Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: УИХ-ын дарга чуулганы хуралд О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн дарга гэж танилцуулах эрх зүйн боломжгүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-ЦЭЦИЙН ШИЙДВЭР АГУУЛГЫН ХУВЬД ЗӨВ –


ИХдахь Ардчилсан намын бүлгийн даргыг огцруулах, шинээр томилох асуудал маргаантай хэвээр байна. Уг нь хууль батлуулчихсан биз дээ. Яагаад эрх зүйн хувьд маргаантай гэж үзээд байна вэ?

-Сүүлийн үед хүний өөрийн гэлтгүй улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдийн албан тушаал, эрх мэдэлд давуу эрх олгох үүднээс хууль зөрчсөн үйлдэл их явуулах боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг УИХ долдугаар сарын 8-нд баталчихсан. Уг асуудал нь Үндсэн хуулийн 19, 21, 27 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ асуудлаар бид гомдол мэдээлэл өгчихсөн байгаа. Гэтэл ээлжит бус чуулган нээсэн өдөр О.Цогтгэрэл зургаан хүнтэй хуралдаад өөрийгөө Бүлгийн дарга болгосон.

Энэ нь ёс зүйн болоод зарчмын хувьд маш буруу үйлдэл. Учир нь өөртөө давуу байдал үүсгэж хууль санаачилж оруулан батлуулчихаад өөрөө дарга болж байгаа нь ёс зүйн хувьд буруу. Хууль зүйн талаасаа гэвэл О.Цогтгэрэлийн өргөн барьж батлуулсан хуульд “УИХ дахь АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг сонгоно” гэсэн утга, өгүүлбэр байна. Энэ нь юу вэ гэхээр бүлгийн даргыг сонгохын тулд тухайн бүлгийн бүх гишүүд хуралдаж, түүнээс олонхын санал авсан хүнийг тодруулна гэсэн л үг шүү дээ. Хуульдаа нийт гишүүд гэж заасныг та бүхэн сайн анзаарах хэрэгтэй. Хууль бол утгачилж биш үгчлэн хэрэгждэг. Тэр утгаараа манай нам УИХ-д 11 гишүүнтэй. Тэрхүү 11 гишүүн бүгд хуралдаж байж, олонхын саналаараа Бүлгийн даргаа сонгоно. Өөрөө ийм хууль баталчихаад нийт гишүүдээ хуралдуулалгүй зургаан хүний ирцтэй хуралдчихаад өөрийгөө дарга болгож байгааг бид ёс зүйн болоод эрх зүйн зөрчилтэй гэж үзээд байгаа юм. Би УИХ-ын гишүүн байсан хүн, хуульч хүн. Хэрэв би тийм хууль өргөн барьсан бол хуульдаа “Тухайн бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана” гэж бичих байсан. О.Цогтгэрэлийн батлуулсан хуульд хоёр зүйл харагдаж байгаа юм. Бүлгийн нийт гишүүд гэхээр МАН, АН-ын бүлгийн нийт гишүүд гэж ойлгогдохоор байна. Тэгэхээр бүгд нийлж байж бүлгийн даргыг сонгох ийм сонин нөхцөл байдал бий болчихсон. Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн даргыг АН тавиад байна гэж ойлгогдохоор, эсвэл АН-ын бүлгийн даргыг МАН-ын бүлэг тавиад байна гэж харагдахаар хууль болсон. Нийт гишүүд гэхээр УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн заавал хуралдаж байж, олонхоороо асуудлыг шийднэ гэсэн үг шүү дээ. Тиймээс УИХ-ын дарга ийм хууль зөрчсөн үйлдэл дээр УИХ-ын чуулганы индрээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэж унших ямар ч боломжгүй. Хэрэв ингэж уншиж танилцуулбал УИХ-ын дарга эрх зүйн зөрчилтэй мэдэгдэл хийж байна гэж ойлгоно.

-Эрх баригчдын гаргаж байгаа үйлдэл, явуулж буй бодлогыг та юу гэж харж байна вэ?

-Ард түмэн МАН-ын хүчийг нэгтгэж өгсөн. Хүчийг нь нэгтгэж өгсөн гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр МАН-ыг 150 мянган ажлын байр бий болгоно, шатахууны үнийг гурав дахин бууруулах, валютын ханшийг ядаж тогтвортой барина, ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх зэрэг гоё гоё амлалтуудыг нь дэмжээд хүчийг нь нэгтгээд УИХ-ын 62 суудлыг өгсөн. Гэтэл өнөөдөр хүчээ нэгтгээд улс орны хөгжил ярихгүй, ард иргэдийн амь амьжиргааг дээшлүүлсэн нэг ч хууль санаачлаагүй атлаа эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын асуудал яриад хэрэлдээд сууж байна. Хэний нам байх нь хамаагүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахаар хэн сайд болох уу, хэн дарга болох уу гэдэг зүйл л явж байна. Гэтэл өнөөдөр улс орны амьдрал ямар байгаа билээ. Шийдэх олон чухал асуудал байна. Сүүлийн үед миний сонссон хоёр түгшүүртэй мэдээ байна. Тухайлбал, Аудитын дүгнэлтээр Засгийн газраас 10 их наядын зөрчил илэрсэн гэж гарч. Энэ юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн төсвийн зөрчил илэрчихсэн явж байхад үүнийг хэн ч хаана ч яагаад дуугарахгүй байна вэ. Хоёрдугаарт, дөнгөж саяхан өвөлжилтийн бэлтгэл асуудлыг хэлэлцэх үеэр эрчим хүчний асуудлыг ярьж эхэлж байна. Нөгөө яриад байсан Багануур, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцуудын төсөл бүгд гацчихсан гэж сонссон. Энэ өвөл иргэдийнхээ дулааныг хангаж чадахгүй, айл орон сууцуудын паар хөлдөх тухай ярьж байна. Ерөнхийдөө ослын үеийн дэглэм буюу цахилгааны хязгаарлалтад амьдрах нөхцөл байдал биднийг хүлээж байна. Ийм тааруу нөхцөл иргэдийг хүлээж байхад төр барьж байгаа МАН эрх мэдлийн төлөө улайрч байгаа нь харамсалтай. Эрх баригчид өнөөдөр хил гааль, шатахуун түлш, сургууль, цэцэрлэг, эдийн засгийг өсгөх, тэлэх томоохон төслүүдээ ч явуулж чадахгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын зэр зэвсэг, цэрэг арми өөрийн орны тугаа мандуулаад 1000 км явж байхаад яагаад дипломат эсэргүүцэл илэрхийлэхгүй байна вэ. Тусгаар улс гэдэг утгаараа бусдын оронд туг далбаагаа мандуулах өөрийн гэсэн тусгай хуультай байдаг. Энэ хуулийн хэрэгжилт хаана байна. Яагаад энэ асуудлыг эрх баригчид чихэн дүлий, нүдэн балай, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлэв.

-Эрх баригчид ээлжит бус чуулган зарлах бүртээ дандаа эрх мэдлээ нэмэгдүүлэх, шинээр албан тушаал бий болгох асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс илүү улс оронд тулгамдсан олон асуудал байхад эрх мэдлийн төлөө ингэж шуурхай хуралдаж байгааг шүүмжилж бичих, ярих хүмүүс их байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар бодолтой байна вэ?

-Үүний өмнөх ээлжит бус чуулганаар Хэмнэлтийн хуулийг хэлэлцэж баталсан. Тухайн үедээ хэмнэе, тэвчье гэх санааг гаргаж ирсэн нь зөв боловч одоо энэ хууль шиг хэрэгждэггүй хууль гэж алга. Хамгийн хэрэгждэггүй, хэрэгжихгүй хууль болсон. Хаана ч хэмнэлт хийж байгаа зүйл байхгүй. Эрх баригчдын ийм эрээ цээргүй үйлдлийн эсрэг Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй хамт тэдгээр нөхдүүдэд ташуур өгөх ёстой. Өнөөдөр сөрөг хүчин сул байгаа ч гэсэн Ерөнхийлөгч сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй. У.Хүрэлсүх гэдэг хүн өнөөдөр МАН-ын Ерөнхийлөгч биш. Нийт ард түмний Ерөнхийлөгч. Тиймээс иймэрхүү үйлдэлд ташуур болж явах учиртай. Иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Иргэд талбайд гарч жагсъя, тэмцье гэсэн ч тэдэнд хүч тамир, итгэл үнэмшил алга. Энэ цаг үед Ерөнхийлөгч эрх баригчдын буруу үйл ажиллагааны эсрэг зоригтой тэмцэхийг хүсч байна.

