Categories
гадаад мэдээ

ХБНГУ-ын Канцлерын ОХУ-д хийсэн айлчлал

Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд хэлэлцээ хийжээ. Гурван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн үед Москва, Берлиний хооронд хийсэн яриа хэлэлцээ илэн далангүй, утга учиртай, буулт хийхэд чиглэсэн байсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хоёр удирдагчийн хувьд энэхүү уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойших анхны бөгөөд мөн бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй Германы Засгийн газрын тэргүүнийг үдэх уулзалт болов. Меркель есдүгээр сард болох сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдсэн учир 2005 оноос хойш хашиж буй албан тушаалаа удахгүй орхих юм.

ОХУ-ын ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр Афганистаны засгийн эрх хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнд шилжсэн талаар анх удаа тайлбар хийж, 2024 оноос хойш Украинаар дамжуулан Европ руу хий нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон байна.

“Канцлер Меркель Европ, дэлхийн хамгийн нэр хүндтэй удирдагчдын тоонд зүй ёсоор багтдаг”. “Хатагтай Меркельтэй Орост уулзахдаа бид үргэлж баяртай байх болно” гэж Оросын удирдагч онцлон тэмдэглэжээ.

Афганистаны тухайд

•“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэлийг оруулаад тус улсын бараг бүх нутаг дэвсгэрийг

хянаж байна. Энэ бодит байдал бөгөөд үүнээс үүдэн бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж Путин мэдэгдсэн байна. Одоо террористуудыг дүрвэгсдийн нэрийн дор хөрш зэргэлдээ улс орнуудад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд “олон нийтийн дэг журам тогтоох талибуудын үйл явцыг” НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохицуулах үүрэг оролцоотойгоор сайтар хянаж байх ёстой” гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна.

•”Афганистанд явуулсан НАТО -гийн ажиллагааны хувьд үүнийг мэдээж амжилттай гэж нэрлэж болохгүй. Гэвч энэ газрыг дэвсэлж ярих нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй” гэж Оросын удирдагч онцлов.

•Меркелийн хэлснээр, Берлиний хувьд НАТО-гийн ажиллагаанд 20 жилийн турш Германтай хамтран ажилласан хүмүүст тусламж үзүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. “Бидэнд, Бундесверт (Германы Зэвсэгт хүчин), цагдаа нарт, тусалсан хүмүүс Афганистанаас гарах боломжтой байх ёстой” гэж Германы Канцлер хэлсэн байна. Тэрбээр “Талибан”-тай хэлэлцээ хийх үеэрээ НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хөндөхийг Оросын талаас хүсчээ.

Украины талаар

•Путин “Өмнө нь хүлээсэн бүх үүргээ биелүүлэх тал дээр Украины талд нөлөөлөхийг Меркелээс хүсэв”. Учир нь Германы Канцлер Киевт айлчилж байгаа юм.

•Түүний хэлснээр, Украины удирдлага “Нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхээс зарчмын хувьд татгалзаж”, Минскийн хэлэлцээрийг ерөнхийдөө биелүүлэхгүй байгаа сэтгэгдлийг Москвад өгчээ.

•Киев Донбасс дахь шилжилтийн үеийн тухай хуулийг баталснаар “Украин Минскийн үйл явцаас дангаар гарч буйг харуулж байна гэсэн үг юм” гэж Оросын удирдагч онцлон тэмдэглэв.

•Меркель “Нормандын формат” нь зорилгодоо хүрч чадаагүй боловч энэ нь маргаантай асуудлуудыг хэлэлцэх цорын ганц улс төрийн хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хий нийлүүлэх тухайд

•Путиний хэлснээр “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг тавих ажил бараг дууссан бөгөөд “далайгаар тавих 15 км л үлджээ”. Энэ нь Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаас 2000 км-ээр богино бөгөөд Европ руу хий дамжуулах явцыг тав дахин бууруулах боломжийг олгох аж.

•”Бид 2024 оноос хойш Украинаар дамжуулан хий нийлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ бид ямар хугацаагаар, ямар хэмжээгээр нийлүүлэхээ мэдэх хэрэгтэй, харин үүнийг мэдэхийн тулд биднээс хэр ихийг худалдаж авахад бэлэн байгаа талаар Европын түншүүдээсээ бид хариулт авах ёстой” гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Үүнээс гадна дамжин өнгөрөх гэрээ нь Украины хий тээвэрлэх системийн төлөв байдлаас хамаарах аж.

•Герман улс 2024 оноос хойш Украинаар дамжуулан хий нийлүүлэхийг хэвээр байлгахыг дэмжиж байгаа гэж Меркель онцолжээ.

Навальныйгийн тухайд

•Навальный “улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө бус, харин хууль зөрчин гэмт хэрэг үйлдсэн хэргээр” шийтгүүлсэн болохыг Путин дурдсан байна.

•”Авлигатай тэмцэх нь маш чухал зүйл боловч үүнийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглах ёсгүй. Үүнээс гадна, хуулийг өөгүй дагаж мөрддөг хүмүүс авлигатай тэмцэх ёстой” гэж ОХУ-ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

•Навальныйд оноосон шийтгэлийг Меркель “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж нэрлээд түүнийг суллах ёстой гэж дахин мэдэгдсэн байна.


Орчуулсан

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *