Эдийн засагч Б.Лхагважавтай валютын нөөц, ханшийн асуудлаар товчхон ярилцлаа.
-Юуны өмнө манай улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юү?
-Хоёрдугаар улирлын тоо, статистикийн мэдээлэл гарчихсан байна лээ. Тухайлбал, татварын орлого 30 хувь биелсэн, тэр дундаа ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед үйлчилгээний салбарынхан 30 хувийн ахиу байна. Нөгөөтэйгүүр энэ сэргэлтийн үеийг бид тодорхой хэмжээнд санхүү, мөнгөөр хангаж чадаж байна уу гэдэг асуудлууд гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол мөнгө хомсдолд орох үзэгдэл байна.
-Валютын нөөц, тэр дундаа ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарсаар байна. Ханшийг тогтвортой барих боломж бий юү. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?
-Энд анхаарах ёстой нэг чухал зүйл бий. Тухайлбал, манай улс ОХУ-д жил бүр шатахуун, шатах тослох материал худалдан авч байгаа. Үүнийг худалдан авахдаа бид оройлцоогоор 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр төлж байна. Үүнийг бэлнээр бус дансаар гаргах ёстой. Дайнаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс өдийг хүртэл манай Төв банк Гадаад хэргийн яамтайгаа хамтраад энэхүү ОХУ-ын төлбөрийг албан ёсоор дансаар гаргах ажлыг идэвхтэй хийх ёстой байсан. Гэвч өдийг хүртэл энэ ажилдаа тун хойрго хандаж ирлээ. Одоог хүртэл нэг тэрбум ам.долларыг гаргахын тулд зах зээлээс бэлэн мөнгөөр гаргаж байна. Орж ирж байгаа ам.долларын 20-30 хувь нь өдөр болгон ОХУ руу гарч байна. Энэ байдал нь ам.долларын хомсдолыг аяндаа бий болгочихож байгаа хэрэг юм. Ядаж иймэрхүү ажлыг яаралтай шийдээд явчихгүй одоо бараг зургаан сар гаруй болж байна. Валютын нөөц багасах, ам.долларын хомсдолыг бий болгож байгаа хүчин зүйл нь энэ юм. Тиймээс даруйхан энэхүү ажлыг эхлүүлж, бодлого, зохицуулалтын хувьд уялдаа холбоотой, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр еврогийн ханш унаж байна. Тиймээс манай Төв банк еврогийн унасан алдагдлаа ам.долларын өсөлтөөс гаргаж авч байх шиг байна. Товчхондоо валютын зах зээл дээр иймэрхүү л үйл явц болж байна.
-Цаашид бид ам.долларын ханшийг яаж тогтоох вэ. Бууруулах боломж байдаг уу?
-Дахин хэлье. Хамгийн түрүүнд ОХУ руу гарч байгаа ам.долларын төлбөрийг дансаар явуулах хэрэгтэй. Ингэчихвэл бэлэн ам.доллар худалдан авах үйл ажиллагаа зогсоно. Бэлэн ам.доллар нь байж байвал зах зээлийн жамаараа эрэлт, нийлүүлэлтээрээ өөрийнхөө ханшийг тогтвортой бариад байна.
-Ханш өсөх, валютын нөөцгүй болох нь улс орны эдийн засагт ямар нөлөөллийг үзүүлэх вэ?
-Эдийн засгийн хямрал, валютын нөөцийн асуудал өмнө 1997, 2009, 2013 онуудад илэрч байсан. Хамгийн чухал нь эрдэс баялгийн түүхийн эдийн үнэ хэт доошоо орчихгүй л бол нэг юм тэсээд үлдчих байх.
-Монгол Улс валютын нөөцгүй болчихвол яах вэ гэдэг дээр та тодорхой тайлбар хэлэхгүй юү?
-Экспорт, импортыг харахад манай гаргаж байгаа экспорт давуу байгаа. Худалдааны тэнцэл нэмэхтэй байна. Тэр хэмжээгээрээ валютын нөөц нэмэхтэй л байгаа гэж ойлгож болно. Түр зуурын огцом хэрэглээнд л арга хэмжээ авахгүй бол тэрхүү нэмэхтэй байгаа валют буурч, нөөцгүй болох эрсдэлтэй. Түр зуурын огцом хэрэглээнд арга хэмжээ авч ажиллах ёстой гол байгууллага бол Төв банк. Валют гэдэг бүтээгдэхүүний зах зээл чөлөөтэй байгаа. Тэрхүү зах зээл нь арилжааны банкуудаар дамжиж явагдана. Мэдээж валютын ханшийг тогтоох нь Монголбанкны өдөр тутмын хийх ёстой ажил нь шүү дээ. Өмнөх олон хямралуудаас харж байхад иймэрхүү огцом хэлбэлзэл аяндаа намжмал байдалтай болчихдог. Гэхдээ энэ хугацаанд эцсийн эцэст аж ахуйн нэгжүүд л хохирч үлддэг. Харин эрх баригчдад болон эрх мэдэлтнүүдэд энэ хямрал, ханшийн өсөлт зэрэг нь ямар ч нөлөө үзүүлдэггүй. Валютын өсөлт, төгрөгийн сулралтаас үүдсэн хохирлыг манай аж ахуйн нэгжүүд л үүрч үлддэг.