Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтах биш тосч авдаг болно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарын реформыг өнгөрсөн онд хийсэн. Хэрэгжилт нь ямар шатанд явна вэ. Та бүхний хүлээж байсан үр дүнд хүрч чадаж байна уу?

-Хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг эмчлэх том реформ хийгдэж байна. Өмнө төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээгээр хэдэн том эмнэлгүүдийн цалин, дулааны зардал явдаг байсан. Зарим санхүүжилтээ даатгалын сангаас өгдөг байв. Лапшатай зүйрлэх юм бол гурилыг нь даатгалын сан, махыг нь төр даадаг гэсэн үг. Энэ нь хэт их төвлөрлийг бий болгож байсан оновчгүй бодлого байлаа шүү дээ. Яагаад гэвэл заавал тэр санхүүжилт авсан газарт л иргэн үнэгүй эмчлүүлэх болно доо. Тиймээс хавдрын өвчтэй улсууд хавдрын эмнэлэг дээр төвлөрнө. Эрчимт эмчилгээний том эмнэлгүүдэд хичнээн хүн ямар зардлаар эмчлүүлсэн нь ямар ч хамаагүй. Төр “Би та нарт цалин өгч, байшингийн чинь дулаан цахилгааныг төлж байгаа учраас хэдэн хүн ч байсан эмчил” гэдэг байсан. Тэгэхээр эмийн төсөв нь хүрэхгүй. Эмчилгээнийхээ зардлыг даахгүй, ар гэрт нь захидаг байлаа. Сарын сүүлч болохоор эмнэлгийнх нь санхүүжилт нь дуусаад бас л ар гэрээс нь эм, тариа татдаг байсан. Бас нэг муу тал нь жилдээ нэг хүн хоёр сая төгрөгт багтаж өвдөх ёстой байв. Жилийн энэ лимитнээсээ хэтрэх юм бол даатгалаас мөнгө өгөхгүй. Тэгэхээр хавсарсан өвчтэй хүн бүрэн эмчлэгдэж чадахгүй. Үүнээс гадна бэртэж, гэмтсэн иргэд яаралтай тусламж хүсэхдээ заавал гэмтлийн эмнэлэгт очдог байсан. Хувийн эмнэлэг гараа зүссэн хүнд оёдол тавиад өгчихнө шүү дээ. Яагаад тэр санхүүжилтийг нь өгөхгүй байгаа юм бэ. Хаана ч эмчлүүлсэн мөнгийг нь өгдөг тогтолцоо дутаад байгаа биз. Дээрээс нь хэт их төвлөрдөг. Иргэд эмчлүүлэхийн тулд хол зам туулдаг. Эсвэл хувийн эмнэлэгт очихоор заавал халааснаасаа мөнгө гаргах болно. Улсын эмнэлэгт үзүүлбэл 90 хувийг нь даатгалаас төлдөг. Харин хувийн эмнэлэгт хандвал нийт зардлын аравхан хувийг төр даадаг байсан. Хуучин тогтолцооны өөр нэг дутагдалтай тал нь ор санхүүжүүлдэг байсан. Эдгэрсэн, эмчлүүлсэн хүнээрээ санхүүжүүлдэг биш. Зүгээр ор нь дүүрэн байвал мөнгө өгдөг байв.

Тэгэхээр өвдсөн, өвдөөгүй хүмүүс эмнэлэгт хэвтэх дуртай болно доо. Ороо дүүргэж байвал эмнэлгүүдэд хэнийг хэрхэн эмчилсэн чанар хамаагүй. Мөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээ, компьютер томогарфикт иргэн өөрөөсөө зардлаа төлдөг байсан. Сард 55 мянга, улиралд 160 мянган төгрөгөөр оношлогоо хийлгэх, эмчлүүлэх эрхтэй байсан. Тийм болохоор иргэд өвдөөгүй ч байсан тэр мөнгөө ашиглахын тулд эмнэлэгт ханддаг үрэлгэн зардал бий болчихсон байв. Дээрхээс гадна хөнгөлөлттэй эмнүүдийг маш түвэгтэй авдаг байсан. Хэдхэн эмийн санд тусгай зөвшөөрөл өгчихдөг, сарын эхэнд бөөн оочер дараалал үүсгэнэ. Санхүүжилт нь дуусчихна. Төсөв нь, эм нь хүрдэггүй. Ийм олон түвэгтэй бэрхшээлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн реформыг хийсэн. Аливаа шинэчлэл хийхэд засч залруулах жижиг, сажиг асуудлууд гарна. Явцын дунд засагдаад, сайжраад явна. Гэхдээ үндсэн том зорилго нь өөрөө зөв.

-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийн хувьд өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн хэрнээ нэр төрөл нь багассан гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Амь насанд нь эрсдэл учирч болзошгүй хүний эмийг төр дааж байгаа. Ингэхдээ 30-70 хувийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хуучин жилийн 28 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан төсвийг 60 тэрбум болгож өсгөөд хүрэлцээтэй болголоо. Хоёрдугаарт, дурын эмийн сандаа ороод авах боломжтой болгож байгаа. Сарын хэд дэх өдөр ч хамаагүй очиж авах боломжтой. Түвэгтэй авдаг байсан эмийг хялбар авдаг тогтолцоо руу орсон нь маш том амжилт.

-Эмнэлгийн ор санхүүжүүлдэг тогтолцоо ямар болов?

-Хүн эмчилсэн бол тэр хүний эмчилгээний өртгийг нь тооцоод санхүүжилтийг нь олгодог болчихож байгаа юм. Жишээлбэл, ходоод тайруулах хагалгаа хийлгэхэд 10 сая төгрөгийг өгч байна. Улс, хувийн эмнэлэг мэс засал хийсэн нь хамаагүй олгож байна. Тухайн иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авсан бол хандсан эмнэлэг нь Даатгалын ерөнхий газартай гэрээтэй байвал санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр өгнө. Тэгэхээр иргэнээс гарч байгаа санхүүжилт байхгүй болчихлоо. Хуучин өндөр өртөгт болон эмчилгээний зардал тус тусдаа байсан. Тэрнийхээ 25 хувийг даатгал төлдөг. 25 хувийг нь өндөр өртөгтийнх зардлаас төлдөг байсан. Тэгвэл одоо бүгдийг 10 сая төгрөгийн өртөгтэй нэг багц болгосон. Хорт хавдрын эмчилгээ тэг өртөгтэй болчихлоо. Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэсэн байдаг. Энэ хууль одоо бодитоор биеллээ олж байна. Иргэнээс мөнгө гарахгүй, амар болсон. Энэ том дэвшил. Дээрээс нь төвлөрөл байхгүй болж байна. Аль ч эмнэлэг дээр хагалгаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд компьютер, томографик гээд өндөр өртөгтэй оношлогоо хийлгэх гэж ямар их мөнгө төлдөг байлаа. Тэгвэл төр 70 хувийг нь даадаг болсон.

-Эмнэлгүүдийн санхүүжилт өмнөхөөсөө нэлээд нэмэгдсэн харагдана лээ?

-Гуравдугаар шатлалын том эмнэлгүүдийг харахад энэ оны 3-9 дүгээр сар хүртэл 2-10 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт авсан байгаа. Эмнэлгүүд сайн ажиллаад, олон хүн эмчлэх юм бол санхүүжилтээ бүрэн авч чаддаг юм байна. Энэ нь өөрөө хуучин байсан төсвөөсөө хамаагүй илүү болж байгаа юм. Тэгэхээр эмнэлэг эм тариагаа ар гэрт нь захихгүй. Өөрсдөө даагаад явах боломж гарч байгаа дэвшил гэж харж болно.

-Гэтэл эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?

