Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол даатгал” даатгуулагч нартаа нөхөн олговор олгохоос зайлсхийж иргэдийг “шулж” байна DNN.mn

Даатгалын компаниуд үйлчлүүлэгчээ хохироодог түгээмэл үзэгдэл бий. Осол гараад дуудахад ирдэггүй, ирээд даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос зайлсхийж янз бүрийн арга хэрэглэдэг, даатгуулагчид нөхөн төлбөр бодогдлоо гэхэд дансанд орохгүй хугацааны хувьд удаашралтай байдаг гэх зэрэг даатгуулагч нарт хүндрэл учруулах тохиолдлууд олон болжээ. Дээрх асуудлын хүрээнд “Монгол даатгал”-ын даатгуулагчтай үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр “Монгол даатгал” компанид 500 гаруй мянган төгрөгөөр жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал хийлгэжээ. Гэсэн ч тус байгууллага нөхөн төлбөр олгох асуудалд хойрго хандаж, даатгуулагчдаа чирэгдэл учруулжээ.


-Даатгалын компаниудын зүгээс даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос зайлсхийдэг үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Танд ч ийм жишээ тохиолдсон бололтой. Болсон үйл явдлын талаар тодорхой ярихгүй юу?

-Даатгалын компаниуд даатгуулагчид нөхөн төлбөр өгөхөөс ямар нэгэн аргаар зайлсхийдэг жишиг тогтоод удаж байна л даа. Тэр дундаа анхдагч даатгалуудын нэг болох “Монгол Даатгал” ХХК ийм хачин үйлдэл гаргаж байгааг нь гайхах юм. Энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн пүрэв гаригаас 22-ны баасан гаригт шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт гэрийнхээ гадаа зогсоол дээр би машинаа шүргүүлсэн юм. Тухайн өдрийн өглөө хүүхдэдээ вакцин хийлгэхээр гарахдаа өөр машин миний машиныг шүргэсэн болохыг нь анзаараагүй. Харин “Нарны” хороололд ээжийндээ очоод сэвийг нь харж, дуудлага өгсөн. Ингээд ХУД-ийн замын цагдаагийн хэлтэс болон “Монгол даатгал”-ын шуурхай дуудлагад хандсан. Тухайн газрын камер шүүгээд “өөр газар шүргүүлсэн байна. Та гэрийнхээ гаднах зогсоолын камер шүүгээрэй” гэх зөвлөгөөг ХУД-ийн замын цагдаагийн хэлтсээс өгсөн юм. Харин дуудлагаар ирсэн мэргэжилтэн нь миний машины зогсож байсан газарт хэмжилт хийж зураг дараад “Танд нөхөн төлбөр өгнө” гэж хэлсэн. Гэхдээ “цагдаагаас тодорхойлолт авчраарай” гэсэн.

-Тэгээд ямар үндэслэлээр танд нөхөн төлбөр олгохоос зайлсийж, удаашраад байгаа юм бэ?

-Ингээд гэрийнхээ гадаа ирж Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлсэлт хандаж камер шүүлгэхэд шүргэсэн машин нь харагдаж байгаа юм. Гэсэн ч “шөнийн цагт гэрэл гялбасан, байдалтай зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тогтоох боломжгүй” гээд дуудлагаар ирсэн замын цагдаа зураг дараад, бичлэг хийгээд хэмжилт хийсэн. Нотлох баримтуудыг нь цуглуулаад “Монгол даатгал” руу залгатал асуудал үүссэн. Тэд “Цагдаагаас тодорхойлолт авч ирэхгүй бол нөхөн олговор өгөхгүй, тэгэхгүй бол гэрээгээ цуцлаад явдаг газраараа яв” гэж намайг загнасан. Тэр бүү хэл ичих ч үгүй “Хуурамч дуудлага өгсөн байна, даатгалын гэрээгээ цуцалсан ч болно” гэж хэлж байгаа юм. Би 500 гаруй мянган төгрөгөөр даатгуулсан хүн шүү дээ. Би шүргүүлсэн тээврийн хэрэгслээ үнэлгээний газраар оруулахад засвар нь 250 орчим мянган төгрөг л болж байсан. 500 мянган төгрөгөөр даатгуулсан жолооч 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр авах болоход л голоо цохиж байгаа юм. Явдал чирэгдэл учруулаад л, даатгуулагчийн зүгээс шаардлага тавихад “гэрээгээ цуцална” гэх мэтээр загнана, зандарна. Даатгалын үйлчилгээний байгууллага шүү дээ. Наад захын харилцааны соёлгүй. Үйлчлүүлэгчээ хүндэлдэггүй. Дээрх явдалтай холбоотойгоор үнэтэй цаг, заваа алдсан. Уул нь зогсоолд тавьсан машинаа л шүргүүлж хохирсон хүн шүү дээ. Даатгалын компаниуд ийм хандалагатай байж болох уу. Би дуугай өнгөрч болно л доо. Гэхдээ үүнтэй ижил жишгээр хэдэн даатгуулагч цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаа бол. Бодох л асуудал.

-Таны тухайд яагаад “Монгол даатгал”-ыг сонгосон юм бэ?

-Би машинаа банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр худалдаж авсан юм. Энэ банк бус санхүүгийн байгууллага тухайн үед “Монгол даатгал”тай гэрээтэй ажилладаг. Ингээд жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн бүрэн даатгал хийлгэж гэрээ байгуулсан. Ийм гэрээ нь хүчин төгөлдөр байхад л үл ялих шалтаг тоочиж нөхөн олговор олгохоос зайлсхийж, долоо хонож байна. Цагдаагаас даатгал руу улсын дугаарыг нь олж тогтоох боломжгүй гэдэг албан бичиг явуулаад байхад тэр шүү дээ. Нэг үгээр хэлбэл даатгуулагчдаа “шулж”бас залхаан цээрлүүлж, ийш тийш явуулж, янз бүрийн юм ярьсаар долоо хоног боллоо. Маш их гомдолтой байна. Над шиг даатгуулагчид ч иймэрхүү байдлаар цаг заваа, стресс, ажлаа алдаасай гэж хүсэхгүй байна.

-Та яриандаа цагдаагаас тодорхойлолт авчрахыг шаардсан талаар хэлж байсан. Тодорхойлолтын талаар тайлбарлахгүй юу. Цагдаагийн байгууллагаас осол гаргасан жолоочийг олж илрүүлж чадаагүй гэсэн шүү дээ.

-Бичлэгт “honda insight” маркийн хар юм уу, хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл шүргэж байгаа нь харагддаг. Тухайн үед харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас улсын дугаар нь харагдаагүй. Цагдаагийн зүгээс тухайн газрын зураг бичлэгийг хавсаргаад л тодорхойлолт хийж өгсөн. Бичлэг нь ч байгаа. Гэхдээ энд нэг асуудал бий. Даатгал миний нөхөн олговорыг ямар учраас ингээд олгохгүй намайг хохироогоод байгааг ойлгохгүй байгаа. Би захиралд нь өргөдөл гаргасан. Цагдаагийн байгуулагад ч мөн адил “Тэр машиныг нь олоод өгөөч” гэсэн.

-Тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас даатгал руу тодорхойлолт хийж өгөхөд 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасдаг журамтай юм байна. Тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулаад гэртээ амарч байсан намайг 100 мянгаар торгож, жолоодох эрхийн оноо хасна гэсэн. Би гайхаад яагаад гээд даргад нь хандсан. Ийм байж болохгүй биз дээ. Ингээд торгуулийн арга хэмжээ авахуулахаас наагуур, жолоодох эрхийн оноо хасахгүйгээр тодорхойлолт гаргаж даатгал руу явуулсан. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энд нэг зүйлийг онцлоход даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөр олгодог болсон. “Монгол даатгал”ын зүгээс л нөхөн төлбөрөөс зайлсхийх арга сүвэгчилж даатгуулагчдад чирэгдэл учруулаад байна л даа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхийн тулд асар их цаг заваараа хохирч байгаа юм. Бусдын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч, оноо хасдаг заалтыг бол үнэхээр ойлгохгүй байгаа. Үүний ард даатгалтын компаниудын эрх ашиг ч харагдаж байна. Бүгд биш л дээ, гэхдээ л даатгуулагч нарыг ийнхүү хохироож байна. Эрхийг нь зөрчиж байна. Цаашид даатгалын компаниудын энэ мэт ашиг хонжоо хайж, даатгуулагчдыг хохироодог үйлдлийг таслан зогсоох талаар дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Чирэгдлээс зайлсхийж даатгалын компаниудад луйвардуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Би даатгуулсан, хохирсон, нөхөн төлбөрөө заавал авч байж бусад даатгуулагч нарын ч эрхийг давхар хамгаалж чадна гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *