Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр /2022.03.14/ болж байна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм.
“МОНГОЛ ЭР ХҮН ЭРҮҮЛ БИЕТЭЙ, ЗӨВ ХАНДЛАГАТАЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛТЭЙ ХАМТ АЛХАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ”
Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Эрх чөлөөт Монгол Улсад эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид ачааны хүндийг үүрэх учиртай. Монгол эр хүн эрүүл биетэй зөв хандлагатай, мэдлэг боловсролтой, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хамт алхаж чаддаг байх ёстой. Эрчүүдийн ухамсар, хариуцлагыг шинэ түвшинд гаргах ёстой.
Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Зарим нь эцэг хүний үүргээ умартаж хань ижил гэр бүлээ зовоох нь цөөнгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт 10 жил болж өөрчлөгдсөн байна. Эрдэмтэн судлаачид үүнийг дүгнэхдээ эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд автсантай холбоотой, эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Эрүүдчийн нас баралтын өвчинд зүрх судас, хоол боловсруулах өвчин тэргүүлж байна.
Эр хүн өвдөггүй, эр хүн уйлдаггүй зэрэг үгнээс болж хэнэггүй байдал газар авснаас болоод эрүүл мэнддээ тавих анхаарал сул байна. Монгол эрчүүдийн амьдралын чанар төдийгүй өрх, гэр улс үндэсний амьдралд нөлөөлж байна. Цаашид төр засгаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна. “Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн ярьдаг.
Гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байна. Монгол эрчүүд гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ёс зүйгээ хангалттай хэмжээнд хүлээхгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэргээс болж эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг унагааж байна. Цаашид ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Бидний зовлонгийн нэг шалтгаан архинд донтох эмгэг байна. Архидалт хэзээ ч сайнаар дуусдаггүй. Эрчүүд архийг ууж байна гэж боддог. Гэтэл биднийг гэр бүлтэй улс үндэстэнтэй нь ууж байна” гэлээ.
“Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө архигүй Монгол, Эрүүл Монгол хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Архины эсрэг нэгдэн тэмцэцгээе” гэдгийг онцоллоо.
МОНГОЛ УЛС ЭРЧҮҮДДЭЭ ЭЭЛГҮЙ ОРОН БОЛЖ БАЙНА
Уг чуулганыг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн санаачилжээУИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: “Монгол орон, Монгол Улс эрчүүддээ ээлгүй орон болж байна. Жилдээ 17 мянган хүн манай улсад нас бардгаас 60 гаруй хувь нь эрчүүд байна.
11 мянга гаруй буюу эрчүүдийн 52 хувь нь 15-60 насандаа хорвоог орхиж байна. 45-наас эхлэн эрчүүдийн үхлийн шалтгаан огцом нэмэгдэж, хүүхдүүд өнчирч, эмэгтэйчүүд эрт бэлэвсэрч байгааг судалгаа харуулж байна.
Мөн ажлын байрны осол, бусдын гарт амиа алдах, өвчнөөс шалтгаалж байна. Жилд 400 гаруй эрчүүд амиа егүүтгэсэн тоо байна. Эдгээр эрчүүдийн 47 хувь нь ажилгүй эрчүүд байна. Ажилгүй эрчүүдийн дотор ямар бодол явдагыг бид мэдэхгүй.
Хүүхдээ ганцаараа өсгөж буй 15 мянга гаруй эцэг байна. Улсын хэмжээнд өрх толгойлсон 70 мянган ээжүүд байна. Эрчүүд минь та нар хаана байна вэ. Тэд өвчинд ялагдан нас барч, эсвэл амьдралд ялагдаж байна. Гэр бүл салж байгаагийн гол шалтгаан нь архидалт. Ажилгүйдэл, орлогогүйгээс үүдэлтэй монгол өрхийн тэргүүний хувь тавиланг ийнхүү дайрч байна. Тиймээс залуус эх орноосоо дайжиж байна. Монгол Улс эрчүүдэд ээлгүй, аюултай улс орон болж хувирчээ. Эрчүүдийн асуудлыг ярилцаж, бодлого гаргах цаг болжээ.
Монгол Улс өндөр үнэтэй байшин, барилга авто машинуудаас бүрдээгүй. Монгол орон Монгол эхнэр нөхрөөс бүтдэг. Гэр бүлийг тэд бий болгодог.
Эрэгтэйчүүдийн асуудлыг шийдээгүй улс хөгжин дэвжихгүй. Эрчүүдэд алдаа бий. Гэхдээ хөвгүүн байхад нь монгол ээжүүд бид хүмүүжүүлсэн. Цаашлаад улс орны хэмжээний асуудал болж байна. Би 1000 гаруй эрчүүдийн ажил олгогч байсан. Тэд ар гэр үр хүүхдэдээ ямар их хайр гаргадгийг бид мэднэ. Эрчүүдийн асуудлыг төрийн бодлогын цөмд аваачина гэж би амласан” гэлээ.