-Ийм сул тал байгаа нь үнэн. Эмнэлгүүдийн удирдлагын бие даасан тогтолцоо руу шилжих ёстой. Гэхдээ ямар ч хувьчлал байхгүй. Менежментийн хувьчлал ч биш. Зөвхөн эмнэлгийн байгууллага төсвөө өөрөө захиран зарцуулах эрхийг өгч байгаа юм. Хавдар судлалын эмнэлэг дээр жишээ аваад ярья л даа. Жилд зургаан тэрбум төгрөгийн төсөвтэй. Илүү хүн ажиллуулаад мөнгө өгч болохгүй. Төсвийн хуулиараа зардлаа зургаан тэрбумаас хэтрүүлэх нь хориотой. Ариутгах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэлд тэд, тэдэн төгрөг гээд төсөвлөчихдөг байсан. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээ өөрөө хязгаартай байж болохгүй. Ковид гарлаа гэхэд ариутгалын бодисоо илүү авах шаардлагатай. Өөр төрлийн өвчин гарсан учраас эмчилгээний эмийн төрлөө өөрчлөх ёстой. Нэг эмчийн ширээ сандал, өрөөг засахын тулд Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргана. Эрүүл мэндийн яамнаасаа Сангийн яаманд очно. Сангийн яамнаасаа буцаад Эрүүл мэндийн яаманд хариу өгнө. Ингэж бичиг, цаас болж явсаар бүтэн гурван сар өнгөрдөг. Эмнэлэг ингэж хүлээж болохгүй. Тэгвэл эмнэлгийн удирдлага өөрөө захиран зарцуулах эрхтэй, маневерь хурдан байх ёстой. Эмнэлгийн байгууллагын онцлог нь ийм. Дараа нь аудит шалгана биз. Гэтэл одоо болтол эрүүл мэндийн байгууллагууд бүтэц рүүгээ орохгүй байна. Энэ нь эрүүл мэндийн реформыг амьд болгоход чөдөр болж байна л даа. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад, эндээсээ захирлаа сонгоод, тэр захирал нь ТУЗ-рөө хяналтаа хийлгээд үүрэг даалгавар аваад орон тоогоо батлаад цалингаа нэмэх эрх нь байгаа. Тэгэхэд саяын энэ санхүүжилтээр нэмэлт урамшуулал байдлаар 20-50 хувийн цалин өгсөн. Гэхдээ үндсэн цалинг нэмж чадахгүй байгаад байна. Энэ бол засаглалын алдаа.

-Эрүүл мэндийн салбарт реформ хийснээр хувийн эмнэлгүүд их орлоготой боллоо, ор дүүргэлт нь сайн байна. Үүнийг хоёр талтай л тайлбарлаад байх юм. Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлж байна гэсэн хардлага байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тэд нар орлого олж байгаа. Зарим эмнэлгүүд иргэдээсээ мөнгийг нь авч эмчилгээ үйлчилгээ үзүүлчихээд дараа нь даатгалаас мөнгө нь орохоор буцаагаад өгч байна гэсэн. Энэ бол сайн дэвшил. Гэхдээ ийм том шинэчлэл богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй. Өвдөөд эмчлүүлсэн улсууд ямар их баяртай байгаа гээч. Ийм эмчилгээг хийлгэхдээ өмнө 3-5 сая төгрөг төлдөг байсан бол юу ч төлсөнгүй. Нүдний болор солиулахад ердөө 20 хон мянган төгрөг төллөө шүү дээ гэж байна. Хавдарын эмнэлэгт химийн эмчилгээг таван сая төгрөгөөр хийлгэж байсан бол өнөө жил нэг ч төгрөг төлсөнгүй гээд иргэд их талархалтай байна л даа. Бидний хүсээд байгаа том зорилго бол хүн өвчин тусаад ядуурч болохгүй. Иргэд хаана амьдарч байгаагаас үл хамаараад эмнэлгийн тусламж авдаг байх ёстой.

-Энэ шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг арилгана гэж байсан. Тэгэхээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг яаж чадавхижуулж байна вэ?

-Хамгийн ойр жишээ хэлье л дээ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг ТУЗ байгуулчихсан. Тэнд манай хавдрын эмнэлгийн хоёр залуу очоод ажиллаж байна. Долоо хоногийн өмнө над руу ярьсан. “Бид энд ирээд 22 хагалгаа хийлээ. Ходоодны хавдар, элэгний хагалгаа хийсэн. Хүмүүс нь хот руу явахгүй ямар амар юм гэж байна” гэсэн. Өндөр өртөг гэж тусгай тендер зарлаж эмнэлгүүдэд санхүүжилт өгдөг байснаа болиод зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон чинь аймгийн нэгдсэн эмнэлэгт ийм хагалгаа хийгээд мөнгөө авч байна шүү дээ. Иргэнээс мөнгө гаргуулахгүйгээр орон нутагт хагалгаа хийж чадаж байна. Хуучин өндөр өртгийн эрхтэй эмнэлгүүд авдаг байж. Тэгэхээр одоо багцаар нь үнэлчихээр аймгуудад эмчилсэн л бол тэр мөнгөө авна. Эмнэлэг нь 10 саяараа өндөр өртөгтэй багаж, эмээ худалдаад авчихна. Хүнээ эмчилнэ. Үлдсэн мөнгөө цалин болгоод тавина. Энэ тэгш байдлыг бий болгох том дэвшил. Үүнийг нэг өдөр хийчих ажил биш. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд тоног төхөөрөмжөө сайжруулах ёстой.

-Хувийн эмнэлгүүд тоног төхөөрөмж сайтай шүү дээ. Тэгэхээр тэдэнд давуу тал болохгүй юу?

-Энэ хуулиа зүгээр батлаад орхичихоогүй. Хувийн эмнэлгүүд давуу эрхтэй ажиллах эрсдэл байсан учраас өрсөлдөх чадварыг нэг гараанаас болгох зорилгоор 130 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүгээрээ аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд авах боломжийг тавиад бүрдүүлсэн. Тиймээс хэрэгжилт нь бодитой байна уу гэж шалгаж байгаа. Үр дүнгээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд тусгайлан анхаарахгүй бол болохгүй юм байна гэж үзсэн.

-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эмнэлгүүдийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Анхан шатны тусламж үйлчилгээний төв хоёр санхүүжилт авдаг. Суманд харьяалалтай иргэдийн тоогоор тогтмол зардал буюу нэг иргэнээр 30 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Жишээлбэл, 2000 хүн амтай сум байлаа гэхэд жилдээ 60 сая төгрөгийн төсөвтэй. Тэгвэл энэ санхүүжилтийг ирэх оны төсөвт хоёр дахин нэмж байгаа. Анхан шатан дээр байгаа сумын эмнэлгийнхэн иргэддээ илүү ойрхон ажиллахыг хүсч байгаа. Орон тоогоо өөрсдөө нэм. Боловсон хүчнээ сайжруул гэж байгаа. Анхан шатанд үзүүлж байгаа хүнээ зөв оношлоод, зөв эмчилгээ хийх нь ямар үр дүнтэй байдгийг ковидоор харлаа. Жишээлбэл, ковид дөнгөж туссан хүнийг зөв тест хийнгүүтээ оношийг нь шуурхай тогтоож, алтан үед нь вирусийн эсрэг эмчилгээ хийчихвэл нам дарна. Мэдээж эмчлүүлэхгүй удвал хүндэрнэ шүү дээ.

-Ковидын эмчилгээнд асар их зардал гарч байна. Үр дүн хангалттай биш байна гэж нийгэм даяар шүүмжилж байгаа…

-160 мянган төгрөгийг гэрийн эргэлтэд зарцуулж байгаа. Энэ бол эмийн багц биш. Энэ бол өрх, сумын эмч нар өвчтөнөө гэрт нь байлгаж байгаад эмчил гэж байгаа мөнгө. Тэр дотроо эмийн багцаа өгөөд, шинжилгээгээ хийгээд, хүнээ хяна, хөдөлмөрийн хөлсөө ав гэж байгаа юм. Яг үүнтэй адил нэг хүнийг эдгээсний төлөө 160 мянган төгрөг өгч байна гэж ойлгож болно. Хэрэв гэрээр эмчлэхэд хүндэрсэн бол сумын эрүүл мэндийн төвд очоод хэвтүүлж, нэг хүнийг эмчилсэний төлөө 980 мянган төгрөг өгч байна. Сая Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж ажиллалаа. Сумын эрүүл мэндийн төв 300 гаруй иргэнийг хэвтүүлж эмчилсэн байна. Тухайн эмнэлэг 300 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Мэдээж, эм тариа авна. 14 хоног улаан бүсэд ажилласан хүмүүстээ тус бүр нэг сая төгрөг өгсөн байна. Одоо 13 дахь сарын цалин өгөх гэж байна. Энэ бодитой орлогыг нь нэмэгдүүлж байгаа юм. Тэгэхээр одоо би хэлэх гээд санаа бол Эрүүл мэндийн салбарын том реформын ач холбогдол нь хөдөлмөрлөөд мөнгө авдаг бай. Мөнгө авахын тулд хүн эмчлэхийн төлөө хүсдэг бол. Энэ бол анхан шат, хувь, гуравдугаар шатлалын эмнэлэг ялгаагүй чанарын төлөө өрсөлддөг болж байгаа юм. Анхан шатны эмнэлэг санхүүжилтээ бүрэн авахын тулд тухайн өвчтөнөө хоёр дахь шатлалын эмнэлэг рүү явуулахгүй сайн эмчлэхийг хүсч байна шүү дээ. Эмчилж чадахгүй бол аймгийн эмнэлэг тэр мөнгийг нь авна. Аймгийн эмнэлэг эмчилж чадахгүй бол улсын төв эмнэлэг авна. Тэгэхээр санхүүжилтээ авахын тулд бүгд хүнд чанартай тусламж үзүүлдэг болно. Өмнө эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтаадаг байсан бол одоо тосч авдаг болно. Энэ реформ амилахад мэдээж цаг хугацаа орно. Дэлхий дээр байгаа сайн туршлагыг Монголын хөрсөнд буулгаж, нэг ч гэсэн иргэнээ гадаад явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ ч гэсэн аймгаас Улаанбаатар явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ сумаас аймаг руу явуулдаггүй байя гэдэг эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг дэмжиж байгаа санхүүжилтийн тогтолцоо юм.

-Ирэх оны төсөвт өвчний эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн хугацаанд эрт илрүүлгийн олон хөтөлбөр байсан. Даатгалаас зургаан төрлийн багц үйлчилгээгээр эрүүл мэндийн эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хийж байгаа. Хамрагдалт нь 6-7 хон хувьтай байна. Яагаад энэ амжилтгүй байна вэ гэвэл хаа байсан хөдөөний хүн Улаанбаатар хотод ирж эрт илрүүлгийн үзлэгт орохгүй. Аймагт байгаа эмнэлэг нь эрт илрүүлгийн үзлэг хийх сонирхолгүй. Учир нь завгүй тоног төхөөрөмжтэй. Дандаа өвчтэй хүмүүсийг үзэж байхад юун эрт илрүүлгийг явуулах мантай. Нөгөөтэйгүүр санхүүгийн хувьд ашиггүй байна. Бага мөнгө тавьчихаар тэрийг хийх сонирхолтой хувийн эмнэлэг ч үнэндээ байхгүй. Манайх мөнгө төсөвлөхдөө амсуулах төдий тавьчихаар өгөөжөө өгдөггүй. Тэгвэл бид 2022 оны төсөвт эрт илрүүлэх үзлэгт 60 тэрбумтөгрөг тавьж байна. Тарифыг нь нэмээд зогсохгүй орон нутагт суурилсан эрт ирлүүлэх үзлэг хийнэ. Ингэхдээ эмнэлэгт суурилахгүй. Тусдаа эрүүл мэндмйн төвүүдээр дамжуулна. Нэг ёсондоо өвчтэй хүнтэй ажилладаггүй төвүүдэд эрт илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг сурилуулаад тэндээ үзлэг хийнэ. Иргэнийг дуудаж үзнэ. Дээрээс нь эргэн дуудах тогтолцоотой болно. Гар утсан дээр нь “Та 40 нас хүрлээ. Өнөө жил ходоодоо дурандуулна шүү” гэж урилга ирэх нь байна. Хаана очихыг нь ч тодорхой хэлнэ. Мессэж очсоноос хойш гурван сар өнгөрөхөд та үзүүлээгүй бол дахиад гар утсанд мессэж ирнэ. Гурав дахиа шаардана. Хэрэв ийм үзлэг хийж байхад ирж үзүүлэхгүй байсаар хорт хавдар илрээд оношлогдвол хамтын төлбөрөө төлөөрэй гэнэ. Арван саяын 2.5 саяыг төлөх нь байна. Иргэн өөрөө хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Энэ мэтчилэн тогтолцоогоо сайжруулахаар ажиллаж байна. Иргэн бүрээ эрт илрүүлэх үзлэгт оруулчихдаг, өвчнийг эрт үед нь оношилчихдог тогтолцоо руу орвол эдийн засгийн хувьд өгөөжтэй. Эрт оношилсон хүнийг бага зардлаар эмчилнэ. Эрт эмчлэгдсэн хүн хурдан ажилдаа орно. Хөдөлмөрийн чадвараа алдах нь бага. Хамгийн гол нь өвчин бүрэн эдгэрэх боломжтой.

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн явцыг сонирхуулахгүй юу?

-Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн цахим шилжилтийн төсөл хэрэгжиж эхэлж байгаад бүтэн жил гацсан. Ингээд Иноваци цахим бодлогын байнгын хорооноос “Энэ төслийг цааш нь яаж үргэлжлүүлэхэд гаргалгаа ол” гэсэн үүрэг даалгавар аваад ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ямартай ч бүтэн жилийн гацаанаас гараад Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай холбоод төслийг үргэлжлүүлэх тал дээр ажил нь явсан. Ингээд 2022 оны зургадугаар сар гэхэд Монгол Улсын 3.3 сая иргэн өвчтөний гар карт нь цахимжина. E-Mon­golia цахим хуудсанд байдаг шиг тухайн иргэний вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг эмч нэг удаагийн нууц кодоор үздэг болно. Зузаан гар карт аваад явах шаардлагагүй. Эмч ажлын компьютерээсээ тухайн өвчтөн өмнө хаана ямар эмчид үзүүлж, ямар эмчилгээ хийлгэж байсан зэрэг бүгдийг харах боломжтой. Энэ том тогтолцоо руу шилжчихээр 3.3 сая иргэнээ баахан давтан шинжилгээ хийлгэдэг үргүй зардлаа болино. Өвчтөний талаарх мэдээллийг хурдан авч үзэх боломжтой болно гэсэн үг. Амь нас нь эрсэдсэн хүн ухаангүй байж байхад өвчний түүхийг нь үзэх боломжтой болно. Цахим шилжилт хийснээр эрүүл мэндийн салбарт асар том дэвшил гарна. Цахим картаар дүрс оношлогоог хүртэл үзэх боломжтой. Ийм том цахим шинэчлэл эрүүл мэндийн салбарт хийгдэж байна. Хурдлуулах гэж олон оролцогч байгууллагуудыг дуудаж, хэлэлцүүлэг хийж, гаргалгаа гаргаж, зөв голдиролд нь оруулж ажиллаж байна.

-Ковидод 2.4 их наяд төгрөг зарцууллаа. Чингис бондын санхүүжилтээс давсан хөрөнгийг цар тахалд зориулсан. Энэ хөрөнгөөр эрх мэдэлтнүүд өөрсдийн хамаарал бүхий хувийн эмнэлгүүдээ санхүүжүүллээ гэж байна?