-Та хуульч хүн. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцийн гаргасан тогтоолын талаар ямар байр суурьтай байна. Цаад улс төрийн агуулгыг нь та юу гэж харж байна вэ?

-Улс төрд арваад жил болсон хэдий ч нөгөө талаасаа би хуульч хүн. Тиймээс хуульч хүнийхээ хувьд Цэцийн гаргасан тогтоолыг агуулга талаасаа зөв гэж үзэж байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би дэмжээгүй. Намайг гарын үсгээ зурчих Эрдэнэтийг чинь хот болгож өгье гэж хэлж байсан. Би сонгогчдоосоо асуусан. Сонгогчид бид хот болъё гэж дэмжсэн. Ингээд би улс төрийн шийдвэр гаргаж гарын үсэг зурсан байдаг. Одоо эрдэнэтчүүд хот болох асуудлыг мартчихсан, Орхон аймаг гэдэг нэрэндээ дасаад л амьдарч байна. Миний гарын үсэг зурсан Үндсэн хуулийн төслөөс огт өөр төсөл өргөн баригдаад батлагдчихсан. Тухайн үед Х.Баттулга ахалж, энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа өөрөө өөртөө чагт тавьчихсан хүн шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын 57 гишүүн сэтгэл зүйн хувьд ч гэх үү үзэл санааны хувьд хөдөлшгүй санал нийлж байж төслөө өргөн барьдаг. Түүнээс биш 57 гишүүн 57 зүгт харж байгаад төсөл өргөн барьж болохгүй. Харамсалтай нь тухайн үед МАН 32, 33 гэж хуваагдчихсан байсан. Тухайн үедээ маш зөрчилтэй заалтыг оруулж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр “УИХ-ын гишүүн Засгийн гишүүнээс өөр ажил албан тушаал хашиж болохгүй” заалт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ямар нэгэн тоонд хязгаарлагдахгүй гэж ойлгогдож байгаа юм. УИХ Ерөнхий сайдыг баталдаг, огцруулдаг учраас Ерөнхий сайд сайд нараа бүгдийг нь дан байлгах эсэх нь өөрийнх нь үзэмжийн асуудал. 2012 онд УИХ маш утгагүй хууль баталсан. Тухайн үед би парламентын гишүүн байгаагүй. Тэр хууль нь Үндсэн хуулийн хажууд дагуул хуультай болчихсон юм. Тухайн үед эрх баригчид Үндсэн хуулийг өөрчилж болдог хууль баталчихсан. Тэр хууль нь органик хууль. Органик хуулийг баримталж хийсэн хууль органик л байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг барьж хийгээгүй хууль баталчихсан гэсэн үг. Тиймээс өнөөдөр яаж байна гэхээр Үндсэн хуулийн Цэц 38.1-ийг органик хууль гэж үзээд шийдвэр гаргачихаж байгаа хэрэг. Одоо Цэцийн гаргасан шийдвэрт тулгуурлаж цаашид яаж явах ёстойг УИХ өөрөө шийднэ. Миний хувьд гэхдээ энэ тийм ч сонин биш байна. Хурдан энэ асуудлаа шийдчихээсэй гэж бодож байна. Дараа дараагийн шийдэх, ярилцах, хэлэлцэх, гарц гаргалгааг нь олох маш олон тулгамдаад байгаа асуудлууд байгаа. Ард түмэнд тэдгээр асуудлыг нь шийдэх л сонин болохоос биш хэн нь сайд болох уу, хэн нь дарга болох уу, давхар дээлтэй юү, дан дээлтэй юү гэдэг огтхон ч сонирхолтой биш. Нөгөөтэйгүүр Цэцийн тогтоолтой холбоотой асуудлыг хурдан шийдээд явахгүй бол улс орны ажил зогслоо. Яамд нь манайх ямар сайдтай болох бол, энэ төслийг нь явуулж байх нь зөв болов уу, эсвэл өөр нэг сайд ирээд гацаачих болов уу, яадаг бол гэсэн эргэлзээг төрүүлчихсэн. Тиймээс төрийн ажил бүх шатандаа түр зогсолтод орчихсон гэсэн үг. Тэр утгаараа энэ нэг эрх мэдэл, сандал суудлын асуудлаа хурдхан шийдээд явчих шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *