Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцууллаа.
Тэрбээр “2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулах 25 компанийн асуудлыг УИХ Засгийн газарт өргөн бариад УИХ үндсэн чиглэлийг нь баталсан. Тухайн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр уг 25 байгууллагыг нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдэж байгаа юм.
Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хийнэ. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал компанийн 34 хүртэлх хувийг олон нийтийн болгоно. Бусад компанийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаах юм.
Түүнчлэн зарим улсын үйлдвэрийн газар, компаниудыг татан буулгах, нийлүүлэх процессыг эхлүүлж байгаа. “Монгол-Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргалаа. Усны асуудлыг эрхлэх агентлаг байгуулсан тул чиг үүргийн хувьд давхардаж байна.
Мөн “Цагаан шонхор” ТӨҮГ-ыг “Бөртэ” ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо. “Цагаан шонхор” ТӨҮГ бол Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны харьяа тухайн салбарын ажилчдын хувцас хэрэглэлийг хийх зориулалттай компани. Харин Бөртэ ТӨҮГ-ын хувьд тухайн компанитай үйл ажиллагааны хувьд төстэй. Гэхдээ Батлан Хамгаалах Яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.
Цаашид төрийн харьяанд ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Буянт-Ухаа спортын ордонд БНХАУ-ын 30 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар засвар шинэчлэлийн ажил хийж байгаа. Энэ ажлыг дуусмагц Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨҮГ-тай нэгтгэнэ.
Улсын үйлдвэрийн газар гэдэг статусгүй болно
Спортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй төстэй гурван үйлдвэрийн тооцоот газар байна.
25 байгууллагын хувьд өрийн асуудал бага. Хөрөнгийн бирж гэхэд 2021 онд тав гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цахилгаа холбоо компанийн хувьд тодорхой хэмжээний орлого олдог.
Улсын үйлдвэрийн газар гэдэг статусыг байхгүй болгоно. Цаашид төрийн болон төрийн өмчит компани байгуулах үндэслэл журмыг хуульчилж, нарийн зохицуулалтад оруулж өгч байгаа” гэлээ.