-Чанарыг шалгах ёстой. Даатгалын ерөнхий газрын бас нэг том чиг үүрэг нь яг худлаа хэлсэн үү, жинхэнэ хүн эмчилсэн үү гэдгийг хянадаг. Тэрийг хянах тогтолцоо одоо гүйцэт бүрэн ажиллаж эхлээгүй байна. Үүнийг хиймэл оюун ухаанаар дамжуулаад хянах боломжтой. Цахим шилжилтийн давуу тал нь энэ. Жишээлбэл, эмнэлгүүдийн эмчилсэн хүний өвчний түүх, шинжилгээ зэрэг цахимд ороод ирэхээр эрүүл мэндийн даатгалаас тэр хүний өмнөөс мөнгө нэхэмжилнэ. Ингэхдээ тухайн эмчлүүлсэн иргэний нэр нь нэхэмжлэлтэй хамт ирнэ. Хиймэл оюун ухаан нэр, регистр нь таарч байна уу гээд, паспортын хэсгийг шууд шалгана шүү дээ. Дээрээс нь энэ хүн хүнд гэсэн бол цээжний рентген зураг авсан байх ёстой. Тэр хүн ковидынхоо шалтгаанаар хатгаа болсон байж хүнд өвчтөндөө хамаарна. Хатгаагүй хүнийг хүнд гэхгүй. Энэ бүх мэдээллүүд байвал зөв эмчилсэн байна, мөнгийг нь өгье гээд хиймэл оюун ухаан эхний шалгуурыг хийж байх ёстой. Тэр цахим мэдээлэл бүгд нэг дор ирэнгүүт хүн болгоныг шалгах боломжтой. Хувийн эмнэлгүүд худлаа хэлж, хулгай хийж л байгаа бол эрхийг нь хасах ёстой. Ахиж санхүүжилт авах боломж нь хаагдана.

Хөнгөлөлттэй эмэн дээр сар бүр таван тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Хурууны хээгээр уншуулаад эм олгоод эхлэнгүүт дөрвөн тэрбум болоод буурчихаж байгаа юм. Ковид гараад хурууны хээг нь уншихгүй гэсэн чинь таван тэрбум нь нэмэгдсэн. Тэгэхээр аль нэг газар хулгай хийгээд байгаа биз. Цахимд шилжиж чадаагүйн алдаа энэ. Хулгай хийдэг тогтолцооноос гарахын тулд цахим шилжилт чухал.

-Ковидын түр хуулийн хэрэгжилтэд та ямар дүгнэлттэй байна вэ. Энэ хууль хэрэг болж чадсан уу?

-Энэ хууль үүргээ биелүүлчихсэн. Одоо дахиж сунгах хэрэггүй, болно. Хямралын үеийн менежментийг хийхийн тулд зайлшгүй түр хууль хэрэгтэй байсан. Тэгж байж мөнгө төгрөг төсвөө зөв хуваарилах шаардлагатай байлаа. Долдугаар сард төсвийн тодотгол хийхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарт 730 тэрбум төгрөгийг тусгасан. Тэрнээс бусад салбаруудад юу ч нэмээгүй. Цар тахлын үед хөрөнгө санхүүг зөв чиглүүлэхэд энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Ковидын эмчилгээний зардлаас гадна Монгол Улсад дутагдалтай байсан эрчимт эмчилгээг хөгжүүлж чадсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас эрчим эмчилгээний ор, монитор, амьсгалын аппаратаар хангасан. Монгол Улс эрчимт эмчилгээний 1000 ор дэлгэх чадваргүй байсан. Нэг ор гэхэд мянган ам.долларын үнэтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд 3-5 амьсгалын аппараттай боллоо. Сумдад ч байна. Энэ том амжилт. Бид яаж эрчимт эмчилгээг хөгжүүлэх үү гэж толгой өвддөг байсан. Хуучин ямар ч санхүүжилт өгдөггүй байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.3 сая төгрөгийг эрчимт эмчилгээнд өгдөг боллоо. Тэгэхээр зөв шийдвэр салбарын хөгжилд ямар эргэлт авчирдгийг эндээс харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *