Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Говь-Алтайн Засаг дарга дүрвэгсдийн талаар ярьсан гэж бодохгүй байна DNN.mn


“Алтаргана” хууль зүйн товчооны хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хууль дүрэм зөрчөөгүй гадаадын иргэнийг урьж болно. “Дүрвэгсдийг орогнуулах” гэсэн утгаар бус “Монгол улсын визийг зохих журмын дагуу авсан” Монгол улсад нэвтрэгч “гадаадын иргэн”-ийг аймагтаа урьж байна гэж ойлгож болох юм-


-Саяхан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ОХУ-ын дүрвэгсдийг аймагтаа байлгах тухай мэдэгдсэн. Ингэж дүрвэгсдийг аль нэг аймгийн Засаг дарга нутагтаа орогнуулах хууль эрх зүйн үндэслэл байдаг уу, ийм эрхтэй юү?

-Юун түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид хууль зүйн үүднээс хандах хэрэгтэй. Орос-Украины дайны нөхцөл байдал манай оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа. Оросын холбооны улсын цэрэг татлагатай холбоотой шийдвэр, үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцож, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаанд Монгол Улс дипломат ёсоор хандах ёстой. Бид Орос хэмээх бие даасан, тусгаар улсын дотоод хэрэгт шууд оролцох эрхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээгээр бол Монгол Улсын иргэн, гадаадын иргэн гэсэн ойлголтын дагуу бүх ажиллагаа явагдана. Түүхийн явцад монгол үндэстний нэг хэсэг болох ахан дүүс маань хууль зүйн хувьд ОХУ-ын иргэн буюу гадаадын иргэн гэж ойлгоно.

Тодруулбал, Монгол Улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “… Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг …” гадаадын иргэн гэж тодорхойлсон. Үүнээс үндэслэн өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн байгаа иргэд бол “Дүрвэгч” гэхээс илүүтэйгээр Монгол Улсын визийг зохих журмын дагуу авсан Монгол Улсад нэвтрэгч “гадаадын иргэн” гэсэн статустай байгааг бүгд анхаарах ёстой. Тиймд Монгол Улсад нэвтрэгч гадаадын иргэд хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын засаг захиргааны нэгжид нэвтэрч, зөвшөөрөлтэй байх хугацаандаа хууль, бусад дүрэм зөрчилгүйгээр зорчин явж болох юм. Хууль, дүрэм зөрчөөгүй гадаадын иргэнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга урьж болно. “Дүрвэгсдийг орогнуулах” гэсэн утгаар бус “Монгол улсын визийг зохих журмын дагуу авсан” Монгол Улсад нэвтрэгч “гадаадын иргэн”-ийг аймагтаа урьж байна гэж ойлгож болох юм. Харин орогнолтой холбоотой асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар бол Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно. Тэгэхээр дээр дурдсан аймгийн Засаг дарга дүрвэгсдийн талаар ярьсан гэж бодохгүй байна. ОХУ-ын харьяалал бүхий гадаадын иргэнийг “Монголчуудыгаа” гэж үг хэллэг хэрэглэсэн нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан тодорхойлолт, зохицуулалтаас зөрүүтэй байгааг онцолж болох юм.

-Хууль зүйн үндэслэлээр эрхтэй бол ямар эрхтэй, эрхгүй бол ямар эрхгүй байдаг вэ?

-Монгол Улсын Их хурлын 2010 оны долдугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Тус тогтоолын хавсралт дахь хэсгийн 3.1.2.3-т “Гадны дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна” гэж зааснаар дүрвэгсдийн тухай асуудал гарсан тохиолдолд эрх зүй, улс төр, дипломатын арга хэмжээ авахыг зохицуулсан байна. Тодруулбал, Монгол Улсад Дүрвэгсэдтэй холбоотой асуудал тулгарсан тохиолдолд хуульд зааснаар арга хэмжээ авахыг илэрхийлж байгаа юм. Засаг даргын дурдаж байгаа асуудал нь Дүрвэгсдийн асуудлыг хөндөөгүй гэж үзэж байгаа учир энэхүү асуултад хариулах боломжгүй юм.

-Төр засгийн бодлого шийдвэр энэ асуудал дээр нөлөөлөх байх. Тухайлбал, дайны талбараас ирсэн дүрвэгсдийг тухайн газар нутагт байлгаж, хэл зааж ажлын байраар хангах зэрэг шийдвэр нь аймгийн Засаг даргын дангаараа шийдэх асуудал биш байх гэж бодож байна. Засгийн газраас зөвлөмж шийдвэр авдаг байх ёстой санагдах юм үгүй юм уу?

-Хүмүүнлэгийн үүднээс үзвэл визний хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэнд хуульд үл харшлах байдлаар тусламж үзүүлж болох юм. Ажлын байраар хангах, ажил хөдөлмөр эрхлэх гэдэг бол тусдаа зохицуулагддаг зүйл. Монгол Улсад ямар зорилгоор нэвтэрч байгаагаас шалтгаалж, тус зорилгод нь нийцүүлж виз олгож байгаа. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьшихыг гадаадын иргэнд хориглодог. Харин одоогоор үүсээд байгаа нөхцөл байдалд бид хуулиа зөрчиж болохгүй. Тиймээс тусламж үзүүлэх шийдлийг олох ёстой. Дээр дурдсан шүү дээ, хуулиар зохицуулагдах харилцааг хууль тогтоох байдлаар тусламж үзүүлж болно. Хувьдаа бол би ч Монгол үндэстний нэг хэсэг байсан “Гадаадын иргэн” статустай ахан дүүсдээ туслахыг хүсч байгаа. Гэвч хуульгүй мэт аяглаж, дураараа шийдвэрлэх боломжгүй.

-Ер нь манай улсад дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-Энэ тал дээр дүрвэгсэдтэй хамаарал бүхий олон улсын олон талт гэрээ байдаг. Олон улсын гэрээ болон Монгол Улс түүнд нэгдэн орсон тохиолдолд хүчинтэй үйлчилдэг. Дүрвэгсдийн асуудал байгаа тохиолдолд түүнд хандах арга хэмжээг хүний эрхийн мэдрэмжтэйгээр, олон улсын нэгдэн орсон гэрээнд харшлахгүйгээр, Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд хуулийн дагуу үзэх хэрэгтэй. Түүхэн хэлхээнд салсан Монгол гэх тодотголтой хүмүүстээ чадах бүхнээрээ тусалж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *