Categories
мэдээ нийгэм

​2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийг импортоор авчээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр “Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл болон Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.

Манай улсад 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 4,233 эм бүртгэлтэй байна. Эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэр, 80 хувийг импортоор авч бүрдүүлж байгаа юм.

2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эмийн импорт байжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7,500 гаруй иргэнээс авахад

  • 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй,
  • 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол
  • 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэсэн хариулт өгчээ.

Эмийн үнийн бодлого нь хэрэглэгчдэд болон эрүүл мэндийн тогтолцоонд чанарын баталгаатай эмийн бүтээгдэхүүнийг хямд, тэгш хүртээмжтэй байлгахад, мөн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх ёстой.

Бразил, Египет, Саудын Араб, Тайланд, Турк зэрэг оронд зах зээлд өрсөлдөгчгүй бүтээгдэхүүнд олон улсын жишиг үнийг тогтоодог бол олон эх үүсвэртэй эмэнд дотоодын жишиг үнийг хэрэглэдэг. Мөн дэлхийн олон оронд эмийн хангамж, түгээлтийн системийн үнийн ил тод байдлыг хангаж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаардаг байна.

1990 оноос хойш олон улсад үнийг өрсөлдөөнийг нэмэгдүүлж, чанарын баталгаатай ерөнхий нэршлийн болон био төст эмийн хэрэглээг дэмжих бодлого баримталж байна. Ингэснээр эмийн үнэд шууд нөлөөлөхгүйгээр урт хугацаандаа эрүүл мэндийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангаж эхэлж байгааг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, мэргэжлийн байгууллага, холбоодын саналыг тусгах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дараагийн хэлэлцүүлгийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр хийнэ гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хэллээ.

Хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/594 холбоосоор үзэж болох бөгөөд төсөлд тусгах саналаа цахимаар болон бичгээр Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлэх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *