Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Өнөөдөр МАН ялж болно. Харин маргааш үндэстнээрээ ялагдана

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй. Нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Та нөхөн сонгуулийг ерөнхийд нь юу гэж дүгнэж байна. Булхай, луйвар их л гарлаа л гэх юм…

-УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулагдлаа. Сонгинохайрхан буюу 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд манай нам оролцсон. Бид эхнээсээ л байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, Д.Сумъяабазар мандат авч тус дүүргийн иргэдийг төлөөлнө гэж УИХ-д гарч ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга болно гээд иргэдээ төлөөлөх үүргээ умартаад явсан.

Үүнийг нь би эсэргүүцсэн. Ажлаа хий. Иргэдээ төлөөл. Дарга болно гэдэг чинь ёс зүйгүй асуудал гэдгийг чуулганы хуралдаанаар хэлсэн. Гэтэл МАН-ын шийдвэр гээд хувь хүн өөрөө сонголтоо хийгээд гарсан. Нэгэнт ингээд явсан тохиолдолд хариуцлагын асуудал гарч ирнэ. Сонгууль хийхтэй холбоотой зардлын асуудлыг Д.Сумъяабазар өөрөө шийд. Үгүй бол МАН шийд гэсэн байр сууриа ч хэлж л байсан. Хоёрдугаарт, нөхөн сонгуулийн ирц 40 хувьд хүрсэнгүй. Нэмэлт санал хураалт явуулах гэж байна. Энэ нь дахиад л маш их ажил, төсөв, стресс. Үүнээс гадна дараалсан энэ олон сонгуулиуд иргэдийн идэвхийг бууруулж байна. Үр дүнд нь монголчууд сонгуулиа хийдэггүй, хийж чаддаггүй. Сонгууль нь ирцгүй, дүр үзүүлсэн сонгууль болж хувирах гээд байна. Хэрвээ сонгууль үгүй бол ардчилал үгүй шүү дээ. Ардчилал байхгүй болбол Монгол Улсын хараат бус тусгаар тогтносон байдал байхгүй болно. Тиймээс эрх баригчид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хариуцлагаа өөрсдөдөө ногдуулдаг болох хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү ажиллах хэрэгтэй. Нэг намаас хараат байдалтай, сонгуулийн ирцийг унагаж байж ялна гэдэг ийм тооцоогоор явж болохгүй. Өнөөдөр ялж болно. Харин маргааш бид үндэстнээрээ ялагдана. Тиймээс холыг хараач ээ.

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр АН-ынхан их л зүйл ярьж байна. ХҮН бол МАН-ын халаасны нам, МАН-ын нэг төлөвлөгөө ч гэж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Улс төрийн хүчнийг иргэд дэмжиж саналаа өгч, дүнгээ тавьдаг. Түүнээс “Би том. Би мундаг” гэж ярьснаараа мундаг, сайхан болохгүй. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар манай намаас нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувийн санал авсан. Харин АН-ын нэр дэвшигч зургаан хувийн санал авсан байдаг. Энэ бол Монгол Улсыг хамарсан том сонгууль шүү дээ. Гэтэл үр дүнд нь АН ХҮН-аас нэлээн бага санал авч, доогуур жагссан. Гэхдээ бид чимээгүй л байсан. Биднийг маш их шүүмжилж байсан. “Та нар АН-ын саналыг хуваагаад байна” гэж байсан. Үүнээс гадна “Тогмидын Доржханд бол Халтмаагийн Баттулгыг дэвшүүлээгүй. Тиймээс МАН-тай хуйвалдсан байж таараа. Энэ бол МАН-ын охин нам” гэдэг мэдээллийг төлбөртэйгөөр их цацсан. Одоо ч цацаж л байна. Бид жингийн цуваа явж л байдаг. Жингэр нохой хуцаж л байдаг гэдэг шиг урагшаагаа хараад ажиллаад явсан. Энэ удаагийн нөхөн сонгууль их онцлог. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Дээрээс нь олон аймгаас ирсэн иргэд суурьшсан байдаг. Энэ сонгуульд бид адилхан л оролцлоо. Дүн нь гарлаа. ХҮН хоёрдугаарт, АН гуравдугаарт орчихлоо. Хоёр хуваагдаад байгаа АН нэгдэж, нийлж байгаад хамгийн сайн нэр дэвшигч буюу Үүл баатрыгаа дэвшүүллээ. Намаараа нийлж ажиллалаа. Тэгсэн ч гэсэн гуравт орчихлоо. Энэ буруугаа битгий бидэнд бухаач ээ. Асуудлаа та бүхэн өөрсдөөсөө шийдээч ээ. ХҮН-ын залуус өнөөдөр улс төрийн түвшинд хоёр дахь сөрөг хүчин болсон байна гэдгийг ард түмэн яалт ч үгүй баталлаа. Сонгуулийн саналын дүнг харсан хэн ч ийн дүгнэж байгаа байлгүй. Иргэд АН-д итгэл алдарсан байна. Тиймээс ялалт байгуулахгүй, унаж байна. ХҮН гарч ирснээрээ АН-ын саналыг хуваагаад байгаа юм биш. Шулуухан хэлэхэд, АН ХҮН-ын саналыг хуваагч болчихоод байна.

-Үндсэндээ 2016 оноос хойш манай улс нэг намын тогтолцоонд шилжчихлээ. Учир шалтгааныг нь та юу гэж дүгнэж байна?

-Би эдийн засагч хүн. 2012-2016 онд АН засаглаж байхдаа явуулсан эдийн засгийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийг туйлдуулсан. Монголын бизнес эрхлэгчид, гадна дотны хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь үргээсэн. Эдийн засаг өрөнд орсон. Дампуурлаа зарлахад тулсан. АН-ын нөхдүүд засаглаж чадахгүй юм байна. Бодлого нь буруу байна гэдэгт Монголын ард түмэн дүн тавьсан байх гэж бодож байна. Хоёрдугаарт, чадахгүй байсан учраас ХҮН тэр үед үүссэн.

МАН-ыг өнөөдөр сайн засаглаж байна гэж хэн ч хэлэхгүй. Маш их алдаатай шийдвэр гаргаж байна. АН ч мөн л адил тухайн үед алдаатай олон шийдвэр гаргасан. Тэгэхээр АН муу ажиллахаар нөгөө талд нь МАН байгаа юм. Ингээд МАН-д саналаа өгдөг. Үнэн хэрэгтээ МАН сайндаа биш, сонголтгүй болохоор хоёр муугийн аль гайгүй нь энэ болов уу гэж харснаа сонгоно шүү дээ. Тэгэхээр бид гурав дахь сонголтыг бий болгоё гэж гарч ирсэн. АН, МАН сайн засаглаж байсан бол ХҮН үүсэхгүй байсан байх. Одоо бодит байдал дээр иргэдийн итгэл үнэмшил АН-д алдарчихлаа. МАН-д ч алдарчихлаа. Учир нь МАН саяны сонгуульд намын аппаратаар төрийн байгууллагатайгаа, УИХ-ын гишүүд нь бараг бүгдээрээ очиж ажиллалаа шүү дээ. Засгийн газрын нэг сайд нь ч байгаа харагдсан. МАН-ынхан их сандарлаа. Манай нэр дэвшигчийн рейтинг их өндөр байсан. Хамгийн өндөр байсан хэсгийн сонгуулийн идэвх муу байна. Хэдийгээр дэмжиж байгаа ч гэсэн манай нэр дэвшигчид ХҮН-ын дэмжигчид үнэнийг хэлэхэд саналаа өгсөнгүй гэж харж байгаа.

-Энэ сарын 16-нд буюу бямба гаригт зохион байгуулагдах нэмэлт сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна. Бараг л сонгуулийн дүн гарчихлаа, тийм үү?

-Маш тодорхой шүү дээ. Одоо хуулиар ирцийн босго гэж байхгүй. Нэмж хэдэн ч сонгогч санал өгсөн ч, өгөөгүй ч тэр ирцээрээ шийдвэр гарна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 60 хувь нь саналаа өгсөнгүй. 40 хувийнх нь талыг нь эрх барьж байгаа нам авлаа шүү дээ. Тэгэхээр нийт сонгогчдын 20 хувийг л төлөөлөх асуудал. Намуудын зүгээс үлдсэн 60 хувиа идэвхжүүлэх ажил хийх байх. Гэсэн ч иргэд эрх барьж байгаа намын шийдвэр, гаргаж байгаа бодлогын алдаануудад хариу барьж, сонгуулиа өгөхгүй болчихоод байна шүү дээ. ХҮН-ыг дэмжигчид мөн л адил сонгуулиа өгөхгүй байна. Энэ бол биднийг дэмжээгүйдээ биш. Сонгуулиас залхсандаа байгаа юм. Хоёрдугаарт, хичнээн сонгосон ч 62-ыг 63 болгоод ямар ч өөрчлөлт гарахгүй юм чинь дээ гээд иргэд сонгуулиа өгөхгүй байна. Энэ бол хамгийн буруу зүйл. Ирээдүйд өөрчлөлт гаргахгүй юм бол өгөөд яах юм бэ гэсэн хандлага цаашид үргэлжилбэл Монголд сонгууль, ардчилал байхгүй болно. Гэтэл өнөөдөр ялж л байвал хамаагүй гээд ардчиллынхаа дээгүүр дэвсээд байгаа эрх баригчид магадгүй 10 жилийн дараа нийтээрээ харамсах тохиолдол үүсэх вий гэдгээ өнөөдөр бодооч гээд байгаа юм. Тиймээс өчигдөр манай намаас бүх намуудад тодорхой саналуудыг тавьж уриалсан. Бидний хувьд үндсэн гурван зүйлийг яаралтай өөрчилж, алдаагаа засъя гэсэн уриалга гаргасан.

Нэгдүгээрт, өнөөдөр сонгууль мажоритар системээр явдаг. Өөрөөр хэлбэл, тойрог торддог систем. Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр тойрог яаж тордож байгаа, халамжид ямар айхавтар хамааралтай болсныг нийтээрээ харлаа. Тиймээс тойргийн системийг болиоч ээ. Сонгуулийн пропорцианаль системийг нэвтрүүлээч гэж байгаа юм. 100 хувь оруулж ирэхгүй юм гэхэд эхний ээлжинд 50 хувь оруулж ирээд нийт мандатын тооны 50 хувийг пропорцианаль системээр сонгодог болохгүй бол Сонгинохайрхан дүүрэгт нийт 100 хүн байлаа гэж жишээлбэл, 40 нь сонгуульдаа оролцож 20 хүний саналаар шийднэ гэсэн үг. Хэрвээ 20 сонгогчийн саналаар шийдвэл цаана нь 80 хүний санал гээгдээд байна. Ингэхээр төлөөлж чадахгүй шүү дээ. Тиймээс энэ гажгийг засах хэрэгтэй.

-Үндсэн хуульдаа мажоритар системээр явахаар тогтчихсон шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуульд дахиж өөрчлөлт оруул гэж байгаа юм уу?

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж холимог системээр явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хууль энэ намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Үүнийг яаралтай хэлэлцье. Намын хатуу гишүүнчлэлийг больё. Намуудыг ижил гараанаас эхлүүлье гэж байгаа юм. 100 жил төрийн хүчээр явчихсан намтай зургаан жил ажиллаж байгаа ХҮН яаж ч үзээд дийлэхгүй байна шүү дээ. Тиймээс үүнийг ижил болгоё гэж байгаа. Гуравдугаарт, бодит байдал дээр өнөөдөр Монголын сонгуулийг хэн шийдэж байна гэхээр баг, хороо, дүүрэгт ажиллаж байгаа хорооны ажилтнууд, тэнд байгаа хэсгийн ахлагч нар. Үүнээс гадна мөнгөний сүлжээ үүсгэчихсэн. Сошилаар яваад байгаа сонгогчдын нэр ус, регистрийн дугаарыг та бүхэн харсан байх. Мөнгөний сүлжээчдийн доор Монголын ардчилал, улс төрийн намууд, нөгөө муу АН ч “дийлэхгүй юм байна” гээд өвдөг сөхөрч, толгой сэгсрээд байж байна шүү дээ. Нэг нам гэхээсээ илүү орон нутаг, дүүрэг, багт ажиллаж байгаа мөнгөний сүлжээчид, намчид өнөөдөр Монгол Улсын хувь заяаг базаж байна. Ардчиллын амийг нь тавиулж байна. Тиймээс энэ хэсгийг улс төрөөс хамааралгүй болгоё. Баянзүрх дүүрэг 40 хороотой. Үүнийгээ 60 болгох гээд байна. Тэгэхээр хорооны Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар гээд төсвөөс цалинждаг бүхэл бүтэн намын арми үүсчихээд байна. Сонгуульд зориулагдсан бүтцийг өөрсдөө энэ армиараа дамжуулж санхүүжүүлээд байна. Энэ байдлаараа явах юм бол одоо бүгдээрээ больё, ганцхан намтай болчихъё. Бүх улс төрийн намуудыг татан буулгая, сонгуульгүй больё. Ингэж зардал гаргаж цаашид хуурамч сонгууль хийгээд яах юм бэ. Тиймээс бид ийм бүтцийг цөөлье гэж өчигдөр мэдэгдэл хийсэн. Товчхондоо, улс төрөөс хамааралгүй болгоё, иргэд өөрсдөө сонголтоо хийдэг, ямар нэгэн нам гишүүнчлэл нэрээр оролцдоггүй байя гэж байгаа юм. Ийм үндсэн гурван уриалгыг гаргасан улс төрийн намуудаа дэмжээч ээ, хамтарч ажиллая гэсэн. Эрх баригч нам та нар ийм байдлаар явбал Монголынхоо ардчиллыг, Монгол Улсын тусгаар тогтнолыг өөрсдийн гараар нугаслах юм байна. Өнөөдөр л ялж байвал хамаагүй гэдэг байдлаар хандвал ирээдүй та бүгд рүү “их буугаар буудах” юм байна. Үр дүнд нь 3.3 сая монголчууд хохирох нь тодорхой. Үүнийг эргэж хараач ээ гэж байгаа юм.

-Улс төрийн хоёр багана, тэр бүү хэл УИХ-д бүлэгтэй АН маань юун сөрөг хүчин манатай байна шүү дээ. Гэтэл одоогийн парламентад хүчтэй сөрөг хүчин их л үгүйлэгдэж байна.

-МАН, АН, ХҮН УИХ-д суудалтай намууд. Эрх барьж байгаа намаас бусад нь сөрөг хүчин. Гэтэл манай сөрөг хүчин эрх барьж байгаа МАН-тай улс төр хийхээсээ илүү хажууд байгаа ХҮН-тайгаа цэнхэр талбараа булаацалдаад байгаа нь харамсалтай байна. Гол ажил акцаа эрх барьж байгаа намтайгаа хийгээч ээ. Хоёрдугаарт, гаргаж байгаа аливаа шийдвэр нь тооцоололтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, логиктой, иргэд хүлээж авахаар улс төрийн тэмцэл өрнүүлээч ээ. Тэгвэл ХҮН-ын төлөөллийн хувьд бид ч түүнд хамтарч эсэргүүцлээ илэрхийлж болно шүү дээ. Зөв зүйлийн төлөө бид хамтарна. Буруу зүйлд хатуу л байх болно. АН-ын хувьд тухайн үеийн цаг хугацаанд таарсан хөнгөхөн акц биш, чухал асуудалд жинтэйхэн, дорвитойхон хөдөлдөг, нэгдмэл байгаач ээ.

Ялангуяа АН-ын УИХ-ын гишүүд нь хоорондоо нэгдээч ээ. Хоёр, гурав хуваагдчихаар энэ бүлэг чинь ажиллахгүй байна шүү дээ. Эрх баригчдад, олонход шаардлага тавих эрх нь бүлэгт байдаг. Наймаас дээш гишүүнтэй байж бүлэг болно. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд завсарлага авна. Байр сууриа илэрхийлнэ, гацаана, зогсооно. Энэ бүх боломж нь байгаа. Үүнийгээ ашигламаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *