинуудад уншигч үнэгүй суурилуулна. Мөн Зам, тээвэр хөгжлийн сайдтай хамтарч тус уншигчийг улсын хэмжээнд бүх машинуудад суурилуулна. Ингэснээр торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, үзлэг оношилгоонд ороогүй машин хаана явж байгааг тогтоох боломж бүрдэнэ. Түүнчлэн хотын төвд зогсоолыг багасгана. Төлбөртэй зогсоол руу шилжинэ. Эцэст нь хэлэхэд, түгжрэлийн асуудлыг нэг байгууллага, нэг дарга бүрэн шийдэхгүй. Үүнд иргэдийн оролцоо ч чухал. Эрхийг нь хасч биш, хамтдаа үүрэг хариуцлагаа үүрч байж давдаг олон улсын туршлага байна” гэлээ.
Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Хотын төвөөр төмөр зам сүлжиж байгаа шүү дээ. Тиймээс төмөр замын хажуугийн зайг ашиглаж төмөр зам дагасан автозам барьж болохгүй юу?
-Төмөр зам бол Монгол-Оросын хамтарсан компанийнх. Тиймээс төмөр замын зурвас хэсэг тус компанийн эзэмшлийн бүс болчихож байгаа юм. Саяхан Хотын дарга Москвад айлчилсан. Айлчлалын үеэр нийтийн тээврийн асуудлыг ярилцсан юм билээ. Оросуудын зарим нь “Та нар LRT гэж илүү юм ярьж байхаар төмөр замынхаа хажуугаар авто зам барьчих. Бид ч тусалъя” гэсэн юм билээ. Энэ чиглэлээрх баг сарын дараа Монголд ирж магадгүй. Энэ бол санаа, санал төдий байгаа. Гэхдээ таны хэлдэгчлэн үүнийг ашиглах боломж байгаа юм. Гол нь Оросууд төмөр замын хажуугийн зайг ашиглуулах сонирхол бага байгаа. Ер нь төмөр зам Улаанбаатарыг хоёр талд хуваачихаад байгаа юм. Төмөр замыг нэвтэрч гарахын тулд нэмэлт дөрөв, таван нүхэн болон гүүрэн гарц барьж байж нэвтэрч гарах болчихоод байгаа юм. Тиймээс хажуугийн талбайг ашиглаж автозам барьж ашиглах бололцоо байна. Гэхдээ энэ асуудлыг Оросуудтай ойлголцож, хамтарч ажилласан тохиолдолд боломжтой болно.
-Яармагаас Туул голыг хөндлөн давсан I хороолол ч юм уу, X хороолол руу орсон гүүр барих боломжтой юу?
-Яармагийн чиглэлд гүүр барих төсөл явж байгаа. Цаасан дээр харж байхаар газар дээр нь ажилласан нь дээр гэж үзсэн учраас би маргааш Яармагт ажиллах гэж байна.