Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ОХУ-тай худалдаа эдийн засгийн хоригтой явж ирэв

Монгол, Орос хоёр дипломат харилцаа тогтоогоод зуун жил болж байна. Зуун жил гэдэг урт хугацаа. Гэвч монголчуудад оросууд дээрэнгүй хандаж ирлээ. Бид ер нь оросуудад муу юм хийж явсан удаагүй. Түүхэндээ ч тийм зүйл үгүй. Тиймээс оросууд биднийг үзэн ядах шалтгаан байхгүй. Тэгсэн атлаа манай эдийн засагт хориг тавьсаар ирлээ. Эсрэгээрээ бид гомдол яривал их юм бий.

“Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдвээр хоёр талын төр, хувийн хэвшлийн уулзалт боллоо. Манай Ерөнхий сайд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг уулзалтын үеэр хэлж, “1992 онд манай экспортын бүтцэд ОХУ58.5 хувийг эзэлж байсан бол 2019 онд 0.9 хувьд хүрсэн байна. Харин урд хөршийнх энэ хугацаанд 71.1 хувиар өссөн гэв. ОХУ-ын элчин сайд “Монгол Улс ОХУ-аас жилд нэг тэрбум долларын бүтээгдэхүүн импортолдог. Гэвч гарч буй экспорт маш бага буйг анхаарах хэрэгтэй” гэв. Даажинтай юм. Бидний байгаа ч царай энэ. Тэдний хандаж байгаа байдал ийм. Гаалийн татвараа жаахан буулгачих гэхээр Орос, Казахстан, Беларусь зэргийг нэгтгэсэн Евразийн холбоонд нэгдчихвэл асуудалгүй гэх маягийн юм ярина. Цаашлаад өөрсдийн хүссэн эвсэл холбоодод орохыг шахсаар ирлээ. Монгол Улс хүн ам цөөн, хоёр том гүрний дунд, далайд гарцгүйг далимдуулан байсхийгээд л шахаанд оруулах гэж оролддог. Монгол Улс элдэв эвсэлд орохгүй байх бодлого барьж ирсэн. Энэ нь ч зөв. Улсаа бодоод элдэв эвсэлд нь орохгүй бол эдийн засгаар нь хориг тавиад сууна.

Монгол Орос хоорондоо визгүй зорчдог болсон. Монголчууд бөөн баяр болж байсан нь саяхан. Гэтэл татварын бодлогоор дарамталж худалдааны хоригоо тавьсаар. Хил гааль дээр монголчуудад яаж хандаж байна. Оросын хил гаалийн ажилтнууд төрөөсөө үүрэг авсан аятай монголчуудад дээрэлхүү, ээлгүй ханддаг. Бараа таваарыг нь зоргоороо нааш цааш шидэлж, хашгичиж байгаа дүр төрхийг зөндөө л харсан биз. Манайд ирсэн ОХУ-ын албаны хүмүүс, элчин сайд нар байсхийгээд л тохуурхсан үг хэлдэг.

Манай дотоод хэргийг шүүн хэлэлцээд байгаа юм уу, зааж зааварлаад байна уу. Хэзээ байтлаа дипломат ёсонд тийм байлаа. Хичнээн дургүй хүрч чулуу шиг хатуу үг хэлэх байсан ч “хөвөнд ороож” байгаад шиддэг биз дээ.

Монгол иргэд энэ дээрэнгүй хандлагыг мэддэг, ойлгодог болсон. “Тусгаар улсын иргэн байж ингэж бөөрөлхүүлэх гэж дээ хэмээн халаглах, унтууцах нь их болж. Ах дүү гэдэг хуучирсан ойлголтыг үзэн яддаг, эсэргүүцдэг залуус бий болж. Социалист нийгмийн үед Оросыг шүтэх бодлогоор тархиа угаалгасан хүмүүс, тэнд боловсрол эзэмшсэн голдуу хүмүүс орос ах гэх мэт нялуун үг хэлж байгаа харагддаг. Гэвч Орост сурах хүмүүсийн тоо ч одоо буурсан. Голцуу цагдаа цэргийнхэн л суралцаж байгаа харагдах юм. Төгсөж ирээд яг тэдний школоор ардчилсан Монголын иргэнд хандах гээд байдаг. Хойд хөрш магадгүй үүнийг бодлогоор таслахгүй явуулдаг биз.

Оростой худалдааны баланс арай л дэндүү байгаа. Оросоос манайх руу орж ирж буй бүтээгдэхүүн, Монголоос ОХУ руу гаргаж буй бүтээгдэхүүний харьцаа тэнгэр, газар шиг. Монголчуудыг бусад улс оронтой харилцахад их, бага хэмжээгээр байнга саад хийж ирлээ.

Төмөр зам, усан цахилгаан станц гэсэн томоохон төслүүдийг хөдөлгүүлэхгүй тал дээр байдгаараа хичээнэ. Эрчим хүчийг хараат байлгахыг зорино. Шатахуунаар шантаажилна. Хийн хоолойг тойруулна. Ганц усан цахилгаан станц барих гэхээр хүн итгэмгүй тайлбар хэлээд хөндлөн суучихдаг. Манайд зориуд ингэж эдийн засгийн хориг тавиад стратеги нь Монголыг Хятад ойртуулах, тэдэнд хамаатуулж, тавьж өгөх бодлого барьдаг юм шиг. Манай эдийн засаг Хятадаас бараг л 90 хувь хамааралтай болоод байна. Аль эртний Куликовын тулаанд татварыг хэн хурааж авах вэ гэдэг зодоон болсон маргаан болохоос монголчууд нэг их буруутай биш шүү дээ. Дэлхийн үнэнийг ярьдаг түүхчид энэ түүхийн бодит байдлыг өөрөөр хэлэх болсон. Харин ч энэ тулааны үр дүн Орост ашигтай болсон гэх юм билээ. Одоо бид та бүхэнтэй ах, дүү гэж нялганамааргүй байна. Нэгэн ертөнцөд зэрэгцэн оршиж байгаа, тусгаар улсуудын хувьд харилцан ашигтай байцгаая.

М.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *