Хөгжлийн банк 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож, түүнээс 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Хөгжлийн банкнаас нэрлэсэн 26 чанаргүй зээлдэгчийн долоо нь АН-ын үед, үлдсэн 19 нь МАН засаглах үед олгогдсон. Ингэхдээ М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын томилсон Б.Батбаяр захирлын үед дээрх 19 зээл гарчээ. Мөн зээл нь төлөгдөхгүй зогсож, шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүлээгдэж буй 17 компанийн ес нь Б.Батбаяр захирлын үед хамаарч буй аж.
Өнөөдрөөс хэд хэдэн барилга байгууламжийг битүүмжилж, дансыг нь хаасан тухайгаа АТГ-аас мэдээллэв.
Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон намын гишүүдээ ХӨӨНӨ гэдгээ мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр, “улс төрийн намын хариуцлагаа бид өнгөрсөн 30 дугаар их хурлаараа нээчихсэн. Намынхаа дүрэмд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд улстөрийн хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс хасах боломж нээгдсэн. МАН 300 гаруй мянган гишүүнтэй” хэмээлээ.