Нэлээн олон жилийн өмнө дөө. Аль ч билээ нэг яаман дээр гадаадын хэсэг улсууд “Танай хотын хуучин орон сууцны барилгуудыг чинь гадна талаас нь сайхан дулаалаад өгье. Орчин үеийн дулаалгын дэвшилтэт технологи. Танайх шиг хүйтэн сэрүүн нь давамгайлдаг оронд яг болох зүйл дээ. Тэгвэл дулаан алдалт нь эрс багасаад танай эрчим хүчинд чинь ч хэмнэлттэй. Тун сайн төсөл шүү” гэсэн санал тавьсан байгаа юм. Гэтэл мөнөөх яамны сайд нь юмуу, эсвэл аль нэг том дарга нь ч юм уу “Орон сууцнуудын гадна талаар тэгээд тийм дулаалга хийхийг зөвшөөрчих юм бол надад хэдэн хувийг өгөх юм” гэж асуугаад авчээ. Мэдээж нөгөө гадныхны нүд нь орой дээрээ гараад буцсан тухай үнэн худал нь мэдэхгүй ам дамжсан яриа байдаг. Хэрэвзээ үнэхээр ийм явдал болсон бол ичиж үхэх багадах зүйлээс гадна бүр ял авах хэмжээний авлига албан тушаалын хэрэг гарцаагүй мөн.
Хуучны угсармалын барилгууд ерөнхийдөө сэрүүхэн талдаа. Завсар зайгаар хийдэг байсан дулаалгын зориулалттай хар резинүүдийг нь суга суга татаад авчихсан, оронд нь завсар зайгаар нь шавраар чигжсэн харагддаг. Яг ийм орон сууцнуудад хөөсөн дулаалга шиг хэрэгтэй юм алга. Ийм дулаалга хийлгэсэн айлын гэрийн температур лав 4-5 градусаар нэмэгддэг юм гэнэ лээ. Дулаан алдалт нь бага байвал тохь тухаас эхлээд дулааны салбарт ч томоохон нэмэртэй гэж мэргэжлийнхэн хааяа ярьдаг.
Уг нь энэ ажлыг энд тэнд өвдөл цөвдлөөр хийж байгаа ч арай л удаашралтай харагдах юм. Хэмнэл хэмнэлт гээд хэдэн машин унахаа болихоос илүүгээр энэ мэт ажлыг хийж чадвал том зургаараа гарцаагүй том хэмнэлт болж болохоор санагддаг. Ер нь тэгээд аль юм болгон гадны зээл тусламжийг харж царай алдаж суухав. Иймэрхүү аж ахуйн чанартай ажлыг өөрсдийнхөө хүчээр ахиухан хүч, мөнгө гаргаад богино хугацаанд хийчихмээр байна аа. Жилд арваадхан байрыг биш, ядаж зуугаар нь ингэж дулаалмаар байна.
Хавтгайруулсан халамж өгч байхаар, худлаа дүр эсгэсэн хэмнэлт гэж “сүрийг бадруулж” байхаар бодитой ажил хийхгүй бол болохоо байх гээд байна шүү, энэ улс чинь. Уг нь хуучны хэдэн орон сууцнуудаа нэг сайн дулаалаад авбал хаа хаанаа их хэрэгтэйсэн.