Categories
мэдээ нийгэм

“JP Morgan”-ы тэргүүн эдийн засгийн хар салхи ойртож байгааг анхааруулжээ DNN.mn

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Дэлхий нийтийг “эдийн засгийн хар шуурга” хүлээж байгаа бөгөөд үүнд бэлдэж эхлэх шаардлагатай гэж Америкийн томоохон банкуудын нэг болох “JP Morgan Chase”-ийн тэргүүн Жейми Даймон Нью-Йорк хотноо лхагва гарагт болсон санхүүгийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Бидний дээр шуурганы үүл хуралдаад байна гэж би өмнө нь хэлж байсан, харин одоо хэлснээ өөрчлөхийг хүсэж байна, учир нь бидэн рүү хар салхи ойртож байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Хэдийгээр одоо бүх зүйл эмх цэгцтэй байгаа мэт санагдаж байгаа ч ойртож буй гамшиг “жижиг хуй салхи эсвэл сүйрэл дагуулах “Сэнди” хар салхи” болж хувирах эсэхийг хэн ч мэдэхгүй гэж Даймон тэмдэглээд уулзалтад оролцсон шинжээчид, хөрөнгө оруулагчдад хүндрэл бэрхшээлд бэлтгэхийг зөвлөсөн байна. “Эрсдэлд бэлэн байх нь хамгийн сайн арга. “JPMorgan” бэлдэж эхэлнэ. Манай бодлого балансын тооцоонд маш консерватив болно ” гэж тэрбээр хэлжээ.

АНУ-ын эдийн засаг 2023 онд уналтад орох магадлал өндөр байгаа талаар “Washington Post” сонин урьд нь мэдээлжээ. “S&P” агентлагийн ахлах эдийн засагч Бет Энн Бовиногийн тооцоолсноор, 2023 онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 35 хувьтай байна гэж сонинд бичсэн байна. Ойрын ирээдүйд тус улс үл хөдлөх хөрөнгийн зах зээл, барилгын салбарт асуудалтай тулгарна гэж мэргэжилтнүүд салбарын үзүүлэлтүүдэд үндэслэн таамаглажээ.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, гуравдугаар сард тус улсын инфляц сүүлийн 40 жилийн дээд хэмжээнд буюу 8.5 хувьд хүрчээ. 2022 оны эхний улиралд АНУ-ын ДНБ жилийн дундаж үзүүлэлтээс 1.4 хувиар буурсан талаарх мэдээллийг тус улсын Худалдааны яам дөрөвдүгээр сарын сүүлчээр нийтэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *